Х.Нямбаатар “Тавантолгой түлш” утааг бууруулж чадалгүй бүтэлгүйтсэнийг хүлээн зөвшөөрлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхий Сайдаар ажиллаж байхдаа хийсэн хамгийн том гавьяа буюу “Тавантолгой түлш” ХХК-ий үйл ажиллагааг анх шүүмжилсэн төрийн өндөр албан тушаалтан бол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав байсан юм. Тодруулбал тэрээр энэ оны 8-р сард болсон Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр “Тавантолгой түлш ХХК-ийг ЭТТ ХК-иас 1.1 их наяд төгрөгийн татаас өгч санхүүжүүлсэн асуудал нь гэмт хэргийн шинжтэй тул прокурорын байгууллагад шилжүүлсэн” хэмээсэн ба үүнийг нь сонссон УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн ихэд сандарч, “Чи зөв хариулж байна уу. Ерөнхийлөгчөө буруу юм хийсэн гэж яриад суух юм” гэж байлаа.
Тэгвэл энэ сэдвийг зоригтой хөндөх болсон дараагийн дарга нь Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болж байна.
Тэрээр НИТХ-ын ээлжит бус I хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэх үеэр: “Бид шахмал түлшний үйлдвэрлэлийн хэмжээг жилээс жилд багасгах бодлого барьж байгаа. Ойрын 4-5 жилийн хугацаанд эко түлш үйлдвэрлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулаад явж байгаа. Жил бүр 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдал үйлдвэрлэдэг төрийн өмчит компани байж болохгүй. Дээр нь утаа нь буурдаггүй, иргэд угаартлаа гэдэг харамсалтай хэрэг гардаг байж таарахгүй. Тиймээс үндсэн үйлдвэрлэлийг нь өөрчлөх төслийн нэгж байгуулсан. Энэ ажлын эхний үе шат болгож, 15-20 орчим мянган айл өрхийн дэд бүтцийн угсралтын ажлыг ирэх оны 12-р сарын эхээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.” хэмээсэн юм.
Өөрөөр хэлбэл МАН-ын дарга асны санаачилсан “Тавантолгой түлш” компани, шахмал түлш гэгч Улаанбаатарын утааг бууруулж чадаагүй гэсэн үнэнийг айлгүй хэлж чадаж буй МАН-ын цорын ганц дарга Х.Нямбаатар л болж байх шиг байна.