Т.ЖАРГАЛСАЙХАН: ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ХҮН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ БОЛ ХОРИХ ЯЛААР СОЛИХ ҮНДЭСЛЭЛ БОЛДОГ

0

УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Жаргалсайханаас Эрүүгийн хуульд заасан “Зорчих эрхийг хязгаарлах ял”-ын хэрэгжилт, мөн энэхүү ялыг ямар тохиолдолд хорих ялаар сольдог талаар тодрууллаа.

-Зорчих эрхийг хязгаарлах ял манай улсад хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Ялын хэрэгжилт ямар байгаа вэ?

Зорчих эрхийг хязгаарлах ял нь 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд шинээр нэмэгдсэн ялын төрөл. Гэхдээ 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ялыг хэрэгжүүлж  эхэлсэн.

Эрүүгийн хуульд “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж заасан байдаг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг заавал нийгмээс тусгаарлахгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, гэр бүлтэйгээ хамт байх зэрэг суурь эрхээ эдлэх боломжоор нь хангаж, гагцхүү чөлөөтэй зорчих эрхийг нь хязгааралдагаараа бусад ялын төрлөөс онцлог.

Прокурор 2021 онд 1690, 2022 онд 3079, 2023 оны эхний улирлын байдлаар 1815 зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавьж ажилласан байна.

-Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүн ял эдэлж байх явцдаа дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэх тохиолдол хир их гардаг вэ?

Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүн ял эдэлж байх явцдаа дахин гэмт хэрэг үйлдэх, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргах тохиолдол цөөнгүй гарч байна.

 Прокурорын байгууллагаас зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтан ял эдэлж байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил үйлдсэн шалтгаан нөхцөлийг 2021, 2022 оны байдлаар судалсан. Энэ хугацаанд 2021, 2022 онд нийт 156 ялтан дахин гэмт хэрэгт холбогдож, 134 хүний хэрэг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бол 503 ялтан ял эдэлж байх хугацаандаа Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдэж шийтгүүлсэн байна.

Зорчих эрхийг хязгаарлах ялыг ямар үндэслэлээр хорих ялаар солидог юм бэ, ийм тохиолдол хэр их гарч байна?

Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн хүн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол оногдуулсан ялыг нь хорих ялаар солих үндэслэл болдог.

Тухайлбал, шийдвэр гүйцэтгэгч, техникийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх, зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх, урьдчилан мэдэгдэхгүйгээр оршин суугаа газар, ажлын байраа өөрчлөхгүй байх, хяналтын төхөөрөмжийг биедээ байнга авч явах, бүрэн бүтэн байдлыг нь хангах, хяналтын төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хувийн бичиг баримтаа биедээ авч явах зэрэг үүрэг хүлээдэг.

Хэрэв хуулиар хүлээсэн үүргээ давтан биелүүлээгүй, хяналтын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг сарниулсан, 24 цагаас илүүгүй хугацаагаар хяналтаас санаатайгаар зайлсхийсэн, мөн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зэргээр ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд ялыг хорих ялаар солих үндэслэл болдог.

Дээрх тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тухайн ялтны ялыг хорих ялаар солиулах талаар прокурорт санал ирүүлж, прокурор үндэслэлтэй бол дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлдэг хуулийн зохицуулалттай.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2022 он, 2023 оны 1 дүгээр улиралын байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиулах талаар нийт 586 саналыг прокурорын байгууллагад ирүүлсэн байна.

Үүнээс 86 саналыг прокурор үндэслэлгүй байна гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт буцааж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтны эрх ашгийг хамгаалсан.

 Харин 2022 онд шийтгүүлсэн 3079 ялтны 429 нь 2023 оны 1 дүгээр улиралд 1815 ялтны 71 нь ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон учраас дүгнэлт бичиж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиулах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн.

Ихэнх тохиолдолд  хуульд заасан үүргээ биелүүлээгүй, техникийн, эсхүл биечилсэн хяналтаас зайлсхийсэн, хяналтын тоног төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн, хэвийн ажиллагааг нь сарниулсан зэрэг зөрчлүүдийг гаргасны улмаас ял солиулж байна.

– Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Д.Монголхүүд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг үндэслэлгүйгээр хорих ялаар сольсон талаар гэсэн мэдээллүүд гарч байна. Энэ талаар тодруулбал?

Д.Монголхүүгийн хувьд зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаандаа хуульд заасан үүргээ 3 сарын хугацаанд хоёр удаа биелүүлээгүй. Тодорхой хэлбэл “зорчихыг хязгаарласан газарт зорчсон, цахим хяналтын төхөөрөмжийг унтрааж, хяналтын төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлээгүй” зөрчил гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас түүний гаргасан зөрчилд үндэслэн ялыг хорих ялаар солиулах талаар Баянзүрх дүүргийн прокурорын газарт санал ирүүлсэн.  Прокуророос хувийн хэрэг, холбогдох материалыг нь хянаад, саналыг үндэслэлтэй гэж үзсэн учраас 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дүгнэлт бичиж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрүүлсэн.

Эх сурвалж: Өдрийн сонин №064(7184) О.Даш

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *