Ирэх онд залуу гэр бүлийг ипотект хамруулна

0

Засгийн газар 2025 оныг Залуучуудыг дэмжих жил болгон зарлах бөгөөд орон сууцны асуудлаа шийдвэрлэхэд нь тодорхой дэмжлэг үзүүлэхээр бодлого боловсруулж буй аж.

Гэр бүл хөгжил, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Үндэсний хороо байгуулагдаад хоёр сар болж байна. Энэ хугацаанд ипотекийн хүрэлцээг яаж нэмэгдүүлэх вэ, зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн санхүүжилтийн урт хугацааны эх үүсвэрийг хэрхэн бий болгох вэ гэдэг дээр ажиллаж байна. Ирэх жил ипотекийн зээлийг олгохдоо зорилтот бүлэг рүү чиглүүлнэ. Анх удаа орон сууц авч байгаа залуу гэр бүлийг ипотекийн зээлд хамруулах бодлого барина.

Хосууд хоёулаа ажил хөдөлмөр эрхэлдэг, Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, 2-3 хүүхэдтэй бол 50 м2 хүртэлх орон сууцны ипотекийн зээлийн бүтээгдэхүүнд хамруулах. Урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг Зээлийн батлан даалтын сангаас гаргах зэрэг хувилбарыг ярилцаж байна.

Энэ арванхоёрдугаар сардаа багтаан шийдэл гаргана” гэдэг мэдээллийг өгч буй юм.

Зорилтот бүлгийнхнийг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэхэд Хот байгуулалт орон сууцжуулалтын яам мөн голлох үүрэгтэй оролцож байна.

Хот байгуулалт орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь “Хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилд 150 мянган айлын орон сууц ашиглалтад оруулна. 60 мянган айлын орон сууцанд ипотекийн зээл олгох бодлого барьж байна. Мөн ипотекийн зээлийн  50 хүртэлх хувийг залуучуудад олгоно. Орон нутагт орон сууц авах залуучуудад илүү дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал, орон нутагт орон сууц авбал 3 хувийн хүүтэй ипотек олгож, зөрүүг татаасаар олгоно. Ажилласан жилээр нь ипотекийн зээлийг хямдруулах.

Амины орон сууцыг ипотект хамруулах. Хамгийн гол нь дулааны алдагдалгүй амины сууц барих ёстой. Дэлхийн банк зэрэг донор орнууд монголчууд олсон мөнгөнийхөө ихэнхийг эрчим хүч, дулааны алдагдалд өгч байна гэдгийг анхааруулж байгаа. Тийм учраас амины орон сууц дөрвөн хана, тааз шал, цонхоороо дулаан алддаггүй байх нөхцөл хангасан тохиолдолд ипотекийн зээл олгоно.

Мөн 90 суманд тус бүр  найман айлын орон сууцыг ногоон байдлаар барьж, шинэ залуу боловсон хүчин, нарийн мэргэжлийн боловсон хүчин ажиллах нөхцөлөөр хангах бодлого барина” гэлээ.

Засгийн газраас ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ирэх онд Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр болсон. Монголбанкнаас 130 мянга орчим иргэнд ипотекийн зээл олгосноор эргэн төлөлтөөр мөн 500 орчим тэрбум төгрөг орж ирдэг. Арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр ипотек олгодог болсноор мөн санхүүжилт нь 200 тэрбум төгрөгт хүрсэн. Иймээс ирэх жилийн ипотекийн зээлийн санхүүжилт 1.2 их наяд төгрөгийг давахаар байгаа юм. Гэхдээ энэхүү зээлийг залуу гэр бүл, төрийн албан хаагч нарт түлхүү олгохо бодлого баримтлах болж байгаа. Гол нь анх удаа орон сууцтай болж буй иргэдэд олгоно. Өнгөрсөн хугацаанд олгогдсон ипотекийн зээлийн 60 хувь хоёр дахь, гурав дахь орон сууцаа авч буй иргэдэд олгосон нь байрны үнэ хөөрөгдөх, түрээсийн байрны үнийг өсгөх, зорилтот бүлэг ипотекийн зээлд хамрагдах боломжийг хумьсан зэрэг алдааг дагуулсан тул анх удаа орон сууцны ипотекийн зээл хүсч буй иргэдийг хамруулахад Засгийн газрын бодлого чиглэх болж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *