“Гадаад орчинд Хятадын эдийн засгийн өсөлт буурвал бидэнд сөргөөр нөлөөлнө”
“Монголын эдийн засгийн тойм” тайланг танилцуулах хэвлэлийн хурлыг Дэлхийн Банкнаас зохион байгууллаа.
Энэ үеэр Монголын эдийн засгийг хүрээлэх гадаад орчны нөхцөл байдлын талаар Дэлхийн Банкны эдийн засагч Б. Ундрал дараах мэдээллийг танилцууллаа.
Гадаад талд ямар асуудал байна вэ?
Дэлхийн эдийн засгийн өсөлт 2024-2026 онуудад алгуур буурах хандлагатай байгаа.
Тэр дундаа Хятадын эдийн засгийн өсөлт тогтмол буурч байгаа. Энэ нь нэг талаас Монгол улсын экспортын бараа бүтээгдэхүүний эргэлтэд нөлөөлөх, нөгөө талаас гол бүтээгдэхүүний түүхий эдийн үнийг дэлхийн зах зээлд бууруулах нөлөөг үзүүлэх хандлагатай.
Жишээ нь нүүрсний үнэ 2025 онд 12-13 хувиар буурах суурь төсөөлөлтэй байгаа.
Гадаад орчинд ийм байгаа бол дотоодод эрэлт өндөр хэвээр байна гэж үзэхээр инфляцын дарамтыг нэмэгдүүлнэ, төсөв бага зэргийн алдагдалтай байх (орлого
нэмэгдэх ч), урсгал дансны алдагдал тэлэх нь.
2026-2027 онд уул уурхай тогтворжиж, бусад салбарууд ч нөхөж орж ирснээр эдийн засгийн өсөлт зургаа орчим хувьд тогтворжих ерөнхий суурь төсөөллийг боловсруулаад байгаа.
Энэ төсөөллийг дээш эсвэл доош татах, нөлөөлж болохуйц хэд хэдэн эрсдэл бий.
Жишээ нь дотоодод төсвийн зардал хэр зэрэг тэлэх, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуд турхан, ган гачиг хэр ойр ойр эсвэл хэр ширүүн тохиох уу гэдэг гол асуудал.
Гадаад орчинд Хятадын эрэлт бидний төсөөлж байснаас илүү хурдтай буурвал сөргөөр нөлөөлнө.
Мөн геополитикийн асуудлуудаас шалтгаалан дэлхийн худалдаа хурцадмал байдалд орвол Монголд таагүй нөлөө үзүүлнэ.
Дүгнэж хэлбэл эдийн засаг бол уул уурхай, дотоод эрэлтээ дагаад өндөр өсөлттэй байна. Өнөөгийн 5.3, 5.6 хувь бол хангалттай өндөр өсөлт.
Сүүлийн хоёр жилд олж авсан эерэг хандлага, төлөвөө хэрхэн яаж хадгалах, яажтбататгах вэ гэдэг нь бодлогын гол сорилт, анхаарал хандуулах асуудал байх болов уу
хэмээн эдийн засагч Б.Ундрал тайлбарлалаа.