Нарансэвстэйн боомтыг нээж болохгүй 10 шалтгааныг нэрлэв
Говийн их дархан цаазат газрын А бүсэд хамаарах Нарансэвстэйн боомтыг тойрсон асуудал нэлээд шуугиан тариад байна. Боомтын сайд Б.Тулга, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нар Нарансэвстэйн боомтыг нээхдээ дархан цаазат газрыг тойруулж, зам тавина хэмээн мэдээлж буй. Харин эрдэмтэн, судлаач болон нутгийн зөвлөлийн гишүүд Нарансэвстэйн боомтыг нээж болохгүй гэсэн нэгдмэл байр суурьтай байна. Иймд Нарансэвстэйн боомтыг нээж болохгүй 10 шалтгааныг МУИС-ийн багш, доктор Д.Өсөхжаргалын тайлбарласнаар онцлон хүргэж байна.
Хууль бус заалт
Хууль дээдэлдэг улсад бол Нарансэвстэйн боомтыг нээх нь хууль зөрчсөн үү, үгүй юү гээд зогсох асуудал. Учир нь Нарансэвстэйн боомтыг нээх нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчны багц хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Амьтны тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль гээд олон хуулийг илтэд зөрчиж байгаа. Үндсэн хуульдаа хууль дээдлэх зарчмыг баримтална гэж заасан мөртлөө хуулийнхаа эсрэг бодлого, заалтыг УИХ гишүүн хэрэгжүүлэх гэж оролдож болохгүй. Энэ нь цаашдаа жишиг болж болохгүй.
Дэлхийн өмнө хүлээсэн хариуцлага
Байгаль орчноо хамгаалах хамгийн шилдэг арга бол тусгай хамгаалалттай газар нутагт оруулах гэж дэлхий дахинд үздэг. 1850 оноос эх дэлхийгээ үр хойчдоо өвлүүлэн үлдээж, ариг гамтай ашиглах талаар арга хэмжээ авч эхэлсэн байдаг. Үүний нэг нь тусгай хамгаалалттай газрыг бий болгосон явдал байсан. Наравсэвстэйн боомтыг нээвэл бидний нэгдэн орсон олон тооны конвенцуудыг зөрчиж, хариуцлагаасаа ухарч буй алхам болно. Тодруулбал, Биологийн олон янз байдлын конвенц, Нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенц, уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц, Цөлжилтөд нэрвэгдэж буй орнуудын конвенц зэргийг зөрчиж байгаа. Бидний нэгдэн орсон конвенциудаас шалтгаалж Нарансэвстэйн боомттой холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгчид хаягласан захидлууд олон улсын байгууллагуудаас ирээд эхэлсэн.
Говийн экосистем салхинд “хийснэ”
Наравсэвстэйн боомт байрлаад байгаа Говийн Их дархан цаазат газрын А хэсэг гэдэг нь байгалийн унаган төрх, өвөрмөц байдал бусад бүх зүйлээрээ Монгол Улсын одоогийн 121 тусгай хамгаалалттай газрын хамгийн том болон дахин давтагдашгүй. Дэлхийн 193 улсаас тусгай хамгаалалтад авсан 125 мянган газрын дотроос дээрээсээ 15-д ордог том газар нутагтай. Өөрөөр хэлбэл, тус газар нь зөвхөн Монголын биш дэлхийн хэмжээний тусгай хамгаалалттай газар. Дэлхийн хаана ч байхгүй зөвхөн Монголд байдаг ховор экосистем юм. Боомт ашиглалтад орвол дэлхийд үнэлэгдсэн говийн экосистемийн дахин давтагдахгүй, орлуулах боломжгүй энэ зүйлс улаан шороогоороо эргэж, бүрэн салхинд хийснэ. Говь гэдэг үг дэлхийн ямар ч хэлээр орчуулагддаггүй.
Зөвхөн Монголд амьдардаг амьтад үгүй болно
Өөрийн гэсэн өвөрмөц хур тунадасны хуваарилалттай учир зөвхөн тэнд л мэнд үлдэх биологийн олон янз байдлын зүйлүүдтэйгээрээ онцлогтой. Бидэнд харагдаж, тоологдож байгаагаар нь мазаалай, хавтгайг илүү ярьж байна. Үүнээс цаашлаад 300 гаруй зүйл ургамал, 90 гаруй зүйл хөхтөн амьтан, 5 зүйл мөлхөгч, 2 зүйл хоёр нутагтан гээд зөвхөн говьд мэнд үлдэж, дасаж, тэсэж амьдарч сурсан эдгээр олон зүйлийн амьтдад аюул тулгарч байгаа. Энэ газарт орших бүх амьтад өөрөө Төв Азийн унаган зүйл бөгөөд бүгд ховордлын зэрэг өндөртэй амьтад. Хэрэв Нарансэвстэйн боомт ашиглалтад орвол эндээс ямар нэгэн төрөл зүйл амьд үлдэнэ гэж хүлээх хэрэггүй.
Эдийн засгийн ач холбогдол бага
Нарансэвстэйн боомтыг нээж холбох гээд байгаа БНХАУ-ын Ганьсү гэдэг бол хамгийн баруун хойд муж. Нийслэл Бээжингээсээ хамгийн алслагдсан муж бөгөөд хөгжлийн хувьд дорой. Нарансэвстэйн боомтоос чанх урагшаа 1100 гаруй км хол. Ганьсү мужид цөмийн зэвсгийн туршилт хэд хэдэн удаа хийгдэж байсан. Мөн цөмийн хог хягдал булдаг нэргүй 404 гэсэн хот байдаг. Энэ муж нь 1.4 сая хүн амтай. Гэтэл бидэнд одоо ашиглалтад байгаа Бургастайн боомт бий. Уг боомт нь Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Өрөмчтэй холбогддог. Энэ нь шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл хөгжсөн олон хөлийн газар. Мөн торгоны замтай хамгийн ойрхон. Ийм болохоор хууль зөрчилгүй, идэвхтэй ашигладаг Бургастайн боомтын эргэлтийг сайжруулж, дэд бүтцээр холбож баруун аймгуудаа хөгжүүлэх боломж байна. Харин Нарансэвстэйгээр холбох Ганьсү мужийн бидэнд өгөх эдийн засгийн ач холбогдол бага.
Үнэгүй хоол зөвхөн хулганы хавханд байдаг
О.Амгаланбаатар гишүүн Нарансэвстэйгээс Говь-Алтай аймгийн Алтай хоттой шууд холбогдох 640 км замыг Ганьсү муж өөрийн хөрөнгөөр бариад өгье гэсэн юм гэж яриад байгаа. Дархан-Уул аймгийг Улаанбаатар хоттой холбосон 220 км замыг 2016 оноос хойш найман жил барьж байна. Энэ замын хоёр талын бүх уул нь ухагдсан, карьерын байгууламж нь бэлэн болсон байхад 8 жил болж байгаа. Гэтэл одоогийн Нарансэвстэйгээр дамжаад Говь-Алтай аймгийн Алтай хотыг холбох 640 км зам дээр нэг ч карьерын нүх ухагдаагүй, байгууламж баригдаагүй эл хуль газар. Цаашлаад 600 км замын хайргыг татахад хэд дахин их хайрганы карьер, хэчнээн уулыг ухах вэ гэдэг анхаарал хандуулах асуудал. Ганьсү мужаас энэ замыг тавхан жилийн тавьж өгнө гээд байгаа. Үнэгүй хоол зөвхөн хулганы хавханд л байдаг.
Монголын төр нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй
Нарансэвстэйг нээх тухай заалт бол Засгийн газар өөрсдийнхөө гаргасан заалтын эсрэг үйлдэл хийж байгаа явдал юм. Тэгэхээр Нарансэвстэйн боомтыг ажиллагаанд оруулах ёсгүй. Учир нь манай урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д энэ тухай байхгүй. Тэр бүү хэл “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөгжлийн бодлогод ч байхгүй. Тухайлбал, бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр дотор байхгүй заалтыг оруулж ирсэн. Ерөнхийлөгч нэгхэн жилийн өмнө Мазаалай баавгайг Монгол Улсын үндэстний бахархалт амьтнаар зарласан. Гэтэл жил хүрэхгүй хугацааны дараа дэлхийд цор ганц Монгол Улсад мэнд үлдсэн Мазаалай баавгайн үндсэн амьдрах орчинд боомт болон дэд бүтэц нээж, амьдрах орчныг сүйтгэнэ гэж байна.
Дархан цаазат газруудаа хамгаалж чадахгүй болох нь..
Хэрэв Говийн Их дархан цаазат газрын А хэсгийг хамгаалж үлдэж чадахгүй бол цаашдаа бусад 120 хамгаалалтад авсан газраа алдахгүй байх баталгаа байхгүй. Энэ удаад л бууж өгөх юм бол цаашид бусад газрыг ч ашиглаж болох юм байна гэсэн жишиг тогтоно.
Өнгөрснөө мартаж болохгүй
“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт бид ойрын ирээдүйд 2030 он гэхэд нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авна гэж заасан. Гэтэл тусгай хамгаалалттай газраа өргөжүүлнэ гэж байгаа боловч өмнө нь авсан газраа хөндөөд эхэлж байгаа нь ухралт мөн.
Нарансэвстэйн боомтыг дэмжиж байгаа нэг ч судлаач байхгүй
Говийг хөндсөн ямар ч заалтад эрдэмтэн, судлаачид дуугарна. Ус, ургамал, амьтан гээд бүх л судлаачид Нарансэвстэйн боомтыг нээж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Учир нь Нарансэвстэйн боомтыг нээвэл Монголын говийг сүйрнэ.