Үндсэн хуульт түүхийн зуун
Британника нэвтэрхий тольд Үндсэн хуулийг товчхоноор “нийгмийн ба төрийн байгууламж, төр, засгийн төлөвлөх байгууллагуудыг байгуулах, сонгуулийн системийн журам, зарчим, иргэдийн эрх, үүрэг, төр, засгийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг тогтоож өгдөг төрийн гол хууль” гэж тайлбарласан байна. Иргэний үндсэн эрхийн бүхий л асуудлыг баталгаажуулсан хэм хэмжээнүүдийн оргил, ардчилсан эрх зүйт төрийн суурь зарчмуудын бүрдэл, бүх хуулийн үндэс бөгөөд дээд хүчин чадалтай баримт бичиг гэх зэрэг албан ёсны тодорхойлолтууд цөөн бус. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Чимид агсан ардчилсан Үндсэн хуулийн 20 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлдээ, “Үндсэн хууль бол агуулга, ач холбогдлын хувьд Монголын ард түмний оюун ухаанаар хуульчлан буулгасан шинэ цагийн Монгол Улс мөн” хэмээх алдарт зүйрлэлээ хэлжээ.
Иргэн хүний эрх, үүргээс эхлээд төр, нийгмийн байгууллыг хүртэл бүхэлд нь зурж баталгаажуулдаг учир Үндсэн хууль улс орны тусгаар тогтнол, бие даасан байдлыг илтгэж чаддаг ажээ. Тийм ч учраас дэлхийн бүхий л улс өөрийн гэсэн Үндсэн хуулийг баталж, тусгаар оршихуйн үндэс сууриа бататгадаг байна.
Монгол Улсын Үндсэн хуульт түүхийн замнал эдүгээ нэгэн зууныг өртөөлж байна. Тэртээ 100 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуулиар Бүгд Найрамдах засгийг тунхагласнаас хойш Монгол Улс Үндсэн хуулиа гурвантаа шинээр баталсан. Нарийвчлан ажиглавал Монгол Улсын Үндсэн хуулиудыг боловсруулан баталж, албажуулан мөрдүүлсэн үйл явдал улс орны хөгжил, түүхийн зангилаа үеүдтэй давхцаж, тэрхүү цаг, нөхцөлийн гарцаагүй шаардлагыг илэрхийлж байдаг. Энэ учир холбогдлоор авч үзвэл Монголын Үндсэн хуулиуд түүхэн хөгжлийн үе шат, төрт ёсны замналыг бодитой илтгэн өгүүлэх баталгаатай уг сурвалж болно.
Тусгаар тогтнолын Үндсэн хууль
Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдаж байх 1924 он бол Ардын хувьсгал ялсны шинэ тутам цаг. Ардын Засгийн газар улс орныхоо гадаад, дотоод байдлыг тохинуулах, тусгаар тогтнолоо бэхжүүлэх бодлого, үйл хэргийг хувьсгалаас хойш эрчимтэй явуулж байлаа. Үүний дотор төрийн байгууллыг тодорхойлон тогтоох, засаглалын хэлбэр, нийгмийн харилцааг шинэчлэн засварлахад ихээхэн анхаарсан нь түүхэн баримтуудаас тодорхой харагддаг. Энэ цаг үеийн нөхцөл байдлыг Үндсэн хууль баталсан “Улсын анхдугаар хурлын бичиг”-т “…гадаадын харгис дайснуудыг хязгаараас үлдэн гаргаад, газар орноо тохируулан ардын эрхтэй хэмжээт цаазат улсын засгийг явуулж, дотоодын эзэрхэг харгисын байдлыг дараа дараагаар устган, олон түмэн ардад эрх чөлөө олгох зэргээр чармайн зүтгэсээр…” хэмээн тов тодорхой тоочин өгүүлжээ.
Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Монгол Улс 200 гаруй жил ноёрхсон Манжийн эрхшээлээс салсан боловч Хаант Орос Улс, Чин гүрний суурин дээр байгуулагдсан Дундад Иргэн Улс хооронд тохиролцсон “Бээжингийн тунхаг”-аар эргээд Хятадын мэдэлд шилжсэн юм. Энэхүү тунхагийн нөхцөлийг Монголд тулган хүлээлгэсэн Хиагтын гэрээний дагуу Дундад Иргэн Улсын төлөөлөгч Хүрээнд суух болов. Улмаар Оросод гарсан иргэний дайнаар шалтаглан 1919 онд Монгол Улсад цэрэг оруулж ирсэн юм. Арай чамай олсон автономит эрхийг монголчуудаар “өөрсдөөр нь устгуулж”, амьд бурхан гэгддэг Богд Жавзундамба хутагтыг Дундад Иргэн Улсын Да жунтаны хөрөгт мөргүүлсэн балмад харгислалыг эсэргүүцсэн ардын тэмцэл 1921 онд ялалт байгуулав. Ардын Засгийн газар улс орноо засан тохинуулж байх энэ үед Хаант Оросын суурин дээр цоо шинээр байгуулагдсан Зөвлөл Орос Улс өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх оролдлогуудаа хэрэгжүүлж байлаа. Дундад Иргэн Улсаар дэмжүүлэхийн тулд Монголыг Хятадын нэг хэсэг мөн гэсэн гэрээг 1924 онд Бээжинд үзэглэсэн юм.
“Байлдан олсон” тусгаар тогтнолоо илэрхийлэх, баталгаажуулах гарцаагүй ийм нөхцөл шаардлагаар Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталсан билээ. Тухайн үед Монголын улс төрчдийн дотор улс орны засаглал, төрийн байгууллын талаарх үзэл хандлагын зөрчилдөөн хүчтэй өрнөж, хэмжээт эрхт Хаант засаглал, парламентын Бүгд Найрамдах Улс, нийгэм журмын баримжаатай Бүгд Найрамдах Улс байгуулах тухай гурван өөр байр суурийг тойрсон талцал хуваагдал үүссэнийг түүхчид өгүүлдэг. Энэхүү мэтгэлцээн хэлэлцүүлгийн эцэст “Бүгд Найрамдах Ардын Засгийг явуулахаар” тогтсоныг анхдугаар Үндсэн хуулийн удиртгалд тов тодорхой дурдсан байна. Тодруулбал, 1921-1924 онд хэрэгжиж байсан хэмжээт эрх бүхий Богд хаант засаглалын тогтолцоог халж, анхдугаар Үндсэн хуулиар Бүгд Найрамдах Улсыг тунхаглахдаа “жинхэнэ ард улсын засгийг” явуулахаар тогтжээ.
Бүгд найрамдах засаглалыг сонгосонд Богд хаан жанч халсан нь нөлөөлөх хүчин зүйл болсон гэдгийг анхдугаар Үндсэн хуулийн эхлэлд бичиж үлдээсэн байна. Мөн “хэмжээт цаазат улсын хаан эзэн нь ямагт ардын эрхийг мөлж хорогдуулан хэмжээт цаазыг эвдэж, эзэрхэг цаазыг дахин явуулахыг хичээх” тул дэлхийн олон улс энэхүү засаглалаас татгалзаж буйг Үндсэн хуулийн тайлбар бичигт өгүүлжээ. Түүнчлэн “Бүгд найрамдах улсын жунтан хэмээх их ерөнхийлөгч нь басхүү ямагт эзэрхэг харгис буюу баялаг хөрөнгөтний этгээдийг хамгаалах” тул сонгоогүй бөгөөд мөнхүү “Орос улсын олон түмэн ардууд нь нэгдэн эзэрхэг харгисыг устгаж улс төрийн ба орон нутгийн хамаг эрхийг гартаа шилжүүлэн” авсныг “гэгээн толь” мэт тусгасан тухай дээрх тайлбар бичигт тэмдэглэн үлдээсэн байна.
Анхдугаар Үндсэн хуулиар аливаа хүний шүтэх итгэх явдалд бүрнээ эрх чөлөө олгож, элдэв хэргийг шүүмжлэх, хэвлэх, нийтлэх эрхийг хүндэтгэн, эрдэм соёлд үнэ төлбөргүй боловсрох замыг нээсний зэрэгцээ ард түмэнд угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй гэдэг ялгаваргүй нэгэн адил эрхийг эдлүүлэхээр болсон нь Монгол Улсын түүхэнд урьд өмнө байгаагүй томоохон ололт байлаа. Улсын дээд эрхийг Улсын Их Хуралд, мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хуралд, тус хурлын чөлөө цаг буюу өдөр тутамд Бага Хурлын тэргүүлэгчид болон Засгийн газрын дунд хадгалуулсан нь ард түмнээс эрх мэдлээ итгэмжлүүлэн авдаг Бүгд найрамдах засаглалын үндсэн хэлбэр юм.
Хөрөнгөтний бус хөгжлийн Үндсэн хууль
Энэхүү Бүгд найрамдах засаглал дараа дараагийн Үндсэн хуулиудад уламжлагдсан юм. Улсын наймдугаар Их Хурлаас 1940 оны зургадугаар сарын 30-нд баталсан хоёр дахь Үндсэн хуулиар улс орны хөгжлийн нийгэм журмын чиг шугамыг тодорхойлжээ. Засаглалын бүтцэд Улсын Их Хурал, Улсын Бага хурал, Засгийн газар буюу Сайд нарын Зөвлөл гэх гол байгуулал хэвээр хадгалагдсан ч “улс нийгмийн бүх байгууллагуудыг удирдан чиглүүлэх” намын үүргийг товойлгон гаргаж ирснээрээ онцлог болсоэ байна. Үүгээр МАХН Үндсэн хуулийн нам болж, “нам төр” гэх хоршоо үгээр төр засгийг илэрхийлэх болсон явдал ийнхүү албажсан юм.
Нийгмийн харилцааны уламжлалт хэв маягийг халж шинэчлэх, орчин үежүүлэх чиглэлээр тодорхой үр дүнд хүрсэн хэмээн МАХН дүгнэж, улс орны хөгжлийн дараагийн шатны бодлого, зорилтыг тодорхойлсон нь шинэ Үндсэн хууль байлаа. 1940 оны гуравдугаар сард болсон МАХН-ын 10 дугаар их хуралд тавьсан илтгэлдээ Ерөнхий сайд Х.Чойбалсан “…Бид хөрөнгөтний бус хөгжлийн зам дээр бат бэхээр зогсож авсан гэж найдвартайгаар хэлж болно” хэмээжээ. Харин “нийгэм журамд шилжихэд шаардагдах нөхцөлүүд хараахан бүрдээгүй” гэж дүгнэсэн нь тус намын Төв хорооны Улс төрийн тайлан илтгэлд бичигдэн үлдсэн байна. Энэ их хурлаар дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал хурцадмал болсныг хэлэлцэж, ардын аж ахуйг эрчимтэй хөгжүүлэн, мал сүргийн тоо толгойг 10-13 жилийн дотор 200 саяд хүргэж өсгөх зорилт дэвшүүлсэн байдаг.
Халх голын дайны өмнөхөн БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдын албан тушаалд Х.Чойбалсан томилогдоод байлаа. Дэлхийн II дайны эхлэл гэгддэг Халх голын байлдаанд маршал Г.Жуков, Х.Чойбалсан нарын удирдсан Монгол, Зөвлөлтийн арми баатарлаг ялалт байгуулав. Нийгмийн шилжилт, дайны ялалтаар түрэгдэн их удирдагчийн нэр хүнд ард түмний дотор ихээхэн өсөж, маршал Х.Чойбалсан Ерөнхий сайд төдийгүй Гадаад, Дотоод, Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны албан тушаалыг хавсрах болсон юм. 1939 оны 10 дугаар сард МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн тогтоолоор Улсын 8 дугаар Их Хурлыг хуралдуулж, Үндсэн хуулийг шинэчлэн гаргахаар шийдвэрлэн, комиссын даргаар Х.Чойбалсанг томилжээ.
Улс орныг төлөвлөгөөний үндсэн дээр хөгжүүлэх эдийн засгийн үндэс, улс төрийн чиг хандлагыг тогтоосон хоёрдугаар Үндсэн хуульд “Ард иргэдийн үндсэн эрх ба үүргүүд”-ийг заасан бүлгийг тусгайлан гаргасан нь нийгмийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой болсон гэж түүхчид тэмдэглэдэг. Үндсэн хуулийн дагуу БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн хурлаар 1944 онд иргэдийн сонгуулийн эрхийг хасах журмыг бүрмөсөн хүчингүй болгож байв. Түүнчлэн Дотоод яам, цагдан сэргийлэх байгууллагын мөрдөн байцаах, таслан шийтгэх ажиллагаанд прокурорын хяналтыг хүчтэй болгох, засан хүмүүжүүлэх дэглэмийг хүнлэг ёсны үүднээс өөрчлөх арга хэмжээг шат дараатай авсан нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг засаж залруулахад чиглэсэн байх үндэслэлтэй. Иргэдийн шүтэж бишрэх эрхийг хүндэтгэн үзэх болж, Гандантэгчэнлин хийдийг сэргээн, улс, хувьсгалын 40 жилийн ойг угтан 1959 оноос гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн “Соёлын довтолгоо”-ны үр дүнд Монголын хүн ам ихээхэн эрүүлжсэнийг өнөөдөр ч онцлон дурссаар байдаг билээ.
Хөрөнгөтний бус шинэ маягийн хөрөнгөлөг нийгмийг байгуулах зорилтыг эрчимтэй хэрэгжүүлснээр улс орны үйлдвэрлэл, аж ахуйд багагүй дэвшил бий болжээ. Хөнгөн болон хүнсний үйлдвэрүүд олноор байгуулагдаж, Улаанбаатарт сүү, талх, чихэр боовны үйлдвэрүүд, шаазан ваар, цэмбэний фабрикууд, Хатгалын ноос угаах үйлдвэрийг өргөтгөн, хүчин чадлыг нэмэгдүүлсэн байна. ЗХУ, БНСЧСУ, БНХАУ, БНАГУ-ын тусламжтайгаар Налайхын нүүрсний уурхай бүрэн ашиглалтанд орж, том ширний, гүн хэвлэлийн үйлдвэрүүд, гутлын, нэхмэлийн фабрикууд, тоосгон заводыг шинээр барьж, шинэтгэн өргөжүүлснийг түүхийн баримтууд гэрчилнэ. 1960 он гэхэд малтаж ашиглах, боловсруулах болон барилгын төрөлжсөн салбар бий болсон бол атрын анхдугаар аяныг 1959 онд эхлүүлснээр тариалангийн талбай, ургацын хэмжээ огцом нэмэгдэж, үр тариа, төмс, хүнсний ногооны ажил бие даасан үйлдвэрлэлийн салбар болж хөгжив. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 1940 оныхтой харьцуулбал 1960 онд 7.4 дахин өссөний дотор улсын үйлдвэрүүдийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 8.7 дахин нэмэгдсэн байна.
Ажилчин ангийн Үндсэн хууль
Ардын хувийн аж ахуйдыг 1959 онд хоршоолж дууссанаар БНМАУ-д нийгэм журмын үйлдвэрлэлийн харилцаа ялсан хэмээн МАХН-аас дүгнэжээ. Улс орны хөгжилд эрчимтэй өөрчлөлт гарсныг нэгтгэн дүгнэж, улс төр, эдийн засаг, оюун санааны хөгжлийн үр дүнг хуульчлан бататгах шаардлага зүй ёсоор гарсан юм. Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах үүргийг МАХН-ын Төв хорооны Улс төрийн Товчоонд хүлээлгэж, комиссын даргаар Төв хорооны нарийн бичгийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалыг тохоон томиллоо.
Ардын Их Хурлын дөрөвдүгээр сонгуулийн анхдугаар чуулганаар 1960 оны долдугаар сарын 06-нд БНМАУ-ын гурав дахь Үндсэн хууль батлагдав. Үндсэн хуулийн оршилд БНМАУ бол “бүрэн эрхт, тусгаар тогтносон ардын ардчилсан улс” болохыг тодорхойлж, “феодал ангийг устган социалист аж ахуй, соёлоо бүтээн байгуулсан”-ыг албан ёсоор зарлан тунхаглажээ. МАХН-ыг “чиглүүлэгч хүч” болохыг өмнөх Үндсэн хуулиас уламжлан үргэлжлүүлэхдээ “марксист-ленинист онол”-ыг нэмж хуульчилсан байна.
Хэдийгээр ангийн ялгаварлал агуулсан ч гэлээ улс орны үндсийг хүн ард, иргэд рүү чиглүүлсэн нь энэхүү Үндсэн хуулийн дэвшил гэж дүгнэж болох юм. Ангийн бүрэлдэхүүнийг ажилчин, хоршоолсон ард, хөдөлмөрч сэхээтэн хэмээн тогтоож, улсын үндэс нь ажилчин анги, хоршоолсон ардын холбоо байхыг зааж өгчээ. “Үйлдвэрлэх хүчийг байнга өсгөн өрнүүлж, социалист төрийн өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийг тасралтгүй явуулах” чиглэлийг тодорхойлсноор Монголын нийгэмд ажилчин ангийн тэргүүлэх үүрэг Үндсэн хуульжсан байна.
Ухаан солиотойгоос бусад 18 нас хүрсэн бүх хүн сонгох, сонгогдох, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, хурал цуглаан, жагсаал хийх, шүтэн бишрэхийн зэрэгцээ шашныг эсэргүүцэх эрхтэй байхаар хуульчилж, хувийн нууцыг “халдашгүй” болохыг Үндсэн хуулиар баталгаажууллаа. Түүнчлэн, иргэн хүний боловсрох эрхийг онцгойлон үзэж, үнэ төлбөргүй суралцах, тусгай мэргэжлийн дунд болон дээд сургуулийн оюутнуудад улсаас цалин олгохоор хуульчилсан юм. Харин Арван гуравдугаар зүйлд, “иргэний хөдөлмөрлөж олсон орлого, хадгаламж, орон сууц, амины туслах аж ахуй, амины хэрэгцээт зүйлс, гэрийн эд хогшлыг аминдаа өмчлөх эрх, түүнчлэн амины өмчийг өвлөх эрхийг хуулиар хамгаалах”-аар заасан ч уг өмчөө иргэн “нийгмийн эрх ашигт харшаар ашиглах”-ыг хоригложээ. Нэгэнт хоршоолж гүйцсэн, социалист аж ахуйг бүтээн байгуулсан тул өмчийн харилцаа гагцхүү социалист өмчид тулгуурлахаар, дотроо улсын болон хоршооллын гэх хоёр хэлбэртэй байхаар тогтоосон нь гуравдугаар Үндсэн хуулийн “цөм утга” нь байсан юм.
Засгийн бүх эрхийг ард түмэн Ардын депутатуудын хурлаар уламжлан барина гэж заагаад, засаглалын бүтцийг гурван жилийн хугацаатай Ардын Их Хурал, түүний Тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөл, яамд, тусгай газрууд, орон нутгийн Ардын депутатуудын хурлууд, гүйцэтгэх захиргаад гэсэн дэс дарааллаар тогтоосон нь нэр томъёоны хувь өмнөх Үндсэн хуулиудаас өөр боловч зарчмын хувьд анхдугаар Үндсэн хуулиар тогтоосон байгууллыг хэвээр хадгалсан байв.
Тэргүүлэх рольтой ажилчин анги хөгжлийн түүчээнд явсан нь түүхэн үнэн. Гуравдугаар Үндсэн хуулийн зорилтыг хэрэгжүүлсэн 30 жилийн хугацаанд Монгол Улсын аж үйлдвэр, нийгэм, соёлын томоохон төвүүд болох Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Багануур зэрэг хотууд байгуулагдаж, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, тээвэр, холбоо, барилга, эрчим хүчний салбар үлэмж хөгжин, уул уурхайн олборлох үйлдвэрлэл хэд дахин тэллээ.
Улс орны туйлын зорилгыг энэ Үндсэн хуулиар “коммунист нийгэм байгуулах” хэмээн тодорхойлоод, ах, дүүгийн харилцааг хөгжүүлж буй социалист орнуудын ард түмний нэгдэл нягтралыг бэхжүүлэхийн төлөө тэмцэл бол БНМАУ-ын “ариун дээд үүрэг” болохыг онцолжээ. Эдүгээ Монгол Улс дэлхийн 150 шахам улстай димломат харилцаатайн 90-ыг 1960-1989 оны хооронд буюу гуравдугаар Үндсэн хуулийн хугацаанд тогтоосноос үзвэл уг хууль үүргээ хангалттай хэрэгжүүлжээ гэж дүгнэж болохоор. Манай улс 1961 онд НҮБ-ын жинхэнэ гишүүн болсныхоо дараахан санаачилга гаргаж 1970-аад оныг “Нийтээр бичиг үсэгтэн болох 10 жил” болгон дэлхий дахинаа зарлуулж байсан зэргээс үзвэл тухайн үед гадаад харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн идэвхтэй байсныг харуулдаг юм.
Ах дүүгийн найрамдалт улс орнууд манай улсад үйлдвэрлэл, эдийн засаг, нийгэм, соёл, шинжлэх ухааны бүхий л чиглэлээр тусалж дэмжсэнийхээ нэгэн адил өөрчлөн байгуулалтад ч мөнхүү мөр зэрэгцсэн билээ. Ах гүрэн Зөвлөлтөд 1985 онд залуу лидер М.Горбачев нам, төрийн удирдлагад гармагцаа ил тод байдал, өөрчлөн байгуулалтыг эхлүүлсэн юм. Афганистанаас цэргээ татаж, 2000 он гэхэд цөмийн зэвсэггүй болох энх тайвны хөтөлбөр зарлав. Тэрбээр 1988 онд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга, 1989 онд Дээд зөвлөлийн дарга болж, 1990 онд ЗХУ-ын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Харин Монголд 1974 оноос Засгийн газрыг тэргүүлсэн Ж.Батмөнх 1984 оноос Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байлаа.
Хүний эрх, эрх чөлөөний Үндсэн хууль
1989 оны Хүний эрхийн олон улсын өдөр буюу 12 дугаар сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо байгуулагдаж, анхны цуглаанаа Залуучуудын соёлын төвийн өмнөх талбайд хийв. Хоёр сар гаруйхны дараа тус холбооны анхдугаар Их Хурал хуралдахад эх орны өнцөг булан бүрээс 600 гаруй төлөөлөгч, 200 гаруй зочин оролцжээ. Телевиз, радиогоор орон даяар шууд дамжуулсан энэ Их хурлаар Монголын Ардчилсан Нам байгуулагдсан нь БНМАУ-д урьд өмнө үзэгдэж, дуулдаагүй “олон намын тогтолцоо”-ны үндэс болсон юм. Шинэ үзэл санаа, өөрчлөн байгуулалтын эрэлхийллээр цэнэгжсэн нам, холбоо, хөдөлгөөнүүд ар араасаа байгуулагдаж, эсэргүүцэл тэмцлийн хүнд, хөнгөн хэлбэрээр тасралтгүй өрнөсөн хувьсгалт үйл явдлуудаар 1990 оны эхний улирал дүүрэн байв.
Ардчилагчдын шахалт шаардлага, ард түмний хүсэл зоригийг хүлээн авч МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо гуравдугаар сарын 9-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Ардын Их Хурлын чуулган хуралдаж “Төр, нийгмийг удирдан чиглүүлэх хүч бол бүхнийг ялагч марксист-ленинист онолыг удирдлага болгосон МАХН мөн” гэсэн тодорхойлолтыг Үндсэн хуулиас хасав. Ингэж МАХН төвтэй БНМАУ-ын төрийн байгуулалт задарсан учир ардчилсан, олон намын оролцоо бүхий шинэ тогтолцоог нэн даруй бүрдүүлж ажиллуулах шаардлага зүй ёсоор тулгарсан юм. Ардын Их Хурлын есдүгээр чуулган тавдугаар сард хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан төрийн бүтцийг Ардын Их Хурал, Улсын бага хурал гэсэн хоёр танхим бүхий парламентын засаглалтай, Ерөнхийлөгчтэй Бүгд Найрамдах Улс байхаар тогтоож, анхны чөлөөт, ардчилсан сонгуулийг 1990 оны долдугаар сарын 29-нөөр товлосон юм. Энэ сонгуулийг мажортитар аргаар явуулсан бөгөөд харин Улсын Бага Хурлын 53 гишүүнийг сонгуульд оролцсон намуудыг дэмжсэн саналын хувийг харгалзан Ардын Их Хурлаас байгуулав. Ингэж Монголын анхны ардчилсан сонгууль холимог тогтолцоогоор явагдсан юм.
Ардын Их Хурлаас БНМАУ-ын анхны Ерөнхийлөгчөөр Пунсалмаагийн Очирбатыг сонгож, шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг ахалж ажиллах түүхэн үүргийг Улсын Бага Хурлаас түүнд оноосон юм. Тус комисс Үндсэн хуулийн төслийг “Монгол Улсын Их цааз” нэртэйгээр боловсруулж 1991 оны дөрөвдүгээр сарын 19-нд өргөн барьсныг Улсын Бага Хурал зүйл, заалт бүрээр хоёр удаа нягтлан хэлэлцжээ. Улмаар тогтоол гаргаж, 1991 оны зургадугаар сарын 01-нээс есдүгээр сарын 01-нийг хүртэл ард нийтээр хэлэлцүүлсэн юм. Ард нийтийн хэлэлцүүлэгт тухайн үеийн сонгуулийн эрх бүхий 1.1 сая иргэний 900 мянга гаруй нь оролцож, 200 мянга гаруй санал өгсөн гэсэн статистик баримт бий. Түүнчлэн Үндсэн хуулийн төсөл боловсруулах комисс гадаад орнуудын Үндсэн хуулиудыг харьцуулан судалж, олон улсын бага хурал, бүсчилсэн зөвлөгөөн зохион байгуулах зэргээр гадаадын эрдэмтэн судлаач, эрх зүйчид, хуульчид болон шинжээч мэргэжилтнүүдийн саналыг ч авчээ.
Ингэж олон сар идэвхийлэн ажиллаж, нягт нямбай боловсруулсан Үндсэн хуулийн төслийг тус комисс 1991 оны есдүгээр сард багтаан Улсын Бага Хуралд дахин өргөн мэдүүлснийг тус Хурал нягтлан хэлэлцэж, зохих нэмэлт боловсруулалт хийгээд Ардын Их Хуралд мөн оны 11 дүгээр сард өргөн барьжээ. Ардын Их Хурлын 430 депутат төслийг 76 хоног оюун ухаанаа уралдуулан хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан юм.
Эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж буй “ардчилсан” хэмээн нэрлэдэг Үндсэн хууль чухамдаа “Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл, үндэсний зөвшилцлийн тунхаг, дээд баримт бичиг” болсон гэдэгтэй эрдэмтэн судлаачид, түүхчид санал нэгддэг. Монголын ард түмэн зөвхөн өөрсдийн хүсэл зориг, үзэл саналаар буюу гаднын нөлөөгүй бие даан боловсруулж, нийтээрээ хэлэлцэн, итгэл үнэмшил, хүсэл эрмэлзлээ шингээсэн Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, олон улсын хүний эрхийн нийтлэг ардчилсан зарчимд нийцүүлэн баталгаажуулсан нь хамгийн гол дэвшил болсон юм. Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчмыг тодорхойлж, төр иргэнийхээ, иргэн төрийнхөө өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг тогтоож, өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг баталгаажуулав. Монгол төрт ёсны түүхэнд анх удаа хүний эрх, эрх чөлөө, төрийн эрх мэдлийг тэнцвэртэй хуваарилах онол, зарчмыг 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлал болгосныг судлаачид иргэний нийгэм, ардчилсан төр төлөвшин хөгжих улс төр, эрх зүйн үндсийг бүрдүүлсэн хэмээн өндрөөр үнэлж, өөдрөгөөр дүгнэдэг юм.
…Иргэнийхээ эрхийг төр нь үл зөрчих тогтолцоо л жинхэнэ ардчилал гэдгийг эдүгээ хүн төрөлхтөн нийтээрээ хүлээн зөвшөөрөх болжээ. Үүнийг л Үндсэн хуулиар баталгаажуулж, түүнийгээ хэлбэрэлтгүй сахин хамгаалах нь Үндсэн хуульт ёс билээ. Товчхондоо, төрийн бүхий л эрх мэдэл Үндсэн хуулийн дагуу ажиллаж, мөнхүү Үндсэн хуулиар хязгаарлагдаж байх зарчмыг ийн нэрлэдэг.
Монгол Улсын Үндсэн хуульт ёсны нэгэн зууны түүхийг цаг үеийн болзолт нөхцөл, гадаад, дотоод хүчин зүйлс, эрэлт шаардлагаас салангидаар авч үзэх боломжгүйг эх баримт, сурвалж бичгүүд нотолж байна. Гэвч, гарцаагүй агаад бодитой хүчин зүйлсийн аль нь ч нөлөөллөө гэсэн үндэсний эрмэлзэл тэмүүлэл, ард түмний хүсэл зоригоор Үндсэн хуульт ёс илүүтэй нөхцөлдөн баталгаажиж, үүргээ гүйцэтгэж байгааг бид гаднаас хайгаад байлгүй өвгөд дээдсийнхээ түүх, өөрсдийнхөө сургамжаас хангалттай олж харж болохоор болжээ.
Үнэхээр Үндсэн хууль дээд хэм хэмжээ мөн бол хүний эрх, түмний хүсэл мөрөөдөл няцаагдашгүй байж, түүний баталгааг дээд үнэт зүйл болгон тогтоохоос аргагүй. Улмаар энэхүү дээд үнэт зүйлдээ төрийн байгуулал, түүний удирдлага, эрх мэдэл, нийгэм, эдийн засгийн харилцааг нийцүүлэн бүтээх нь зүй ёс аж.
Түүх үргэлжилсээр…
Нийтлэлч Д.Энхболдбаатар
“Зууны мэдээ” сонин, 2024.11.20 №225 (7469)