Өмнөговь 1.2 тэрбумаар ингэний ферм байгуулна
Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг даргын тамгын газраас “Ингэний ферм” байгуулах тендер зарлажээ. Тус тендерийн санхүүжилт нь 1,200,000,000 /нэг тэрбум хоёр зуун сая/ бөгөөд энэ ондоо багтааж олгохоор төлөвлөжээ.
Тендерийн материалыг ирэх сарын 13-ны өдөр хүртэл хүлээн авна. Мөн хүлээн авах хугацаа дууссан өдрөө тендерт шалгарсан байгууллагыг зарлах аж.
Өмнөговь аймаг Даланзадгад сумын төвийн үйлдвэрлэлийн бүсэд ноос угаах үйлдвэр, ингэний сүүний үйлдвэр, ферм, оёдол, барилгын материалын үйлдвэр баригдаж байгаа ба удахгүй ашиглалтад орохоор бэлтгэж байгаа юм. Ингэний сүүний үйлдвэрийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газраас хэрэгжүүлж буй төслийн 93 мянган долларын буцалтгүй тусламжаар байгуулж буй бөгөөд үйлдвэрээс гарсан хуурай сүүг боловсруулах үйлдвэрт нийлүүлэх ажээ. Улмаар монгол тэмээний сүүг олон улсад нийлүүлэх зөвшөөрлийг НҮБ-аар дамжуулан олж авах юм. Үйлдвэрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд нийт 2500 тэмээг эрчимжүүлсэн болон уламжлалт аж ахуйн аргаар маллаж өсгөхөөр төлөвлөжээ. Баригдаж буй фермд одоогоор 10 саальчин, тогооч, малын эмч, технологич ажиллаж, эмнэг ингэнүүдийг автомат саалтуураар сааж сургаж байна. Шинэ үйлдвэр нь нэмэлт бодис холилгүй шүүсэн шингэн сүүг хөлдөөн хатаах горимоор боловсруулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Энэ мэт сумдад ингэний ферм байгуулснаар ажлын байрны тоо нэмэгдэж, эдийн засаг эргэлтэд орох юм.