А.Ундраа: Монгол Улс атомын цахилгаан станцаас ч илүү амбицтай байх ёстой

0

УИХ-ын гишүүн А.Ундраатай Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлт болон ураны төслийн талаар ярилцлаа. Тэрээр цөмийн физикээр АНУ-д доктор хамгаалсан энэ салбарын судлаач бөгөөд Үндэсний эвслийн жагсаалтын хоёрт эрэмбэлэгдэж парламентын гишүүнээр сонгогдсон юм.-Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнгөрсөн 7 хоногт УИХ баталсан. Манай улс Франц улстай хамтран ураны төсөл хэрэгжүүлэх гэж байна. Та мэргэжлийн хүний хувьд энэ төслийг хэрхэн харж байна вэ?-Цөмийн энергийн тухай хуульд оруулсан өөрчлөлт ураны олборлолттой хамаатай заалтууд байна. Гэхдээ энэ өөрчлөлт нь нэг компани, нэг төсөлд зориулан батлагдаагүй гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Энэ төсөл ойрын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой хамгийн том төсөл учраас хуулийн өөрчлөлтийг зөвхөн энэ төсөлд зориулж байгаа мэт андуу ойлгох байдал байна. Ер нь Цөмийн энергийн тухай хууль анх батлагдахдаа ч зөвхөн уран олборлох, түүнтэй холбоотой асуудлаас гадна цөмийн энерги, цөмийн эрчим хүч, цөмийн технологийн бусад ашиглалтууд гээд өргөн хүрээтэй ойлголт байсан гэдгийг хэлмээр байна.-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт атомын цахилгаан станц барихыг асуудлыг тусгасан. Манай улс атомын цахилгаан станцтай болох боломжтой юу?-Франц улстай хамтран хэрэгжүүлэхээр ярьж байгаа төслийг би эхнээс нь дэмжиж ирсэн. Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүн олборлож, экспортолж эдийн засгаа бүрдүүлдэг утгаараа ч, энэ төслийг дагалдаж бусад мэдлэг, туршлага, чадавхтай болно гэдэг талаараа ч би дэмжиж байгаа.Тухайлбал, цацрагийн хяналтын асуудал, цацраг идэвхт ашигт малтмалтай харьцаж сурах, тэр талын техник технологи, шинжлэх ухааны мэдлэгийг гүнзгийрүүлэх, энэ чиглэлээр Монгол Улс дэлхийн хэмжээний тоглогчийн нэг болох боломжтой гэж харж байгаа.Цөмийн энергийн хууль анх батлагдаж байхад л Монгол Улс атомын цахилгаан станцтай болох зорилготой байсан. Тэр зорилго хэвээрээ байгаа. Гэхдээ улстөрчдийн амбицад автагдаж явах, эсвэл улстөржиж улс орныхоо эрх ашгийг хоёрт тавьдаг байдал нь манай улсыг урагш алхуулахгүй, удаашруулдаг гэдэг нь харагдаж байна. Улстөрчдийн амбиц бидэнд хэрэггүй. Харин улс эх орны амбиц гэдэг утгаар би атомын цахилгаан станцыг харж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт атомын цахилгаан станцтай болно, судалгаа хийнэ гэж тусгасан. Хүний нөөцийн хувьд ч бидэнд эхлэх бааз суурь хангалттай бий. Би атомын цахилгаан станц гэхээсээ илүү цөмийн станц гэж нэрлэдэг. Цөмийн станцын тухайд Монгол Улс илүү давсан амбицтай байх ёстой гэж боддог. Дэлхий даяараа цөмийн цахилгаан станц хэрэглэхээр шийдээд, судалж байгаа улс орнуудын хөтөлбөрийг харахад ихэнхдээ бага, дунд оврын реактор руу анхаарал хандуулж байна. Дэлхий нийтэд 500 орчим том реактор байгаа. Энэ цахилгаан станцуудын аюулгүй байдал болон үүн дээр байгаа цөмийн материалуудын аюулгүй байдлыг анхаарч ажилладаг байгууллага нь Олон улсын атомын энергийн агентлаг. 500  реакторыг аюулгүй байлгахын тулд бүхэл бүтэн агентлаг ажиллаж байна. Харин бага дунд 10 мянган реакторын тухай яригдаж байна. Энэ тоо даруй хоёр дахин өсөх гэж байна.Монгол Улс бага, дунд реакторын аюулгүй ажиллагааг хангадаг олон улсын судалгааны төв байгуулах санаачилгыг, НҮБ-ын тогтоолыг санаачлах нь зүйтэй гэж боддог. Энэ бол амбиц гэдэг талаасаа бид олон улсад өөрийнхөө байр суурийг бэхжүүлэх гарц гэж харж байгаа.-Ураны төслөө Францтай, атомын цахилгаан станцын төслийг ОХУ-тай хэрэгжүүлэхээр ярьж байна. Энэ хоёр төслийг хоёр өөр улстай хэрэгжүүлэх нь зөв үү?-Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд бага, дунд оврын цахилгаан станцын судалгаа маш олон оронд хийгдэж байна. Бага, дунд оврын цахилгаан станц барьдаг, үйлдвэрлэдэг болох чиглэлээр нэлээд хэдэн улс орон ажиллаж байна. ОХУ-тай хамтран судалгаа хийж байгаа гэж ойлгож байгаа. Дээр хэлсэнчлэн манай улс НҮБ-ын тогтоол санаачилж бага, дунд оврын цахилгаан станцын олон улсын судалгааны инситут байгуулах санаачилга гаргавал бусад улс орон ч дэмжинэ гэж судлаачийн хувьд үздэг. Яагаад гэхээр Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс гэдгээ зарласан. Энэ төрлийн судалгаа хийх нэр хүндтэй орнуудын нэг байж чадна. Тиймээс ийм олон улсын байгууллага байгуулах нь зүйтэй. Тэгээд судалгаа хийж байгаад шийдэх ёстой.-Атомын цахилгаан станцтай болбол манай улс нөөцөөрөө станцаа ажиллуулаад явах боломжтой юу?-Байгаль дээр байгаа ураныг шар нунтаг хэлбэрээр гаргаж авсны дараа цөмийн станцын түлш болтол нэлээд олон шат дамжлага дамждаг. Ирээдүйд манай олборлолтын хэмжээ нэмэгдэхийн хэрээр тэгж боловсруулах боломж нээгдэх боломжтой.Яг одоогийн байдлаар цөмийн цахилгаан станц авбал реакторынхаа компанитай гэрээ хийгээд түлшийг нь хамт авах байдлаар ажиллаад явах боломжтой. Хүний нөөц, мэдлэг, туршлага нэмэгдэхийн хэрээр бусад үе шатуудыг нь үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Ирээдүйтэй салбар гэж хэлнэ.-Хэрвээ энэ Засгийн газрын үеэс атомын цахилгаан станц барих ажлын эхлүүлбэл хэдэн жилийн дараа манай улс станцтай болж чадах вэ?-Олон улс орон захиалга өгөхөд бэлтгэж, судалж байгаа учраас захиалга нэлээд их байх шинжтэй байгаа. Учир нь дэлхий уур амьсгалын өөрчлөлтэй холбоотойгоор цэвэр эрчим хүчний эх үүсвэр маш их шаардлагатай байна. Том нүсэр станц гэхээсээ илүү бага, дунд оврын станц илүү уян хатан, хот төлөвлөлттэй уяхад илүү боломжтой гэдэг нь нотлогдож байгаа учраас улс орнууд энэ чиглэл рүү явж байна.Манай улсын тухайд хамгийн ойрдоо таван жил хол гэхэд 20 жилийн дараа атомын цахилгаан станцтай болно гэж таамаглаж байна.-“Орона” компани уусган баяжуулах аргаар уран олборлоно гэж байна. Энэ аргын сөрөг үр дагаврын талаар мэдээлэл өгөөч?-Дэлхийн нийтээр олборлож байгаа ураны ихэнх хувийг уусган олборлох аргаар олборлож байна. Аливаа үйлдвэрийн нэгэн адил байгаль орчны, хүний, малын эрүүл мэндийн нөлөөллийг байнга хянаж байх хэрэгтэй. Гэхдээ аюулгүй ажиллагаатай байх бүрэн боломжтой, энэ ч батлагдсан учраас би бол аргыг аюулгүй гэж үзэж байгаа.Манай Мардайн уурхай бол гүний уурхай учраас өөр технологиор олборлож байсан. Буталж байгаад хүдрээ ОХУ-д аваачиж боловсруулж байсан.-Ярилцсанд баярлалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *