БНСУ-Н СӨҮЛ ХОТНОО МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ 2023 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА
Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, Мишээл экспо ХХК, БНСУ-н Дүндэмүн дүүрэгтэй хамтран Монголд үйлдвэрлэв 2023 үзэсгэлэн худалдааг энэ сарын 7-ноос 12-нийг дуустал Сөүл хотноо зохион байгуулж байна.
Уг нь үзэсгэлэнд 5 салбарын 20 гаруй аж ахуй нэгж байгууллага 50 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ үзүүлэн тависан байна.
Монголд үйлдвэрлэв 2023 БНСУ-д үзэсгэлэн худалдаа нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгч үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлтэй холбож, хөрөнгө оруулагчдыг татах, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдхүүнийг сурталчилан таниулах зорилготой бөгөөд ноос ноолуур, оёдол гар урлал, гоо сайхан, хүнсний бараа бүтээгдэхүүн эрхлэгчдийн төлөөлөл болсон 20 гаруй аж ахуй нэгж байгууллага оролцож байна.
Өнөөдрийн нээлтийн арга хэмжээнд Монгол улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Э. Сарантогос, Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын эдийн засгийн зөвлөх Б. Оргилдорж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я. Эрдэнэсайхан, Жижиг дунд үйлдвэрийн газрын зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр болон Дүндэмүн дүүргийн дарга И Пил Хён, Дүндэмүн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга И Тэ Ин, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд дарга Чон Сон Ён болон бусад олон хүндэт зочид хүрэлцэн ирж оролцлоо.
Уг арга хэмжээний хүрээнд БНСУ-н Дүндэмүн дүүргийн захиргаа болон тус дүүргийн жижиг дунд үйлдвэрийн газартай хамтран монгол улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний экспортлох боломж нөхцлүүдийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх зах зээлд хамтран ажиллах зорилгоор бизнес уулзалтыг зохион байгуулсан юм.
Дүндэмүн дүүргийн зүгээс манай улсын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.
Мөн цаашид Монголд үйлдвэрлэв үндэсний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Сөүл хотноо жилд 2 удаа зохион байгуулахаар боллоо.
Монголд үйлдвэрлэв 2023 үзэсгэлэн худалдаа Дүндэмүн дүүргийн Жунранчон цэцэрлэгт хүрээлэнд 5 өдрийн турш болно.