Л.Дашням: Монголын нийгэм тэр чигээрээ тансагласан, нялхамссан, том зүйл хүсч мөрөөдсөн улс болчихлоо

0

Монгол Улсын Ардын багш, соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Дашнямтай ярилцлаа.

-Монголын нийгмийн өнөөгийн байдлыг та эрдэмтэн хүний хувьд яаж ажиглаж байна вэ?

-Монголын нийгэм туйлын бухимдуу байна. Хөлөө олоогүй, зүгээ ч олоогүй гэж хэлэхээр шахуу байдалтай. Ер нь Монголын төр их хүч муутай байгаагийн шинж л дээ. Төрийн бодлого, чиглүүлж буй зорилтуудыг бүх нийтээр хүлээж авах, авахгүй нь мэдэгдэхгүй. Нэг л замбараагүй болчихлоо. Хэдийгээр 1990 онд төр засгийн эрх мэдэл ард түмний гарт очлоо гэж Үндсэн хуульдаа тунхагласан боловч үнэн хэрэгтээ энэ нь өнөөдрийг хүртэл бодитой хэрэгжиж чадсангүй. Намууд хуучнаараа л 1990 оноос өмнөх шиг төрийн эрх мэдлийг мэддэг хэвээрээ байна. Тэр үеийг бодвол харин ч нэг биш хэсэг нам эрх мэдлийг гартаа авчихсан. Тэрэндээ зохицуулж Монголын нийгмийг өөрчилье гэж байгаа зорилго, зорилт нь ард түмний санаа сэтгэлд нийцэхгүй байгаа юм. Төсөв, төлөвлөгөө, хөгжлийн зорилт гээд бүх юмыг парламентын гишүүд нь өөрийнхөө тойрог руу чиглүүлдэг. Энэ нь цаагуураа өөрөө л дахин, дахин сонгогдох хэв маяг руу орчихсон. Тийм учраас төрийн бодлого нь улс орноо бүхэлд нь хараандаа авч хөгжүүлж чадахгүй байна. Тухайн гишүүний ашиг сонирхол, тойргийн хараатай ажил ноёлж байна. Үүний гороор огт дуусдаггүй барилга, цэцэрлэгүүд өчнөөн төчнөөн. Энэ бол замбараагүй бодлогын баримт. Нөгөө талаар олон намын тогтолцоо цөөхөн хүн амтай манайх шиг оронд хэрхэн тохирох вэ гэдгийг бодох л учиртай болж байна.

Яагаад гэвэл намууд хоорондоо улс орныг хөгжүүлэх, ард түмний амьдралыг сайн сайхан болгох тэр зорилтоороо санаа нэгтэй, гар нийлж ажиллахгүй, маш их сөргөлдөж байна. Тэд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө сайн зорилт, сайн төлөвлөлтүүдийг хүртэл унагаж байна. Намуудын эрх ашиг зонхилоод ирэхээр улсын нэгдсэн бодлого саармагжиж байгаа юм. Энэ чинь бухимдлын эх үүсвэр болоод байна. Хүмүүс намчирхаад ирэхээр хоорондоо бас их сөргөлдөж, улстөрждөг. Бүх ард түмний санал нийлсэн алсын том нэгдсэн зорилт байхгүй, тэрийг хэрэгжүүлдэг арга механизм ч үгүй болоод ирэхээр нийгэм бужигнаад байна. Бодож сэдсэн, хүсэж мөрөөдсөн нь амьдралд хэрэгжихгүй болохоор аргагүй шүү дээ.

-Нийгмийн бухимдлын тод толь нь сошиал ертөнц болжээ. Үнэхээр гар утас руугаа өнгийхөөс ч халгамаар санагдах юм. Хэн дуртай нь загнаж, орилоод галзуурдаг боллоо. Тэд нийгмийг удирдах гэж оролдох юм. Үүний цаана юу байна вэ?

-Манай монголчууд өөрийнхөө үзэл бодол дүгнэлтээ дандаа цахимаар илэрхийлж, бусдад тулгаж, ертөнцийн эзэн болчихсон юм шиг л аашилдаг болсон. Дандаа шүүмжилдэг, бие биеэ доромжилдог, нэг нэгнээ муухайгаар харааж зүхэх явдал хэрээс хэтэрч байна. Цахим ертөнцөд хамгийн муухай монгол хэлээр ярьдаг болчихлоо. Төрийн бодлого зөв байвал хэн дуртай нь шүүмжилж, дайраад байхгүй дээ. Сая гэхэд л улсын төсвөө хуулийн хугацаанд нь баталж чадахгүй, зоогдсон байдалтай л байж байна шүү дээ. Дээр үед бол төсвийн зарлага орлогоосоо хэтэрдэггүй байлаа. Зарлага нь орлогоосоо давсан бол тэр төсвийг баталдаггүй байсан шүү дээ. Тэр байтугай тодотголыг ч маш чухал хэрэгцээ гарсан үед л хийдэг хуультай байсан. Гэтэл одоо зарлага нь орлогоосоо давсан төсөв оруулж ирэх нь хэвийн үзэгдэл болж Төсөв их сайн тэлж байвал эдийн засаг тэлнэ. Хөрөнгө мөнгө нь зөв зориулалтынхаа дагуу зарцуулагдаж байвал хөгжил араасаа зайлшгүй дагуулна. Гэвч тийм зүйл байхгүй. Суурь хөгжлийн асуудлуудаа шийдчих юм бол дараа, дараагийн асуудлууд нь шийдэгдэх нөхцөлүүд бүрдэнэ гэдгээ тооцож бодохгүй байна. Хамгийн гол нь төрийн түшээд улс орныхоо бодлогыг томоор нь, нэгдсэн байдлаар олж харж чаддаггүй. Зөвхөн өөрийнхөө эрх ашиг, тойрог өнцгөөс хардаг болохоор бүтэмжтэй ажил хийгдэхгүй байна.

-Та ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат. Бас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан хүн. Парламент 126 гишүүнтэй боллоо. Энэ бүтэц улсын хөгжлийг хурдасгаж чадах уу?

-1990 оноос хойш эдийн засаг чөлөөтэй болоод хүмүүсийн хийж бүтээх нь харьцангуй нээгдсэн. Түүний хүчинд л энэ улс орон урагшилж байгаа юм гэж хэлэхэд хилс болохгүй. Тэрнээс улсын том бодлого, хэтийн хараа маш их үгүйлэгдэж байна. Хэдийгээр Алсын хараа гэсэн том ном байгууллага болгонд байгаа боловч өнөөдрийн зорилттойгоо уялдаж, холбогдож байгаа юм алга. Нэг нам, нэг гишүүний эрх ашиг эрхэм болдог л байдалтай. Тэрнээсээ үүдээд намууд нь зөрчилдөж эхэлдэг нь худлаа биш. Тэр нь засаг төрөө ч ганхуулахад хүргэдэг тохиолдол бий. Гишүүдийн тоог олон болгосноор ажил их урагштай, төрийн бодлого улам цэгцэрч алсын хараатай болно гээд парламентыг 126 суудалтай болгосон. Харамсалтай нь өнгөрсөн хагас жилийн хугацаанд гийгүүлж өөрчлөгдөж буй нь харагдахгүй л байна. Улам л төвөгтэй болчихож. УИХ-д улс орноо бодсон, шударга ёсыг дээдэлсэн залуус цөөн гэлтгүй анзаарагдаж л байна. Гэвч хуучцуул нь тэдэнтэй яаж харьцаж байгаа нь ард түмний нүдэн дээр ил байна шүү дээ. Нөгөө л хайрцагласан, хэдэн хүний эрх ашигт нийцсэн юм явж байна. Өнөөдөр Монголд далд эдийн засаг хэд дахин давамгайлж байгаа. Ийм нөхцөлд улсын бодлого хэрэгжинэ гэж байхгүй. Тиймээс нийгэм бухимдалтай байгаагийн цаад утга учир хөрс суурь нь үүнд буй юм.

-Монголд мөнгө байхгүй биш, байгаа. Харин тэрийгээ ард түмэндээ хүртээх сонирхол алга байна уу?

-Монголд мөнгө шиг их юм алга. Нүүрсний үйлдвэрлэл, бизнес үйл ажиллагаа хаагдаж боогдлоо л гэж байна. Түүний чинь ард дандаа далд мөнгө! Ямар тоо бидэнд сонсгодог билээ? Та бидний хүсэж мөрөөдөөд байгааг хэд дахин давуулж бүтээхээр тоо шүү дээ! Миний хэлээд байгаа далд эдийн засгийн чинь төрх тийм л байдалтай байгаа юм. Хотоо хар л даа. Зарим хүний ярьж байгаагаар цементэн ширэнгэ болж байна. Эзэнгүй хоосон барилга байшин өчнөөн төчнөөнөөрөө босч байна гэдэг ухаантай эдийн засгийн үр дүн мөн үү?

-Хотын утаанаас болж хорт хавдар замаа алдлаа. Энэ тал дээр эрдэмтэд яагаад шийдэл гаргахгүй байна?

-Монгол Улсын хүн амын бараг тал хувь нь Улаанбаатарт шавчихсан байгаа. Дэлхийд хүн амынх нь дийлэнх нь төвлөрсөн хот манайхаас өөр байхгүй. Цаашдаа бусад хотуудаа, хөдөөгөө хөгжүүлье гэж байгаа юм бол тэр алсын бодлогоо одооноос төлөвлөөд хэрэгжүүлээд явах ёстой. Гэтэл Улаанбаатарт л овоорч, бөөгнөрөхөд зориулсан ажлууд яриад байх юм. Орон нутгаа жигд хөгжүүлэх нэгдсэн том бодлого байгаа бол хотоо улам нягтрахад зориулсан ажлууд төлөвлөхгүй байх ёстой биз дээ? Жишээ нь, Өмнөд Монголын Багшийн Их сургуулийн гол гол хэсгийг яаж хотоосоо гаргаж байгааг би нүдээрээ харж л байлаа. Нүүж очих газар нь цогцолборуудыг нь урьдаад бариад өгчихдөг юм билээ. Сургууль, цэцэрлэг, ажлын байр, оюутны хотхон гээд бүгдийг цогцоор нь шийдчихсэн байсан. Гэтэл манайх их, дээд сургуулиуд, яамдаа хотоос гаргана л гээд байдаг. Хаана очих нь мэдэгдэхгүй. Байр сав нь бэлэн биш байдаг шүү дээ. Аль нэг Их сургуулийг хотоос гаргана гээд бодъё. Тэрийг дагаад хэчнээн оюутан, үйлчилгээний байгууллагын ажилтнууд, аав, ээж, гэр бүл дагаж гарах вэ гэдгийг бодоод тооцоод, түүнд л мөнгө хаяж байж нөгөө том яриа нь ажил болно шүү дээ.

-Саяхан ХХААХҮЯ-ыг Дархан руу нүүлгэсэн дээ. Гэтэл яг таны ярьж буй асуудлуудыг шийдээгүйгээс болж тэнд ажиллах хүн олдохгүй, хэцүүдэж байгаа гэсэн?

-Үнэхээр яам, тамгын газрыг хотоос нүүлгэхдээ бодлого төлөвлөгөөтэй байвал ийм асуудал үүсэхгүй л дээ. Гаргана гэсэн ерөнхий л юм ярьдгийн гор эхнээсээ илэрч байна. Зөв зохион байгуулж, төлөвлөсөн бол утаа, түгжрэл аяндаа шийдэгдэх болно. Уг нь улстөржихгүйгээр эрдэмтдийнхээ толгойг ашиглавал утаанаас салах шийдэл өчнөөн бий. Жишээлбэл, огт утаа гаргадаггүй зуух бүтээсэн монгол инженерийн патентыг барууны орон эзэмшээд үйлдвэрлэл явуулаад ашиг олоод байна гээд бичээд байгаа биз дээ. Тухайн үед түүний утаанаас салах шийдлийг манайх тоогоогүй шүү дээ. Яагаад гэвэл тодорхой хэсгийн эрх ашигт тэр нь нийцээгүй байж таарна.

Одоо Улаанбаатарын агаар, хөрсний бохирдол үнэхээр дааж, давашгүй асуудал болсон. Астана хотын ерөнхий архитектор хийдэг миний нэг найз “Манай Астана эрүүл бус хот байсан. Бид одоо хүртэл эрүүл болгож чадахгүй байна. Улаанбаатарыг та нар үнэхээр эмчлэгдэхгүй хот болгосон байна. Тэгэхээр төвлөрлийг нь задалж байж эмчилнэ. Тэгэхгүйгээр цаана нь гарч чадахгүй” гэж хэлж байсан. Тэр мэргэжлийн хүн асуудлыг нь яг нүдийг нь олоод харчихаж байна.

-Ингэхэд мэдлэгтэй мэргэжлийн хүмүүс нь ч гэдэг юмуу Монголын оюуны ертөнцийнхөн энэ асуудлыг шийдэхэд яагаад оролцдоггүй юм бол?

-Монголын эрдэмтэд өнөөдөр төр засгийн хийж байгаа болохгүй бүтэхгүйг шүүмжлээд, хэн нэг нь ч юмуу хэсэг бүлгээрээ зөвлөмж санал гаргаж байгаа нь үнэхээр бага. Харин ч гадаадад энд тэнд очоод юм үзсэн хүмүүс “Ийм байх ёстой, тэгэх ёстой” гэж цэцэрхэх нь цөөнгүй байдаг шиг байна. Тэрийг нь ард түмэн “Үнэхээр тийм байдаг юм байна” гээд бодчихдог. Оюун санааны манлайлал чамлагдаж байна. Сүрхий мэдлэг, туршлага хуримтлуулсан ахмад хэсгийнхний идэвх оролцоо ч сул байна. Тэднийг өнгөрсөн, өөр үеийн хүмүүс гээд холтгочихсон. Урам нь хугарсан тал ч бий л байх. Оюуны манлайлал болсон энэ хүмүүсийн оролцоо үлгэрлэл байхгүй болохоор төрд иргэнлэг оролцоо, бодлого дутагдаад байгаа хэрэг. Тэгэхээр өнөөдөр хамгийн их мэдлэгтэй, юмыг олж хардаг, туршлагатай хэсэг чинь чимээгүй байна.

Шийдвэр гаргагчдын алдааг нь олж хараад засаж залсан ганц хоёр үг дуугарахаар нөгөө сошиал нь “Эрүү, өвдөг нь нийлсэн эмгэд, өвгөд эндүү ташаа юм ярилаа” гээд баалж шоолж эхэлнэ Бүр хэлэхгүй муухай үгээр дайрч, доромжилно. Нэг жаахан юм унагах гэж байхад гэж уур нь хүрдэг биз. Тийм болохоор ах зах ахмад хүмүүс нь ингэж дооглуулж, доромжлуулж байхын оронд гэртээ зүгээр сууж байх минь гэдэг болсон байна. Ер нь сошиалын тэр муухай бүдүүлэг ертөнцөөс хамгийн их айдаг хүмүүс нь Монголын оюуны уурхай болсон хэсэг нь байна шүү дээ.

-Манай нийгэм улам л харанхуй мунхаг болоод байх юм. Вакциныг эсэргүүцээд л нэг хүн орилоод гараад ирэнгүүт массаараа итгэж үнэмших нь наад захын жишээ. Ард түмнийг яаж соён гэгээрүүлэх вэ?

-Цахим хэрэгсэл нь тэдгээр улсуудад ийм боломж олгож байна. Тэд сошиал ертөнцөд оролцохдоо юу хийж юу ярьж буйгаа мэдэх сөхөөгүй, мунхаглаж байгаагийн л илрэл. Энэ нь тэдний мэдлэг, боловсрол, оюуны цартай ч холбоотой. Цахим ертөнцөд их оюунлаг, чадварлаг бус хүмүүс элбэг байх шиг санагддаг юм шүү. Тэр байтугай хийж бүтээсэн зүйлгүй, ажилгүй, цаг завтай хүмүүсээр дүүрчээ, энэ нийгэм гэж бодогдоно Бараг юу яриад байгаагаа ч мэдэхгүй шахуу улсууд тэнд дур зоргоороо хэн нэгнийг шүүмжлээд доромжлоод суудаг бололтой. Хоорондоо ах захгүй хэрэлдэнэ. Хэрүүл хараал нь зогсоно гэж байхгүй. Ийм байдал нь хүний хэвийн амьдралыг алдагдуулж, санаа зовнил нэмээд байгаа юм. Төр маань төр шиг байж чаддагсан бол ийм асуудлуудыг дор нь цэгцэлнэ л дээ. Мэдээж “Хүний эрхэнд халдлаа. Үг хэл боолоо, боогдууллаа” гээд баахан орилж чарлаж, эсэргүүцэнэ л дээ. Гэвч хуулийн дор амьдрах учиртай шүү дээ.

Нийгмийн маань хөгжил хүмүүсээс одоо мэдлэг, соёлын өөр түвшин шаардаад байна. Тэрэнд нь бид тэнцэхгүй байна. Бүгд их мэдэгчид болоод хувирчихлаа. Нийгмийн харилцаанд соёлтой оролцох, үлгэрлэл үзүүлэх шаардах боллоо л доо. Энэ олон телевизүүд “Зуун ямаанд жаран ухна” гэгчээр л юм болж байгаа мөртлөө бие биеэсээ ялгарч, нийгмийн оюуныг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх ажил тун бага хийж байна. Нэгэн цагт манайхан сонин хэвлэл маш их уншдаг байлаа. Гарт баригдах, нүдэнд харагдах юмтай байлаа Үүх түүх маань цагаан дээр хараар үлддэг байсан. Тэгвэл одоогийн энэ их хошуураад байгаа сошиал чинь ямар ч баримт үлдээхгүй. Нийгмийн амьдралын амьд мөр болохгүй. Харин сонин хэвлэл бол зөвхөн баримттай мэдээлэхээс гадна түүхэн архив болж үлддэг онцлогтой шүү. Өөр нэг харамсмаар зүйл бий Цахим ертөнцийн хэл үнэхээр халаглаад барамгүй, засаж залж ч чадахааргүй боллоо.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 20 жилийн ой тохиож байна. Монгол хэлээ хайрлаж хамгаалах, хэлний хуулийн хэрэгжилтийг хангуулдаг гол үүрэг оролцоотой байгууллага шүү дээ. Жишээ нь, хүмүүс биднээс “Нийслэлийн гудамж талбайн хаягийг ойлгомжтой болгоод өгөөч, хаана яваагаа ч мэдэхээ байлаа” гэж байнга л шаарддаг. Тэр шаардлагыг бид хэзээ ч биелүүлж чадахгүй болсон юм шиг байна. Аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудад тийм шаардлага тавингуут “Хүний өмчид, эрхэд халдлаа” гэнэ. Хэлний хуулиа биелүүлээд 30, 40 мянган төгрөгөөр торгохоос хэтрэхгүй. Торгуулийн мөнгөө тоож байгаа газар нэг ч байхгүй. Зүгээр май л даа! гээд гаргаж өгчихөөд яваад өгнө. Хэчнээн удаа торгоод ч нэмэргүй. Тэгэхээр Монгол Улс маань хэзээ улс шиг улс болох вэ гэвэл эзэн нь өөрөө монгол хүн байж байж л сая Монгол болно. Одоо бол ний нуугүй хэлэхэд энэ орны иргэд монгол биш, тийшээ яваад байна. Бид энэ сайхан орноороо, эх хэлээрээ бахархдаг байх ёстой. “Монголын эзэн нь би учраас би л улсаа хөгжүүлнэ. “Би л эх орноо сайн сайхан, хөгжиж цэцэглэсэн орон болгоно, бид чадна” гэдэг ухамсар, хандлагатай байх учиртай Хүн бүр газар шороо, эх орондоо эзэн болсон цагт бүх юм маш өөр болно.

-Харамсалтай нь төрийн түшээд нь ард түмний төлсөн татварын мөнгийг баруун солгойгүй хулгайлж байна. Ер нь Монголд шат шатандаа хулгайч сэтгэхүйтэй. Амьдрал дээр ард түмэн нь өнөөдрийнхөө хоолыг яаж олж идэх вэ гэдэг бодолд уягдан өдөр хоногийг өнгөрөөж байна шүү дээ?

-Монгол бол залуучуудын орон. Бараг 40 хүртэлх насныхан нийт хүн амын дийлэнх хувийг эзэлж байгаа Залуучуудын оронд өөр газар байдаггүй зовлон ч байдаг байж болно. Хөдөлгөөн түргэнтэй, дуурайх шохоорхох юм ихтэй. Өөрийгөө бүрэн таниагүй учраас бусдыг өндөр үнэлж, дагаар орж, дуурайх нь их байдаг. Бидний олон мянганы унаган амьдралыг харвал гар биеэр бүтээснээсээ оюунаар бүтээсэн нь илүү шүү! Гурван мөрт ертөнцийн гурваас эхлээд 30 хоног ярьдаг туульс хүртэл бүтээсэн байна. Оюуны үйлдвэрлэл давамгайлдаг хүмүүсийн өв соёлын онцлог! Малаа хариулж байгаа ч гэсэн мал нь өөрөө бүтээгдэхүүнээ, жишээ нь сүүгээ, арьсаа, ноосоо үйлдвэрлэчихдэг. Харин малчин хүн хажууд нь сууж байгаад дуугаа дуулаад, ертөнцийг ажиглаад, шүлгээ зохиогоод, бясалгаад оюуны үйлдвэрлэл эрхэлдэг өвөрмөц амьдралтай улс юм л даа. Гэтэл зах зээлийн нөхцөлд материаллаг үйлдвэрлэл давамгайлдаг. Биет зүйл хийж бүтээж байж амьдарна. Ийм амьдралд ороод ирэхээр манайхны залхуу нь тодорч эхэлсэн. Бэлэнчлэх, бусдын хийж бүтээснийг “дамлах” нь л давамгайлах болсон. Аль болох хөнгөн хялбар амьдарч, өрөөлийн хийснийг л хэдэн төгрөг нэмээд зарчих санаа, сэтгэхүйтэй болж хувирсан.

-Нийгэм цаашаа юунд хүргэх вэ. Бид хаашаа яваад байна вэ?

-Энэ янзаараа яваад байвал бид эх оронгүй болно. Ярьж буйгаар нь бол хөгжлийн хөрс суурь гадаадын хөрөнгө оруулалт л байна гэдэг болж. Гэтэл тэр хөрөнгийг нь дагаад газар нутагт маань өөр эзэмшигчид өөр үйлдвэрлэгчид бий болно л доо. Манай эдийн засгийн багагүй хэсэг одоо Хятадын гарт орчихоод байгаа нь анзаарагдаж л байгаа биз дээ. Бодлогын хэрэгжилт нь хөрсөн дээрээ бууж, хүн нь өөрөө монгол болж, эх орондоо эзэн болж байж сая хөгжлийн зүг чигийг өөрчилнө. Тэрний тулд мэдэх, сурах, чадах хэрэгтэй.

-Тэгвэл оюун санааны удирдагчдыг яаж гаргаж ирэх вэ?

-Монголын нийгэм оюунтай хүмүүсээр дутаагүй. Хэзээ ч дутаж байгаагүй. Оюунтай хүмүүсийнх нь оролцоо л бага байна. Нөхцөл нь ч алга. Хааж боох нь их юм. Гэр бүл төрийн тулгуур гэдэг. Гэр бүл оюуны үйлдвэрлэгч байх хэрэгтэй. Тэрнээс зөрчлийн, хэрүүл, хараалын үүр уурхай биш. Гэр бол сайхан монгол хүнийг, сайхан монгол оюуныг бий болгодог өлгий байх ёстой. Монгол оюунаа унаган хөрснөөс нь ургуулах учиртай юм

-Ер нь бид үр хүүхдүүдээ хүмүүжүүлж байгаа арга барилыг харахаар үндэсний сөрөн тэсвэрлэх чадваргүй хойч үеийг бэлдээд байна уу гэж бодогддог. Хэт их бөөцийлж, хэр халдаахгүй байна шүү дээ. Философич хүний хувьд та орчин цагийн хүүхдийн хүмүүжлийн тухайд юу хэлэх вэ?

-Манайхан орчин цагтаа автаад хүүхдүүдээ маш хурдан юм мэддэг, чаддаг болгочих гээд яараад байна. Юуны тулд хурдлаад байгаа юм, дараа нь яах юм гэдгээ тогтож бодох хэрэгтэй. Монголчууд хийхээсээ өмнө хамгийн их бодож тунгаадаг сэтгэлгээний загвартай хүмүүс шүү. Харин энэ байдал одоо өөрчлөгджээ. Хүүхэд нь өөрөө хичээлээ дийлэхгүй байхад л олон дугуйланд зэрэг шахаад байдаг. Уг нь хүүхдээ супер болгох гэсэн зорилго нь сайхан. Ер нь хэн ч байгалиас заяахдаа нэг л юмыг илүү сайн хийхээр төрдөг шиг байна. Тэрийг нь хөгжүүлье гээд аав, ээж нь анзаараад багш нь зөвлөдөг, чиглүүлдэг, сургадаг байх ёстой. Монголчуудын биеэрээ үлгэрлэж, хүүхдээ хүмүүжүүлж, сургадаг байдал алдагдсан. Дандаа албан сургалтаар сургадаг. Өөрөө дагуулж, хэлж ярьдаг цаг нь ч бага юм. Залуу эцэг эхчүүдэд тэр мэдлэг нь ч байхгүй шахуу. Цаг үеийн нөхцөл байдал үнэхээр өөр болчихлоо.

Орчин цагийн гэр бүл дээр үеийнхтэй адилгүй. Ганц хоёр хүүхэдтэй болохыг илүүд үздэг. Хүүхдээ алган дээрээ бөмбөрүүлж эрхлүүлэх нь гол хүмүүжил гээд ойлгочихсон. Эрхийг сургахаар бэрхийг сурга гэдэг хуучны үг бий. Өнөөдөр тэр үг амьдрал дээр хэрэгжихгүй байна. Хүүхэд насандаа тоглож, наадаж, дураараа байх ёстой гэдэг. Хүүхдүүддээ ч тэгээд ойлгуулчихсан. Хүнээс үг сонсч чадахгүй тийм л ирээдүй хойчийг бүтээгээд байна. Багш нь чангахан хэлчихвэл эцэг, эхдээ очоод ховлодог. Хүүхдээ өмөөрсөн аав, ээжүүд багшийг загнадаг явдал энгийн үзэгдэл болж. Ийм байхаар багш нарт ч хүүхэдтэй ажиллахад хэцүү боллоо “Хал үзэж, халуун чулуу долоож байж хүн болдог” гэдэг дээ. Хүнийг хүн болгох тухай өгүүлэл, сургаал үй түмэн бий дээ. Гэтэл манай нийгэм тэр чигээрээ тансагласан, нялхамссан, эрхэлсэн том зүйл хүсч мөрөөдсөн улс болчихлоо. Энэ бол зовлон үзээгүй ард түмний дүр төрх. Зовлон туулсан ард түмэн өөр.

Япон асар их хөгжилтэй улс. Тэнд үргэлж цунами, газар хөдлөлт болж байна. Ийм зовлон үзсэн үндэстний тэсвэр, хатуужил, бэрхшээлийг яаж даван туулах нь өөр байна. Оюун санааны төлөвшил нь ч биднээс арай л өөр байна. Тэгэхээр өөрийнхөө уламжлалыг ч, бусдын жишээ үлгэрийг ч авдаг л баймаар байна л даа. Нэг үгээр хүүхдээ эрхлүүлэхээсээ хүн болгож хүмүүжүүлэх нь л дийлэнх байдаг баймаар байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *