Дархан-Уул аймаг болон Баянзүрх-Налайх дүүргийн нутаг дэвсгэрт дроны туршилтын бүс байгуулахаар болжээ
Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар Дроны туршилтын бүс байгуулах төслийг баталлаа. Тодруулбал, дрон, хүнгүй агаарын хөлгийн систем (UAS)-ийг 500 метрийн өндөрт турших байнгын ажиллагаатай туршилтын бүс (төрөлжсөн)-ийг Дархан-Уул аймаг болон Баянзүрх-Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгуулах аж.
Цаашид судалгаагаар тогтоогдсон бусад байршилд дроны туршилтын бүс байгуулахад шаардлагатай эрх зүйн болон бусад зохицуулалт хийх ажлыг эрчимжүүлнэ. Дроны туршилтын бүс байгуулснаар дэвшилтэт шинэ технологийг эх орондоо турших, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, геологийн хайгуул, байгаль орчны тандалт шинжилгээ хийх, эрчим хүч, онцгой байдал, алслагдсан сум суурин газарт интернэтийн үйлчилгээг хүргэх арга хэрэгсэл болгон ашиглах юм. Мөн “Дрон такси” үйлчилгээг нэвтрүүлэх суурь нөхцөл бүрдсэн байна.