Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд валютын нөөцийг нэмэгдүүлэх учир төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Улаанбаатар хот 7.75 хувийн хүүтэй 500 сая ам.долларын бонд хаалттай байдлаар амжилттай гаргаад байна. Тус бондыг 2027 оны наймдугаар сард эргэн төлөх юм. Бондын мөнгөөр Сэлбэ хорооллын бүтээн байгуулалт, гэр хорооллыг орон сууцжуулах бодлогод зориулахаар төлөвлөжээ. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуултай ярилцлаа.
–Яриагаа 500 сая ам.долларын бондыг хаалттай арилжсан талаар эхлүүлье. Олон нийтийн зүгээс “хаалттай” гэх үгэнд нэлээн анхаарал хандуулах шиг боллоо?
-Олон улсын хэллэгээр private placement, public placement гэж ярьдагийг бид орчуулахдаа хаалттай гэж ярьсан болохоос энэ утгаараа нууцлагдмал биш. “Bloomberg terminal” дээр бүх мэдээлэл нь цацагддаг. Гол ялгаа нь, нээлттэй буюу public placement бол бүгдэд нь зарлаж, ямар хөрөнгө оруулагч хэр их хөрөнгөөр оролцох нь тодорхой. Гэхдээ энэ хэмжээгээр нөгөө талд санхүүгийн маш олон материал бэлдэж олон улсын биржүүдийн бүх шаардлагыг хангахын тулд их хугацаа ордог. Ойролцоогоор 5-8 сар орчмын процесс өрнөдөг ажил юм.
Тэгвэл private placement нь бид тодорхой хэмжээний сонирхож буй хөрөнгө оруулагч сангууд руу хамтран ажилладаг банкуудаар дамжуулан санал тавьдаг. Ингэснээр бид маш богино хугацаанд илүү уян хатан нөхцөлтэйгээр хөрөнгө босгох боломжтой.
-7.75 хүүтэй 500 сая ам.долларын бонд нь Сэлбэ дэд төв болон 20 минутын хот байгуулахад хөрөнгө оруулахад чиглэхээс гадна валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой. Гэхдээ манайх шиг хэрэглэгч орны хувьд импортоор валютаа гаргах, эргээд нөөц буурах эрсдэлтэй биш үү. Та бүгдийн зүгээс эдийн засгийн тооцоо судалгаа хийсэн үү?
– 7.75 гэдэг нэлээн сайн хүүгийн түвшинг бид авч чадсан. Одоогийн зах зээлд хүүгийн түвшин өндөр байна. Мөн гадаад орчинд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, ОХУ, Украйны дайн үргэлжилсэн адармаатай цаг үед манай Засгийн газар, Монголбанк сайн ажилласны үр дүнд манай улсын зээлжих зэрэглэл ахисан байдаг. Бид энэхүү сайн мэдээг ашиглаж зах зээл дээр нэлээн хямд хэлбэрээр бонд гаргасан нь олзуурхууштай үйл явдал болжээ гэж харж байна. Энэхүү 500 сая ам.доллар ойрын өдрүүдэд Монголбанкны дансанд орно. Энэ нь манай улсын гадаад валютын албан нөөцийг энэ дүнгээрээ нэмэгдүүлнэ. Нөгөө талд Монголбанк, Сангийн яамтай хамтран хөрөнгийн удирдлагаа хэдэн сарын хугацаанд үр ашигтайгаар хэрэгжүүлж ирэх хавраас бүтээн байгуулалтад зарцуулна.
Олон улсаас бонд босгосон учир нь, таны асуусанчлан бүтээн байгуулалтыг дагасан импортоор гадаад валютаа алдах эрсдэлд орж, төгрөгт дарамт үзүүлэхгүйн тулд бид ам.доллараар бонд оруулж ирж байгаа юм. Иймээс одоогийн валютын албан нөөцөнд нэмэлт дарамт учрахгүй.
– Дэлхийн томоохон сангууд Монголыг сонирхсон нь анхаарал татлаа. Тэд манай улсын эдийн засгийн нөхцөл байдлыг маш сайн ажигласан байх?
– Дэлхийн том сангуудын нэг BlackRock оролцсон нь Монгол Улсыг, нийслэл хотыг хөрөнгийн зах зээл дээр сонирхох сонирхол маш их байна гэдэг нь харагдаж байна. Улаанбаатар хотын хувьд анх удаа олон улсын бонд хаалттай хэлбэрээр гаргаж буйгаараа онцлог.
Бид хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулан тактиктайгаар хоёр транчаар бонд гаргалаа.
Эхэлж 250 сая ам.долларын бонд гаргасны дараа зах зээлийн хөдөлгөөнийг ажиглаж үнэ өсөхөд дахин 250 сая ам.долларын бонд гаргасан. Үүнээсээ 1.3 сая орчим ам.долларын хэмнэлт хийж, амжилттай боллоо.
СЭЛБЭ ДЭД ТӨВ “20 МИНУТЫН ХОТ” ТӨСӨЛ БОНДЫН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН МОДЕЛЬ БОЛНО
–Барилгын салбарт хөрөнгө оруулна гэж ойлголоо. Гэхдээ 500 сая ам.долларын бонд гурван жилийн хугацаатай төлөх нөхцөлтэй байгаа шүү дээ. Үр ашиг болон зардлаа хэрхэн тооцож байгаа вэ. Зардлаа нөхөж чадах уу?
– Бидний төлөвлөгөөгөөр энэхүү бонд 2027 оны наймдугаар сард хугацаа нь дуусна. Гэхдээ үүнээс өмнө бид public бонд гаргаж үүнийгээ дахин санхүүжилтээр солино гэж төлөвлөж байна. Нийт 14 хөрөнгө оруулагч оролцсоноос дэлхийн том сангууд болох BlackRock 100 сая ам.долларыг, Finco 200 сая ам.доллар нийт 300 сая ам.долларыг энэ хоёр сан худалдаж авсан. Ингэснээр дундаж болон жижиг сангуудын итгэл төрж дагаад ороод ирсэн.
Энэхүү том сангууд манай улсын эдийн засгийг ирэх жилүүдэд сайн байхад итгэж, Сэлбэ дэд төвийн төсөл нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, утаа болон хөрсний бохирдлыг арилгах ач холбогдолтой гэдэг өнцгөөрөө сонирхлыг нь татсан.
Бидний зүгээс ч төслөө энэ талаас тайлбарлаж ойлгуулсны үр дүнд энэхүү сангуудтай deal хийж амжилттай хаасныг ойлгоосой гэж хүсч байна. Таны асуусанчлан дэд төвийн үр ашиг болон зардлын тухайд яривал, Нийслэлийн хот байгуулалтын газар Сэлбэ дэд төвийн ерөнхий төлөвлөгөөг баталж байгаа. Бид УИХ-д “Улаанбаатар-2040” мастер төлөвлөгөөний төслийг өргөн барьсан. Үүнтэй уялдуулан хот төлөвлөлтийн шинэ стандартаар бүх ажлаа төлөвлөсөн. Удахгүй тендерүүд зарлана. Газрыг 500 орчим тэрбум төгрөгөөр чөлөөллөө, 158 га газрын ихэнхийг нь чөлөөлж дууссан. Цаашид хотоо тэлж, дэд бүтцээ хөгжүүлэхийн тулд газар чөлөөлөлтөд ийм их хөрөнгө зарж болохгүй. Тиймээс энэхүү бонд төгрөгийн ханшинд сөргөөр нөлөөлөхгүй, олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлах учраас олон улсын хамгийн туршлагатай, мэргэжлийн компаниуд оролцож сайн нь шалгараасай гэж хүсэж байна. Бидний төлөвлөгөөгөөр 1-2 жилийн дотор барилга байгууламжийг барьж дуусгах байх. Үүний дараа бид газар чөлөөлөлтөд дээрх шиг их хэмжээний мөнгийг төсөвт тусгахгүйгээр баригдсан орон сууцуудаа газар чөлөөлөлтөд ашиглаж дараагийн ээлжийн газрыг чөлөөлнө. Үүний нөлөөгөөр нүхэн жорлон, яндангууд цөөрч, ус, хөрс, агаарын бохирдлын асуудлуудыг шийдэх боломж нэмэгдэх юм.
Мөн “20 минутын хот” концепцынхоо хүрээнд хүний амьдралд хэрэгтэй бүх зүйлийг 20 минутад алхаад хүрэх тэр зайнд төлөвлөх учир түгжрэл буурах учиртай. Төрөөс газар чөлөөлөлт болон дэд бүтцийг нь шийдэж өгөх бол хувийн хэвшлүүд дэд төвдөө худалдаа үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаа явуулж болно.
Ингээд нийслэл хөрөнгө оруулалтын хэмжээгээр хувиа тооцож эргээд орлого олно. Нөгөөтээгүүр, түгжигдээд байгаа хойд хэсгийн газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулаад эхлэхээр эдийн засаг цус сэлбэж, сайжирч эхэлнэ. Үүгээрээ эргэн төлөлтийн төлбөрүүдээ олох орлогын модель болгоно гэсэн үг. Яг одоо эхлүүлж буй Сэлбэ дэд төвд орон сууцнаас гадна бизнесийн зориулалттай талбай төлөвлөж байгаа юм. Үүнийг сонирхсон хувийн хэвшлийнхэн ч байна, хамтран ажиллах талаар ярилцаж эхлээд байна.
ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН СОНГОДОГ ТҮНШЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
– Таны ярианаас бид дэд төвөө барьж, үр ашгаар нь зээлийн эргэн төлөлтөө нөхөх боломжтой гэж ойлголоо. Хамгийн гол нь зээлийн үр ашигтай зарцуулалт бодит байдал дээрээ чухал шүү дээ. Бид дэд төвүүдийг хөгжүүлэх тухай ярьж байгаа ч газар чөлөөлөлт, дахин төлөвлөлт, орон сууцны хөтөлбөр яриад олон жил боллоо. Алдаагаа дахин давтахгүй байх нь чухал байх?
– Иргэдийн итгэл алдарсан байна. 10 жилийн өмнө л гэхэд дахин төлөвлөлтийг хэрэгжүүлсэн ч гүйцэтгэгчээр ажил авсан хувийн хэвшлүүд хөрөнгө дутсан зэрэг олон шалтгаанаар алга болж, зарим нь дампуурсан. Гэтэл газраа чөлөөлсөн иргэд одоо ч түрээсийн байранд амьдарч, орон сууцандаа орж чадаагүй асуудал байна. Хөтөлбөр амжилттай хэрэгжээгүй шалтгаан нь, орон сууцууд барьдаг ч ногоон байгууламжаас авхуулаад цэцэрлэг, сургууль, эмнэлэг, худалдаа үйлчилгээг нэг цогцолбор болоогүй. Эргэн тойрондоо ийм үйлчилгээ авах боломжгүйгээс наад захын түгжрэлийн асуудал үүсэж байгааг та бид харж байна. Иймээс бид энэ бүх асуудлыг нэг дор зоригтойхон шийдэхээр Сэлбэ дэд төв болон 20 минутын хотыг байгуулахаар төлөвлөж байгаа юм. Бондын тухайд, хэрэв та бүхэн санаж байгаа бол 2024 оны төсвийн тухай хуульд Улаанбаатар хотод дотоодод болон гадаадад бонд гаргах эрх олгосон. Араас нь Засгийн газрын холбогдох тогтоол шийдвэрүүд нь гарсан. Энэ дагуу өнгөрөгч зургаадугаар сард нийслэл анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд гаргасан байдаг. Үүнийг бид эрчим хүч, зам барих зэрэг дэд бүтэц рүү шингээсэн. Аль болох урсгал зардал гаргахгүй байх талаас зарчим баримталдаг.
Зээлээр босгож буй хөрөнгийг урсгал зардалд зарахгүйгээр үр ашиг өгөх төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах нь зүйтэй гэсэн чиг барьж байна. Дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахдаа төслийн зарцуулалтыг нэлээн шалгаж хардаг.
Тэдний зүгээс магадлал шинжилгээ болон бүтээн байгуулалтад зарцуулагдах төслийн санхүүжилтийн моделийг шалгасан. Тэд Сэлбэ дэд төвийг түшиглэн барих шинэ хорооллын бүтээн байгуулалтад энэхүү хөрөнгийг зарцуулна гэсэн хүлээлттэй байна. Бидний зүгээс ч моделоо маш сайн тайлбарласан. Нийт 158 га газарт Нийслэл хотын хот байгуулалтын стандартын газраас ерөнхий төлөвлөгөөг нь баталсан. Үүний дагуу 20 минутын хот гэсэн концепцын хүрээнд энэхүү төлөвлөгөөний дагуу бид шинэ хорооллын бүтээн байгуулалтыг барьж байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Зөвхөн орон сууц бариад зогсохгүй, үүн дээр 20 минутын хотын хүрээнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дэлгүүр хоршоо зэргийг хувийн хэвшлүүдтэй бизнесийн зарчмаар хамтран байгуулна.
Өөрөөр хэлбэл, төр хувийн хэвшлийн сонгодог түншлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.
Нийслэлийн зүгээс дэд бүтэц барьж байгуулан түүгээр хөрөнгө оруулж, нөгөө талд хувийн хэвшил стандартын дагуу худалдаа үйлчилгээ явуулж зах зээл дээр эргэлдүүлэх боломжтой.