ТАНИЛЦ: Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдал

0

   

МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ 22 ДАХЬ ИЛТГЭЛИЙН ТАНИЛЦУУЛГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.5-д заасан чиг үүргийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 22 дахь илтгэлийг Улсын Их Хуралд хүргүүлж байна. Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2022 онд гүйцэтгэсэн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, түүний мөрөөр болон Комиссын гишүүний санаачилгаар хийсэн хяналт шалгалт, төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, олон улсын байгууллагаас хийсэн судалгаа, тайлан, дүгнэлтэд үндэслэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг дараах 7 сэдвийн хүрээнд боловсрууллаа.

Нэгдүгээр бүлэг. Халдашгүй чөлөөтэй байх эрх

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олон улсын гэрээ конвенцоор хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн зарчим, хэм хэмжээг мөрдлөг болгон ажиллаж чаддаг эсэх нь тухайн улсын гэмт хэрэгтэй тэмцэх болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын мэргэжлийн ур чадвар, хөгжлийн төвшнийг харуулах шалгуур үзүүлэлт болдог. Монгол Улс 2017 оноос Эрүүгийн багц хуулиудыг батлан мөрдүүлж хүний эрхийг хангаж, хамгаалах талаар тодорхой үр дүнд хүрсэн хэдий ч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн асуудал анхаарал татсаар байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст сүүлийн 5 жилийн байдлаар ирсэн нийт өргөдөл, гомдлын 17 орчим хувийг халдашгүй чөлөөтэй байх эрхийн асуудал эзэлж байгаагийн зэрэгцээ олон улсын байгууллага, судлаачдын зүгээс энэ талаар бодитой дүгнэлт хийж, шүүмжлэл өрнүүлж байгааг дурдах нь зүйтэй. Тиймээс энэ удаагийн илтгэлд хүний эрх чөлөөг хязгаарлах онцгой төрөл болох, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, бүх насаар хорих ял, ганцаарчлан хорих ял эдлүүлж буй байдал, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй чөлөөтэй эрхийг хязгаарлах эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, дүгнэлт санал боловсрууллаа.

Хоёрдугаар бүлэг. Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт

Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох боломжийг бүрдүүлэгч суурь нөхцөл, Монгол Улсын иргэний үндсэн эрх чөлөө болох хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэж, олон нийтийн байгууллага байгуулах эрх чөлөөний байдлыг энэ бүлэгт илтгэлээ. Үүний хамт, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгох тодорхой санал, Засгийн газраас 2021 онд боловсруулсан Холбооны эрх зүйн байдлын тухай, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдэд хийсэн дүн шинжилгээг танилцуулсан болно. Энэ хүрээнд иргэний оролцооны эрх зүйн зохицуулалтын жишиг болгох зорилгоор Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний загвар хуулийн төслийг боловсруулж, илтгэлд хавсралтаар орууллаа.

Гуравдугаар бүлэг. Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал

Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал сэдэвт бүлгийн хүрээнд төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дурдаж, төрийн албаны бодлого, шинэтгэлийн явц, төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааны хэрэгжилтийн байдлыг тоймлон дүгнэсэн. Үүнээс төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тоймлон дурдаж, төрийн үйлчилгээний албан хаагч, төрийн тусгай албан хаагчийн хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн төлөв байдал болон хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлыг үнэлсэн судалгааны дүнг энэ сэдвийн хүрээнд танилцуулна. Дээрх судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн төрийн үйлчилгээний албан хаагч, төрийн тусгай 4 албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд тулгамддаг нийтлэг асуудал, салбарын онцлогтой тодорхой асуудал, шалтгаан нөхцөлийг дүгнэн, бодлогын болон хэрэгжилтийн түвшинд шийдвэрлэх саналыг тусгалаа.

Дөрөвдүгээр бүлэг. Хүүхдийн эрхийн зарим асуудал

Монгол Улс хүүхдийн эрхийг баталгаажуулсан эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүүхэд хамгааллын үйлчилгээ, бүтэц, тогтолцоог шинэчлэх чиглэлээр ахиц дэвшил гаргаж байгаа хэдий ч хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох явдал, хүүхдийн эсрэг хүчирхийлэл түгээмэл байсаар байна.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүүхдийн эрхийн асуудалд онцгойлон анхаарч Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 удаагийн илтгэлд хүүхдийн эрхийн тулгамдсан асуудлыг хөндөж, холбогдох шийдвэрийг гаргуулж ирсэн. Энэ удаагийн илтгэлд хүүхэд хамгааллын чиглэлээр 2017 онд байгуулагдсан гэмт хэргийн холбогдогч, хохирогч, гэрч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа болон Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр дахь хүүхдийн эрхийн нөхцөл байдлыг 2022-2023 онд аймаг, дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо болон ЕБС-ийн дотуур байруудад хийсэн хяналт шалгалт, иргэдээс Комисст ирүүлсэн гомдол, мэдээлэл болон төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагаас хийсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, тайлан, мэдээлэлд үндэслэн боловсрууллаа. Тавдугаар бүлэг. Ахмад настны эрхийн хэрэгжилт Хүний эрхийн Үндэсний Комиссоос ахмад настны эрхийн хэрэгжилт, хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох зорилгоор Нийслэлийн 9 дүүргийн гэр хороололд амьдарч буй 600 гаруй ахмадыг хамруулсан судалгааны үр дүн болон холбогдох байгууллагуудаас авсан мэдээлэлд үндэслэн Ахмад настны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан ахмад настны эрхийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг хөндөж байна. Энэ бүлэг нь ахмад настны нийгмийн хамгаалал, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулах, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хөгжих эрх гэсэн таван асуудлын хүрээнд дүгнэлт, санал боловсрууллаа.

Зургаадугаар бүлэг. Хүний эрх хамгаалагчийн эрх, хамгаалалт

Комисс нь 2022 онд “Хүний эрх хамгаалагчийн мэдлэг, ойлголт хандлага, хэрэгжилт тодорхойлох судалгаа”-г Монгол Улсын 20 аймаг, 6 дүүргийн хүний эрх хамгаалагчдыг оролцуулан зохион байгуулсан судалгааны үр дүнд тулгуурлан энэ бүлгийг боловсруулав. Мөн хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн асуудлаар Комисст хандаж ирүүлсэн гомдол, мэдээлэл түүний мөрөөр хийсэн хяналт шалгалт, ажиглалт мониторингийн үр дүн болон хүний эрх хамгаалагчдын эрх зөрчигдөж буй хэлбэр, гомдол мэдээллийн шийдвэрлэлтийн байдалд хийсэн дүн шинжилгээнд тулгуурлан энэ бүлгийг боловсруулав. Хүний эрх хамгаалагчийг хамгаалах талаар олон улсын хүний эрхийн эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг үндэсний эрх зүйн зохицуулалттай харьцуулан судалж, хүний эрх хамгаалагчийн эрхийг сайжруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулж, танилцуулж байна.

Долоодугаар бүлэг. Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал

Комисс 2022 онд улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын талаарх хууль тогтоомжийн зохицуулалт, түүний хэрэгжилт болон улс төрийн хүрээн дэх жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой асуудалд үнэлгээ хийлээ. Энэхүү үнэлгээний үр дүн, холбогдох байгууллагуудын судалгаа, дүн шинжилгээ, мэдээлэлд үндэслэн улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал, ялгаварлан гадуурхалт, эмэгтэйчүүдийн оролцоо болон төрийн улс төрийн албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь, байр суурь, нөхцөл байдлыг тодорхойлж цаашид авах арга хэмжээний талаарх саналыг боловсруулав. 5 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 17 дугаар зүйл, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 22 дахь илтгэлийг үндэслэн Улсын Их Хурлаас холбогдох шийдвэр гаргуулахаар 43 саналыг хүргүүлж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *