Д.Жавзандорж: Энэ өдөр дор бүрнээ “Бусад хүн амар амгалан аз жаргалын дээдийг эдлээсэй, зовлон, муу сэтгэл түүний үр дагавраас хагацаасай” гэж бодно
Өнөөдөр “Зулын 25”- ны Их дүйчин өдөр. Энэ өдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс Жанрайсигийн урд талбайд гал тахих үйлийг Монгол хэлээр уншиж хийнэ. Тодруулбал, Монгол, төвд хэлээр туурвисан олон янзын гал тахих судрууд дотроос Монгол ламын зохиосон гал тахилгын судрыг сонгон авч орчуулаад олон нийтээр унших аж. Мөн зул өргөх ёслолыг зохион байгуулна.
Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25-ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн онцгой эрдмийг олж нийтийн үзэгдэл нирваан дүр үзүүлсэн юм.
Энэ өдөр шашин шүтэх эс шүтэхээс үл хамааран дор бүрнээ “Бусад хүн бүгд амар амгалан аз жаргалын дээдийг эдлээсэй, зовлон, муу сэтгэл түүний үр дагавраас хагацаасай” гэж бодно. Тэдгээрийн адил энэ өдрийг өнгөрүүлье гэж хичээх юм бол бусад өдрөөс илүү ялгамжаатай болно. Энэ өдөр мэгзэм сайн тоолж Богд Зонховын үйлс зохионгуйд даган баясч, муу сэтгэлийг ялан дийлсэн адил би ч гэсэн зовлон асуудал бүхний уг суурь болсон муу сэтгэлийг ялан дийлье гэж өөртөө амлалт өгч зоригжуулбаас үр дүн нь илүү хурдан юм гэж МБШТөв- Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж хэлжээ.