Хуурч чадахгүйгээ мэдсээр байж…
Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар “Дарга нарын “Утаа шингэрсэн” гэдэг юманд иргэд хууртахаа больсон” гэж 2 өдрийн өмнө “Тавантолгой түлш” компанид очиж ажиллахдаа хэлсэн юм. Тийм ээ, бид хууртахаа больсон. Хууртаж ч байгаагүй. Хуурч чадахгүйгээ мэдсээр байж яагаад “Утаагүй зуухны үлгэр”-ийг үргэлжлүүлнэ вэ?
Утаагүй зуух гээчтэй монголчууд бид 2011 онд танилцсан түүхтэй. “Сэлэнгэ констракшн” компани Туркээс “Өлзий”, “Хас” зуух, “Роял өүшн” компани Хятадаас “Голомт”, “Дөл” зуух оруулж ирэн, Улаанбаатарын гэр хорооллын айлуудад хүчээр шахсан. Утаагүй гэж рекламдсан тэр зуух утааны 80, PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын 70-89%-ийг багасгаж байгааг лабораторид хийсэн туршилтаар тогтоосон тухай тухайн үед мэдээлж байв. Уг лабораторийг нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эрдэс баялаг, эрчим хүчний яам байгуулсан юм.
Ингэж сурталдаад л асар үнэтэй тэр зуухаа нийслэлийн иргэдэд хүчээр нийлүүлсэн дээ. Соёлын довтолгооны үед айлуудын бүрхээрийг хураан авч, галд шатаасан шиг Улаанбаатарын айлуудын зуухыг хурааж аваад, оронд нь утаагүй зуухаа өгсөн. “459 мянгаар зуух авч чадахгүй” гэхэд нь 250 мянга болгож хямдруулсан. Тэгсэн ч хүчрэхгүй болохоор нь 24.300-50.000 төгрөгөөр өгсөн.
Хуурч чадахгүйгээ мэдсээр байж яагаад “Утаагүй зуухны үлгэр”-ийг үргэлжлүүлнэ вэ?
Ингэж бид утаагүй зуухтай болсон ч Улаанбаатарын утаа арилсангүй. Утаагүй зуух гэж байдаггүй юм гэдгийг бодит амьдрал дээр бид өөрсдөө харж, угаартуулах шахаж буй утаа бидэнд ойлгуулж байна. Зуухнаас гарах утааны 80%-ийг байхгүй болгосон ч 20% нь байгаа гэдгийг лабораторийн шинжилгээний хариу ч нотолж байгаа. 20 ч бай, 1 ч бай, ямар нэг хэмжээгээр утаа ялгаруулж л байгаа бол тэр утаагүй зуух биш. Гэтэл бидэнд утаагүй зуух гэж итгүүлэхийг хичээсээр.
Тийм зуух байдаггүйг нүдээрээ харж, амьсгалаараа мэдэрч байхад нийслэлийн удирдлагууд утаагүй зуухны унхиагүй үлгэрээ ярьсаар байгаа нь хоржоонтой. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар энэ оны 12 дугаар сарын 2-нд утаагүй зуухны тендер зарлажээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айлуудыг утаагүй зуухаар хангах юм гэнэ.
28 тэрбум 296 сая төгрөгөөр 32 мянган зуух худалдан авч, айлуудад тараахаар төлөвлөжээ. Гүйцэтгэгчийг 12 дугаар сарын 24-нд шалгаруулна. Шалгарсан компани 30 хоногийн дотор 32 мянган зуух нийлүүлэх үүрэгтэй. Өдөрт 1067 зуух үйлдвэрлэж байж, сарын хугацаанд ийм тооны зуух бэлэн болгоно.
Монголд ийм үйлдвэр бий юү? Үгүй. Хятадаас, Туркээс ч юм уу оруулж ирэх нь тодорхой. Ер нь бол аль хэдийнэ оруулаад ирчихсэн биз. Тэр компани л энэ тендерийг авч таарна.