Эрдэмтэн судлаач, байгаль хамгаалагчид О.Амгаланбаатар гишүүнийг уучлалт гуйхыг шаардав

0

Байгаль хамгаалал, биологийн шинжлэх ухааны 57 эрдэмтэн, судлаач нар хамтран УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарыг УИХ-ын ёс зүй, дэгийн байнгын хороонд ёс зүйн хариуцлага тооцуулахаар гомдол гаргаад байна.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд заасан “…Гишүүн ард түмний элчийн хувьд нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалаа дээдлэн ажиллана…”, “…Бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн хүндэтгэлтэй хандах, бусдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, доромжлохыг цээрлэнэ…” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж тэд үзэж байгаа аж.

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн ордонд хийсэн мэдээллийнхээ үеэр “…дархан цаазат газрын хэдэн нөхдүүд нь бараг энэ бичил уурхайчидтай хамтраад ухчихсан зөндөө газар байгаа…”  гэх хариуцлагагүй мэдэгдлийг хийгээд зогсохгүй мөн сарын 19-ний өдөр “…хэдэн мазаалай гэж яриад байдаг мазаалайгаар тэжээгддэг зайлуул хэдэн эрдэмтэд байдаг юм шиг байна, тэр мазаалайгаар төсөл бичиж гадна, дотноос  санхүүжилт босгодог хэдэн нөхөд байдаг юм шиг байна, тэр нөхдүүдийн хувьд яг үнэндээ хэлэхэд өөрсдөө ч мазаалай үзээгүй шүү дээ…” зэрэг ёс зүйгүй мэдэгдлүүдийг хийсэн талаар баримт бичигтээ дурджээ.

Иймд Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т заасан “…уучлал гуйхыг үүрэг болгох…” гэсэн сахилгын хариуцлага ногдуулан, Говийн их дархан цаазат газрын А бүсийн хамгаалалтын захиргаанд ажиллаж байсан үе үеийн удирдлага, байгаль хамгаалагч, ажилтнууд болон уг бүс нутагт судалгаа хийсэн эрдэмтдээс уучлалт гуйхыг хүсч байна гэжээ.

Сүүлийн үед Говийн Их дархан цаазат газарт Нарансэвстэйн боомт байгуулах талаар Говь-Алтай аймгийн засаг даргаар хоёр удаа дарааллан ажиллаж байсан өдгөөгийн УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар идэвхийлэн явах болсон бөгөөд аймгийнх нь хөгжил дэвшил ядруу байгаа учраас энэ боомтыг нээх нь чухал гэх болсон билээ. Харин эрдэмтэн судлаачид энэ нь хууль, олон улсын гэрээ конвенцийг зөрчин Монголд төдийгүй дэлхийд нэн ховор амьтдын амьдрах орчинг сүйрүүлж, говийн эко системийг сүйтгэнэ гэдгийг анхааруулж хэлэх болсон юм. Ганьсу мужаас мөнгө авч зам тавьж, энэ боомтыг нээх асуудалд тээг болж байгаа учраас эрхэм гишүүн эрдэмтэн судлаачдыг элдвээр хэлсэн нь ийн Ёс зүй, дэгийн хороонд дуудагдахдаа хүрээд байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *