Боловсролын сайд П.Наранбаяр: Багш бэлтгэх 45 хоногийн сургалтыг явуулж байгаа
Багш бэлтгэх 45 хоногийн сургалтыг гурван их сургууль дээр явуулж байна. Өнөөдрийн байдлаар 169 хүн сурч байгаа гэж Боловсролын сайд П.Наранбаяр хэлэв.
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Боловсролын салбарт 2025 онд 4.4 их наяд төгрөгийн төсвийг өргөн барьж батлуулсан. Ингээд 152 тэрбум төгрөгөөр хасагдаж орж ирэхээр болсон. Үүнд төрийн зарим нэг бүтцэд өөрчлөлт оруулах, цомтгож эхлэх, гадаад дотоод томилолтыг бууруулах байдлаар хэмнэх зорилт тавьж байна. Сургууль, багш нарт очиж байгаа төсөв дээр ямар нэгэн хасалт хийхгүй. Харин ч өнгөрсөн оноос нэмэгдсэн дүнтэй байгаа.
Төрийн албан хаагчдын 6 хувийн нэмэгдэл хэвээрээ байгаа. Хасагдаагүй. Мөн гүйцэтгэлд суурилсан урамшуулал дээр зохицуулалт хийж болно.
Бидний хувьд зургаан цогц асуудлыг зарласан. Тухайлбал багшийн хомсдол шийдэгдэхгүй байна. Нэмээд бид нэг ээлжтэй сургууль руу алсдаа орох хэрэгтэй. Мөн нэг ангид 25-30 хүүхэд суралцах ёстой. Ингэж байж сурлагын чанар сайжирна. Ингээд үзэхээр багшийн эрт хэрэгцээ улам их болно. Иймд мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах боломжийг нээж өгөх л ёстой. Өнөөдөр гурван их сургууль дээр сургалт нь явж байна. Өнөөдрийн байдлаар 169 хүн сурч байна гэв.