“Торгуультай автомашиныг түр саатуулах байр руу зөөнө, төлж дуусаад авч болно”
“2024 оны арванхоёрдугаар сарын 1-нээс торгуультай, татвар, даатгалаа төлөөгүй, оношилгоонд хамрагдаагүй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй” гэх мэдээлэл цацагдахад цөөнгүй хүн цочир хүлээж авав.
Гэвч энэ нь ямар нэг шинэ хууль, дүрэм, журам биш. Ийм хууль бий, жолооч бүр л энэ хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, бүгд л торгуульгүй, татвар, даатгалаа цаг хугацаанд нь төлсөн, оношилгоонд орсон техник болоод бичиг баримтын хувьд ч бүрэн, бүтэн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох ёстой юм. Гэвч үүнийг чанд биелүүлдэггүй, “Төлнө дөө” гэж хойш тавьдаг хүмүүс байсаар байгаа тул дээрх мэдээллийг цочир хүлээж авч буй хэрэг.
Уг нь торгуулиа төлөх хугацаа өгөөд, энэ хугацаанд амжаад төлбөл 10 мянгаар торгуулбал 5 мянган төгрөгийг нь төлөх уян хатан нөхцөлтэй хууль баталсан. Харин заасан хугацаанд төлөхгүй бол энэ нь сар бүр үржихээр болсон. Тодруулбал:
- Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн.
- Хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улсын ерөнхий прокурор, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2024.03.13-ний өдөр хамтарсан тушаал гаргасан. Үүнд эрхийг хязгаарлах эрх бүхий албан тушаалтан шүүх болон эрх бүхий байгууллага хоорондын үйл ажиллагаа зохицуулах, мэдээлэл солилцох журам, эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох аргачлалыг тус тус баталсан.
Энэ аргачлалд:
- Зөрчлийн тухай хуульд заасан хугацаанд буюу 15 хоногийн дотор торгуулиа төлсөн тохиолдолд 50 хувь хөнгөрүүлэх, хуульд заасан хугацаанд буюу 15 хоногоос хэтрүүлсэн тохиолдолд 50 хувиар нэмэгдүүлнэ.
- Торгуулийг сар бүр 10 хувиар нэмэгдүүлнэ. Жишээ нь, жолооч зөвшөөрөгдсөн дээд хурдыг 10-50 хүртэлх хувиар хэтрүүлсэн бол хүнийг 50 мянган төгрөгөөр торгоно гэж Зөрчлийн хуульд заасан. Үүнийг 15 хоногийн хугацаанд төлөхгүй бол 75 мянган төгрөг болгон нэмнэ.
- “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем”-ээр дамжуулж торгуулийг шалган иргэний бүртгэлтэй гар утас болон, И-Монголиа системээр дамжуулан хүргэнэ” гэж тусгажээ.
Шинэчилсэн хуультай болсноор “Төлнө дөө” гэж хойш тавиад л байвал таны торгууль үржээд л байхаар болсон. Мөн цагдаа таныг зогсоогоод “Торгуулиа төлөөрэй” гээд л явуулдаг байснаа больсон. Үүнийгээ энэ сарын 1-нээс улам ч эрчимжүүлэн, хуулийг сурталчлан, сануулж эхэлжээ.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Торгуулиа хуульд заасан хугацаанд төлөөгүй жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ангилал авах, сунгах, нэмэх, өөрчлөх, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлах арга хэмжээг цагдаагийн болон АТҮТ-ийн албан хаагчид хэрэгжүүлж байна.
Хуульд заасан хугацаанд торгуулиа төлөөгүй тохиолдолд торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийг хөдөлгөөнийг хязгаарлаж, хуульд заасны дагуу тусгай талбай, хашаа буюу түр саатуулах байранд зөөж шилжүүлж байгаа” гэв.
Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 8
Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлана.
Энэ оны 11 дүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038 тээврийн хэрэгсэл байна. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. (Эх сурвалж: НЗДТГ)