“Зарлага тал нь дийлсэн төсөв дахин батлахгүй байх жишиг тогтож байна”

0

Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан талаар УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Д.Батбаяраас тодрууллаа.


-Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа. Та энэ үзэгдлийг хэрхэн дүгнэж байна?

-Зөв үйлдэл гэж харж байна. Бид бүхэн ирэх оны төсвийг 14 хоногт хэлэлцэж байх явцдаа бүгдээрээ л ярьж байсан. Данхайсан асар том төсөв байна, хэмнэх хэрэгтэй гэж  хэлэлцсэн. Тухайн үедээ дэгдээ баригдаж, хайрцаглагдаад төсвөө хэлэлцээд өнгөрсөн. Одоо дахиад ирэх оны төсвийг ажлын 14 хоногт хэлэлцэнэ. Миний хувьд дэмжинэ гэсэн байр суурьтай байна.

-Зарлагын дэд хорооны даргын хувьд дахин орж ирж байгаа төсөв дээр таны хувьд ямар зардлыг хэмнэж, асуудлыг хэрхэн эрэмбэлэх вэ?

-Надад хоёр санал байна. Нэгдүгээрт, улсын төсвөөр хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж байгаа баригдаж байгаа барилга байгууламжийг царцаана. Яагаад гэвэл улсын хөрөнгө нэмэгдэх тусам урсгал зардал, хөрөнгийн зардал нэмэгдээд байгаа юм. Тийм учраас барилга байгууламжаа энэ жилдээ түр зогсооё. Орж ирж байгаа орлогоо энэ жилдээ хэмнэе, хадгалъя гэдэг байр суурьтай байна. Хоёрдугаарт, урсгал зардал дээр нарийн дүн шинжилгээ хийж байж, ахиад багасгадаг байя. Сүүлийн хоёр жилийн урсгал зардлыг ирэх ондоо ч барьчихъя гэдэг санал байна.

-Хөрөнгө оруулалтын зардлаас 50 орчим хувийг хасна гэдэг байр суурийг Сангийн сайд хэллээ. Хөрөнгө оруулалт хийж байж, эдийн засаг сэргээд явах юм биш үү. Энэ тал дээр таны байр суурь?

-Төр заавал хөрөнгө оруулалтыг хийх албагүй. Төрийн зүгээс хувийн аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагууд хийж чадахгүй байгаа барилга, байгууламж, дэд бүтцийг хийхэд ямар ч асуудал байхгүй.

-Цаашид алдагдалгүй төсөв батлах нь нэн тэргүүний асуудал уу? Эсвэл 1.9-өөс бууруулаад 3.6 руу дөхүүлэх ёстой гэж үзэж байна уу?

-Тоо бол дээшээ доошоо байж болно. Энэ удаагийн төсвийг тойрсон асуудлаас зарлага тал нь дийлсэн төсөв дахин батлахгүй байх жишиг тогтож байна гэж ойлголоо.

-Төсвийг хэлэлцэх үеэр Сангийн сайд  төсвийг эсэргүүцсэн гишүүд рүү дайрч байсан. Гэтэл өчигдөр ирэх оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсаны дараа эерэгээр хүлээж авч байгаагаа мэдэгдсэн. Энэ тал дээр та ямар суурь илэрхийлэх вэ?

-Эхний хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд бухимдах байдал харагдаж байсан. Хоёр дахь хэлэлцүүлгээс гайгүй болчихсон.

-Энэ парламент бүрдсэнээс хойш гурван ч удаа төсвийг хэлэлцэхээр болж байна шүү дээ. Энэ үзэгдлийг та юу гэж харж байна? Гишүүдийн тоо нэмэгдсэнээр УИХ-ын чадвар чадамж дээшилж, төсвөө дахин дахин хэлэлцэж байна гэж харж байна уу?

-Их Хурлын гишүүд нэмэгдсэнээр төсвийн талаар иргэд ярьдаг, нийгэм анхаардаг болж байна. Тэгэхээр миний хувьд өргөжүүлсэн парламент бий болсон нь давуу байдал гэж бодож байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *