Б.Ундрал: 2024 онд цалингийн орлого сайжирч, улмаар өрхийн бодит орлогод эерэг нөлөөлжээ
Дэлхийн банкнаас /2024.11.29/ Монгол Улсын эдийн засгийн энэ оны есөн сарын байдлаарх төлөв, ирэх онуудад ямар байх талаарх төсөөллийг танилцууллаа.
Дэлхийн банкны эдийн засагч Б.УНДРАЛ:
-Монгол Улсын хэмжээнд 2024 оны эхний хагаст хөдөлмөрийн зах зээл сэргэж, Covid-19-ийн өмнөх үеийн түвшинд хүрч сэргэсэн. Энэ утгаараа цалингийн орлого сайжирсан учраас өрхийн бодит орлогод сайнаар нөлөөлсөн. Өрхийн бодит хэрэглээг дэмжсэн бас нэг эерэг үзүүлэлт нь инфляци. Инфляци 2023 оны дундажтай харьцуулахад 2024 онд буурсан.
Инфляци доогуур түвшинд хадгалагдаад ирэхээр өрхийн олж байгаа орлогод эерэгээр нөлөөлнө. Үүнийгээ ч дагаад төв банк бодлогын хүүгээ бууруулах шийдвэрийг энэ онд гурван ч удаа гаргасан.
Импортоор авдаг шатахуун, хүнсний үнэ буурч орж ирсэн учраас инфляци буурсан. Дотоодод махнаас бусад бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байсан.
Өрхийн бодит орлого хэрэглээг дэмжсэн нэг үзүүлэлт нь хэрэглээний зээл. 2023 оны дундаас эхлээд хэрэглээний зээл тогтмол өндөр түвшинд хадгалагдаж ирсэн. Эрсдэл багатай учраас банкууд цалин болоод тэтгэврийн зээл олгож ирсэн. Өрх, ААН-үүдийн хувьд хэрэглээгээ санхүүжүүлж байгаа орлогын эх үүсвэр болж ирсэн.
Бизнесийн зээл 2023 онд дорвитой өсөхгүй байсан бол 2024 онд өсч, хэрэглээний зээлтэй тэнцсэн.
Бизнесийн орчинд итгэл сэргэх, чанаргүй зээлийн хэмжээ буурч байгаа зэрэг нь банкуудаас бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын зориулалттай зээл олгосон. Эдийн засгийн агентууд буюу хувийн аж ахуй нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг дэмжсэн буюу цаашлаад дотоод эрэлтийг дэмжсэн фактор болж байна.
Төрийн болон улсын байгууллагуудын хэрэглээ өндөр байсан. Уул уурхайтай холбоотой орлого, хувь хүн, ААН -үүдийн орлого өндөр байсан учраас 2024 оны эхний есөн сарын байдлаар төсөв ашигтай гарсан. Импортыг өдөөгөөд байдаг эхний индикатор нь барааны тэнцэл.
Нүүрс, зэсээ экспортолсон хэвээр байгаа ч импортын зардал нэмэгдээд ирсэн учраас барааны тэнцэл муудаж, түүнийгээ дагаад урсгал тэнцэл муудаж, төлбөрийн тэнцлийн дарамт энэ жил эрчимжсэн дүр зурагтай байна.
Цаашдын нөхцөл байдлыг харвал, 2024 оны сүүлийн улиралд энэхүү хандлага хэвээр хадгалагдаад эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай гарах болов уу. Улмаар эдийн засгийн өсөлт 2025 онд эргэн сэргэж 6.5 хувь руу орно гэж үзэж байна. Үүнд нөлөөлж байгаа хоёр үзүүлэлт байгаа.
Нэг нь Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл рүү дорвитой орж, үйлдвэрлэлээ эрчимжүүлнэ, зэсийн баяжмалын экспортоо нэмэгдүүлэх учраас эдийн засгийн өсөлтөд ч тэр, төсвийн балансад ч тэр түүнийг дагасан аж ахуй нэгжид нөлөө үзүүлнэ.
Нөгөөх нь хөдөө аж ахуйн салбар. Энэ өвөл зуд нүүрлэхгүй бол хөдөө аж ахуйн салбар эргээд сэргэнэ.
Тэр нь ДНБ болон хөдөө аж ахуйн салбарын айл өрхүүдийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлнэ.
Гадаад талдаа асуудал ямар байх вэ гээд харахаар дэлхийн эдийн засгийн өсөлт 2025, 2026 онд алгуур буурахаар байгаа. Тэр дундаа Хятадын эдийн засгийн өсөлт тогтмол буурахаар байна.
Энэ нь Монгол Улсын эдийн засгийн экспортын бараа бүтээгдэхүүний эрэлтэд нөлөөлөх, нөгөө талаасаа дэлхийн зах зээлийн гол түүхий эдийн үнэд нөлөө үзүүлэхээр байна. Бидний төсөөлснөөр 2025 онд нүүрсний үнийг 12-13 хувиар буруулах төсөөлөл гарсан.
Гадаад орчин ийм байгаад дотоод орчинд эрэлт өндөр хэвээр байхаар инфляцийн дарамтыг нэмэгдүүлнэ, төсвийн алдагдалд хүргэнэ, импортоор дамжаад урсгал дансны алдагдлыг тэлнэ. 2026, 2027 онд уул уурхай тогтворжоод бусад салбар нөхөж орж ирэхээр эдийн засгийн өсөлт 6 орчим хувьд тогтворжих суурь төсөөллийг боловсруулаад байна.
Эдийн засаг уул уурхайгаа дагаад дотоод эрэлтээ дагаад өндөр өсөлттэй байна. 5.3 хувь гэдэг хангалттай өндөр өсөлт. гадаад орчин тодорхой бус нөхцөлд энэ өсөлтөө яаж хадгалах вэ гэдэг нь бодлогын гол сорилт байх болов уу.