УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Азийн сангийн Суурин төлөөлөгч Сара Тэйлортой уулзлаа
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өнөөдөр /2024.12.10/ Азийн сангийн Суурин төлөөлөгч Сара Тэйлорыг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж уулзалтын эхэнд Олон улсын хүний эрхийн өдрийн мэндийг дэвшүүлээд, Азийн сан нь Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойших 30 гаруй жилийн хугацаанд засаглалыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж ирсэнд талархаж буйгаа илэрхийллээ.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сантай хамтран 2017 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар анхдугаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байсныг дурдаад, 2021 онд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдэд парламентын боловсрол олгох, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх, парламентын ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлснийг онцлов.
Азийн сангийн Дэд Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал, хатагтайСюзанне Сискелийг Монгол Улсад өнгөрсөн 05 дугаар сард хүрэлцэн ирэх үеэр Хамтын ажиллагааны санамж бичгийг дахин байгуулсанд баяртай байгаагаа Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж илэрхийлээд, цаашид Азийн сантай хамтран ажилласан өмнөх туршлага дээрээ үндэслэн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Мөн тэрбээр 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу ес дэх удаагийн сонгуулиар бүрдсэн таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентын талаар, УИХ-аар баталсан ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг танилцуулж, стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд түнш байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Азийн сангийн Суурин төлөөлөгч Сара Тэйлор, энэ өдрийн уулзалтаар хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа дүгнэхээс гадна хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцох гэж буйдаа баяртай байгаагаа илэрхийлсэн.
Хатагтай Сара Тэйлор, Азийн сан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг мэдээлээд, энэ хөтөлбөрийн хүрээнд УИХ, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах боломж бүрдэнэ гэж найдаж байна хэмээлээ.
Тэрбээр, Хөтөлбөр нь бүтээлч оролцоо буюу төр, олон нийт, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж буйг тодотгоод, үүний зэрэгцээ УИХ-д шинээр сонгогдсон гишүүдийн болон төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар саналаа илэрхийлсэн.
Уулзалтын үеэр талууд УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын болоод Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар, Азийн сантай хэрэгжүүлж буй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын ирц, санал хураалтын мэдээллийг нийтэд нээлттэй, ил тод болгох ажлын явц, парламентын нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх чиглэлээр “Нээлттэй парламент” арга хэмжээг хамтран зохион байгуулах асуудлаар санал солилцлоо хэмээн Улсын ИХ Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.