Б.Нандин-Эрдэнэ: 2000 хүнд судалгаа хийхэд өргөн молдтой гутал өмссөнөөс болж 70 хувь нь хөлийн нум, 20 хувь нь өвдөгний ямар нэг асуудалтай болсон байсан
“Ой партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нандин-Эрдэнэтэй ярилцлаа.
– Танай байгууллага гутлын үйлдвэрлэл эрхэлдэг юм байна. Энэ хүрээнд уул уурхайн салбарын ажилтнуудын дунд судалгаа явуулсан байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
Тийм ээ. Манай компани 2017 оноос хойш гутлын үйлдвэрлэл, брэнд хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллахаас гадна гаднын брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэх, өөрсдөө мөн франчайзын үйлчилгээ эрхлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа. Хамгийн гол үйл ажиллагаа нь гутлын үйлдвэрлэл, брэнд хөгжүүлэлт. Өдөр тутмын арьсан гутал, уулын гутал, эрүүл мэндийн, хүүхдийн сургуулийн зэрэг гутал үйлдвэрлэж байна. Үүний нэг нь Хөдөлмөр, аюулгүй хамгааллын гутал юм. Бид ямар нэг ажил эхлүүлэхдээ, хөгжүүлэхдээ судалгаа, шинжилгээнд суурилж бодитой хандахыг хичээдэг. Ажлын гутлын хэлбэр, хийцлэл, тав тухыг сайжруулах зорилгоор уул уурхайн салбарын 2000 ажилтны дунд судалгаа явуулсан. Тус судалгааг хийхдээ бид TrexLAB буюу тухайн хүний хөлийн тавхайгаас хүзүүний ар хүртэлх бүтэн биеийн тулгуур ясыг хэмжих AI төхөөрөмжийг ашигласан. АI алгоритмын дагуу хүний хөлийн тавхайгаас хүзүү хүртэлх хэсгийг хэмжиж оношлох ба буруу гишгэлтээс болж үүссэн биеийн тулгуур эрхтний гажилтуудыг нарийн гаргадгаараа давуу талтай.
– Судалгааны дүн ямар гарсан бол?
Судалгаагаар уул уурхайн 2000 ажилтны 70 хувь нь хөлийн бага нумтай эсвэл нумгүй байсан. Мөн 20 хувь нь өвдөгний ямар нэг асуудалтай, 65 хувь нь мөрний гажуудалтай, 60 хувь нь хөлийн тавхай өргөн байсан. Энэ нь өргөн молдтой гутал өмссөнөөс үүсдэг. Үүнээс гадна тулгуур эрхтэн болох хөлний ачаалал, өвчлөлөөс үүдээд аарцаг, мөр, нуруу, хүзүү зэрэг хүний биед сөрөг нөлөө үзүүлсэн байна. Нийт судалгаанд хамрагсдын дийлэнх нь гутал хүний эрүүл мэндэд ямар эерэг, сөрөг үр дагавар үзүүлдэг, хэрхэн эрүүл мэндэд нөлөөлдөг талаар маш бага мэдэж байсан. Энэ нь тухайн ажилчид өөрсдийн эрүүл мэндийг гутлаар дамжуулан хамгаалах цаашлаад гарч болох эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах мэдлэг дутуу байгааг илэрхийлж байгаа юм.
– Эдгээр өвчлөлүүд нь яг хөлний нум болоод гуталнаас үүдэлтэй гэдгийг яаж мэдэх вэ?
Бид өдөрт дунджаар найман цагийг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг. Энэ үед бидний хамгийн чухал хамтрагч болох гутал өөрийн үүргээ биелүүлж байдаг. Хөлнөөс даарах, хөлөнд тухгүй мэдрэмж төрөх, хөлийг холгох, хөл чийг татах зэрэг нь хамгийн эхэнд үзүүлж буй сөрөг нөлөөлөл юм. Үүнээс үүдэн хүний бөөр, өвдөг, нуруу өвдөх, нуруунд суулт өгөх, мэдрэлийн системд нөлөөлөх гэх мэт сөрөг үр дагаврыг бий болгодог. Хэрвээ та босоо байрлалаар олон цаг ажилладаг мөн дээрх өвдөлтүүд мэдрэгдэж эхэлсэн бол гуталнаас хамааралтай хэв шинж гэсэн үг. Хөл нумгүйн дээр буруу гутал өмссөн бол та өөрийгөө хорлож байна аа гэж ойлгож болно.
– Тэгвэл нумтай, зөв гутал өмсөөд дээр таны дурдсан эрүүл мэндийн асуудлуудыг шийдэх боломжтой юу?
Хөлийн хавтгай, нумгүй байгааг физик эмчилгээ болон гутлаар шийдэх боломжтой байдаг. Өнөөдрийн завгүй амьдралд өдөр бүр физик эмчилгээ хийх нь тохиромжгүй учраас үүнийг гутлаар дамжуулан тодорхой түвшинд шийдвэрлэх боломжтой байдаг. Та өөрт тохирсон нумтай, таны алхалтыг дэмжих улавчтай, хөлийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гутал өмсөх хэрэгтэй. Гэхдээ заавал асуудал үүссэний дараа биш урьдчилан сэргийлэх боломжтой шүү дээ. Анхнаасаа хөлд эвтэйхэн, тав тухтай зөв гутлаа сонгох нь хамгийн чухал. Хөлийн нумгүй бол өөрт таарсан нумтай улавч хэрэглэх зэрэг арга хэмжээг авч болно. Бид нэгэнт үүсчихсэн энэ асуудлыг шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын стандартад нийцсэн “TREX PRO” уул уурхай, барилга, автозам, хөдөө аж ахуй, хүнд, хөнгөн үйлдвэрлэлд өмсөх тусгай зориулалтын ажлын гутлыг үйлдвэрлэж зах зээлд нэвтрүүлсэн. Зүгээр нэг гутал зараад байгаа юм биш. Үүний цаана хүний эрүүл мэнд, ажлын бүтээмж, инновац, оюуны өмч, албан ёсны эрхтэй хийц, материал, бүтээгдэхүүн гээд маш олон зүйл явж байгаа юм. Өөрийн хөлөнд таарсан зөв нумтай гутал өмссөнөөр дээрх эрүүл мэндийн асуудлуудаас урьдчилан сэргийлэх, осол гэмтлээс сэргийлэх, аюулгүй, эрүүл, хөлд тав тухтай гутал өмсөж ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Үүний үндсэн дээр бүх гутландаа нумтай улавчийг дагалдуулдаг. Зарим аж ахуйн нэгж байгууллагууд манайхтай хамтран ажиллаж ажилчдынхаа хөлийг TrexLAB төхөөрөмжөөр оношлуулаад зөвхөн тухайн хүнд тохирсон улавч хэвлүүлж авдаг. Ингэснээр тухайн байгууллага ажилтныхаа эрүүл мэндийг дэмжих замаар ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой.
– Өөрсдөө монголдоо үйлдвэрлэдэг гэсэн үг үү?
Бид загвар, хийцлэл, материалын сонголт, оношилгоонд суурилсан хэлбэр зэргийг монголдоо хийгээд, олон улсын стандартын дагуу албан ёсны оюуны өмчтэй бүтээгдэхүүнээ БНХАУ-д үйлдвэрлэдэг. Бид бүх стандарт, чанар, эдэлгээгээ хангахын тулд, мөн үнийн бодлогоо хямд байлгахын тулд, загвар хийцлэлээрээ бусад дэлхийн брэндүүдээс ялгарахгүйн тулд БНХАУ-д хийдэг. Өнөөдөр дэлхийн бүх тансаг зэрэглэлийн болон өдөр тутмын брэндүүд бүгд үйлдвэрлэл хөгжсөн урд хөршид бүтээгдэхүүнээ үйлдвэрлүүлдэг шүү дээ. Та бүхэн Apple брэндийн гар утсыг мэднэ. Хөгжүүлэлт АНУ-д үйлдвэрлэлүүд бүгд БНХАУ-д хийгддэг. Манай процесс яг л үүнтэй ижил зарчмаар ажилладаг.
Манай улсад үйлдвэрлэл харьцангуй сул хөгжсөн учраас оюуны өмч, патентыг үйл ойшоох хандлага байдаг. Энэ бол Монгол Улс үйлдвэрлэл хөгжүүлэх, ЖДҮ бизнесээ дэмжих төрийн хамгаалалт, бодлогын асуудал юм. Энэ салбарын хамгаалалт, зохицуулалтыг сайжруулахгүйгээр үндэсний үйлдвэрлэгчид дэлхийтэй өрсөлдөх, экспорт нэмэгдүүлнэ гэдэг хэцүү
– Дээр дурдсан стандарт, оюуны өмч, албан ёсны эрхийн талаар тодруулмаар байна. Учир нь манайд стандарт гэдэг зүйл алдагдсан, хэрэгжүүлдэггүй түүнээс болоод шаардлага хангаагүй байр орон сууц барихаас эхлээд маш их асуудал үүсдэг гэж хардаг. Манай улсад ер нь гутлын стандарт гэж байна уу?
ЕБС-ийн форм, хувцасны материалд стандарт тогтоочихсон хэрнээ хамгийн чухал хүний тулгуур эрхтэн хөл, хөлийг эрүүл байлгах гутланд стандарт байхгүй. Ядаж л цэцэрлэг, сургуулийн бага ангийн хүүхдийн гутал заавал нумтай, амьсгалдаг, сайн материалтай байх ёстой гэсэн стандарт тогтоочихвол гутал зарж байгаа наймаачид гутал оруулж ирэхдээ, эцэг эхчүүд хүүхдэдээ гутал худалдан авахдаа анхаардаг болно шүү дээ. Хүүхдүүд ихэнх цагаа цэцэрлэг, сургууль дээрээ өнгөрөөдөг. Тэндээ гутлаа сольдог учраас өдрийн ихэнх цагт өмсдөг гутал нь нумтай байвал илүү тохиромжтой. Наад зах нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн аав ээжид зааварчилгаа өгөх ёстой юм билээ. Нумгүй гутал өмсвөл ийм ийм өөрчлөлт гарна, эрүүл мэндэд ийм сөрөг нөлөөтэй гэх мэт. Бүх зүйл норм стандартын дагуу байж сая зөв болдог. Мөн хөдөлмөр аюулгүй байдлын гутлын Монгол Улсын стандартыг 2006 онд баталсан одоо энэ стандартаа мөрдөөд явж байгаа. Гэтэл энэ стандартаар өнөөдрийн ажилчдын аюулгүй байдал, эрүүл мэнд, тав тухыг хангаж чадах уу, үүгээр дамжуулан ажлын бүтээмжийг нэмэгдүүлж чадах уу гэдэг асуудал хөндөгддөг.
– Яг өнөөдөр мөрдөгдөж байгаа ямар стандарт байна. Танайх яг ямар албан ёсны стандартын дагуу гутал үйлдвэрлэж байна вэ?
Манай компани олон улсын болон Монгол Улсын MNS6764:2019, MNS0078:1988, MNS5623:2006, EN 12568:2010, EN ISO2034:2011, EN ISO20347:2012, CEI EN61340-5-1:2008, ASTM F2413-18, S3 зэрэг стандартуудыг үйлдвэрлэлдээ ашигладаг.
Стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх нь олон эрсдэл гарахаас урьдчилан сэргийлнэ. Тэгээгүйгээс болж нэг гутлын үнээс илүү эрсдэл тулгарвал яах вэ? Хүн эрүүл мэнд, мөнгө санхүү гээд олон зүйлээр хохирно шүү дээ. Тухайлбал, ажлын гутал өдөр тутмын гуталнаас, уулын гуталнаас өөр. Бүр цаашлаад хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн гутлын стандарт хүртэл өөр. Халуун, хүйтэн хэдэн хэмд ажиллах юм, ул нь ямар байхуу, хамгаалалт нь ямар байх уу гэх мэт. Тэр бүрд бид олон улсын стандартад нийцсэн материал ашиглахаас гадна оюуны өмчөөр баталгаажсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
– Бүтээгдэхүүнээ оюуны өмчөөр хэрхэн баталгаажуулсан бэ?
Оюуны өмч үйлдвэрлэл, хөгжүүлэлт, шинэ бүтээлд хамгийн чухал зүйл. Бид байнга шинэ санаачилга гаргаж хөгжүүлэлтээ тасралтгүй явуулдаг учраас патентыг эзэмших нь зайлшгүй юм. Патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүн нэг үгээр бол таны “хүүхэд” л гэсэн үг. Түүнийг хамгаалах салбарын бодлого маш чухал байна. Зөвхөн нэг үйлдвэрлэгч, эсвэл оюуны бүтээл туурвигчийн эрх зөрчигдөөд байгаа асуудал биш. Энэ бол бүхэл бүтэн салбарын эрх, цаашлаад эдийн засгийн өсөлт, уул уурхайн бус эдийн засгийн өсөлт, экспортын асуудал юм. Оюуны өмчид хөнгөн хуумгай, цөөн хэдэн уран бүтээлчдийн асуудал мэтээр огтоос хандаж болохгүй. Үүний ард эдийн засгийн асар том эргэц бий.
– Оюуны өмчийн тал дээр юуг сайжруулах шаардлагатай вэ, тэр дундаа танай хувцас, гутлын салбарт ч юмуу, илүү сонирхолтой санагдаад байна?
Оюуны өмч бол бидний хамгийн чухал эдийн засгийн эргэц шүү дээ. Энэ салбарын талаарх ойлголт биет бус бүтээл, соёл, өв, бүтээгдэхүүн төдийхнөөр ойлгогдож байгаа нь мэдээлэл дутуу хамгийн гол нь эрхзүйн орчин бүрдээгүй байна гэж харж байна. Мөн манай улсад үйлдвэрлэл харьцангуй сул хөгжсөн учраас оюуны өмч, патентыг үйл ойшоох хандлага байдаг. Үйлдвэрлэл эрхэлж л байгаа бол заавал бүтээгдэхүүн дээрээ патент авах шаардлагатай болдог. Тэр тусмаа гутал, хувцасны үйлдвэрлэгч заавал албан ёсны эрхтэй байх ёстой. Учир нь өдөр бүр хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг хангахаас гадна аюулгүй, тухтай байх боломжийг бүрдүүлэх ёстой шүү дээ. Энэ утгаараа оюуны өмч, патентыг салбарын түвшинд гаргаж ярих, зөв ойлголтыг хүмүүст түгээх цаашлаад эрх зүйн орчныг сайжруулахад голлон анхаарч ажилламаар байгаа юм.
Тухайлбал, манай албан ёсны патентын дагуу үйлдвэрлэдэг LEXTER, TREX PRO брэндүүдийн нэр, загварыг хуулбарлан урд хөршид хийлгүүлсэн гутлыг худалдан борлуулж байгаа нь салбарын зохицуулалт байхгүй, эрх зүйн орчин хөгжөөгүй, үйлдвэрлэгч, хэрэглэгчийг хамгаалах бодлого байхгүй нь харагдаж байна. Зөвхөн үйлдвэрлэгч биш хуурамч бүтээгдэхүүн худалдаж авч байгаа хэрэглэгч давхар хохирч байгаа шүү дээ. Энэ бол Монгол Улс үйлдвэрлэл хөгжүүлэх, ЖДҮ бизнесээ дэмжих төрийн хамгаалалт, бодлогын асуудал юм. Энэ салбарын хамгаалалт, зохицуулалтыг сайжруулахгүйгээр үндэсний үйлдвэрлэгчид дэлхийтэй өрсөлдөх, экспорт нэмэгдүүлнэ гэдэг хэцүү.