Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна

0

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 125 мянга гаруй иргэн үйлчлүүлсэн байна. Үүнээс 7869 нь буюу 6.3 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар амбулаториор үйлчлүүлжээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна. Энэ талаар НЭМГ-ын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.

Тэрбээр “Хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй буюу томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн хүүхдүүд ойр байгаа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч гэрийн эмчилгээ бичүүлэх боломжтой. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна. Тодруулбал, ажлын өдрүүдэд 08:30-20:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд ажиллаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор амралтын өдрүүдэд Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн хэсгээр нийт 2107 хүүхэд үзүүлсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 230 тохиолдлоор буурсан” гэв.

Түүнчлэн ХӨСҮТ-ийн 45 дугаар долоо хоногийн мэдээллээр томуу, томуу төст өвчний тархалтын түвшин нийслэлийн хэмжээнд идэвхжилийн түвшинд байгааг тогтоосон. Өөрөөр хэлбэл алаг цоог дэгдэлтийн түвшинд хүрээгүй. Хэвийн үед нийслэлийн хэмжээнд хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжтой 759 ор байдаг бөгөөд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 1100 орыг дэлгэх зохицуулалтыг Эрүүл мэндийн яам болон НЭМГ-аас хийгээд буй. Өнөөдрийн байдлаар орны ачаалал 145 хувьтай буюу ачаалал хэтэрсэн. Цаашид ХӨСҮТ-ээс томуу, томуу төст өвчний тархалтын түвшин алаг цоог дэгдэлтийн үе рүү шилжсэн тохиолдолд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 149 өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагаар ажиллуулахаас гадна хэвтэн эмчлүүлэх орны тоог үе шаттай нэмэхээр төлөвлөж байгаа юм.

Мөн энэ жил томуугийн дархлаажуулалтыг өнгөрсөн жилтэй харьцуулахад нэг сар гаруйн өмнө эхлүүлсэн. Энэ хэрээр эмнэлэгт хандаж, хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо буурна гэсэн хүлээлт байна. Өнөөдрийн байдлаар томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 90 хувьтай байна.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *