С.Одонтуяа: Богино хугацаандаа утаа гардаггүй зуухыг ашиглахаас өөр аргагүй
Утаагүй болох бүх л аргыг туршиж үзэж байна. Аймгуудад тарааж туршилт хийсэн давхар шаталттай утаагүй зуух үр дүнтэй байгаа гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хэлж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:
–Агаар орчны асуудал гэдэг нь өөрөө өргөн хүрээтэй сэдэв. Сайдын зөвлөл хуралдаж зөвлөмж гаргасан. Урт, дунд, богино хугацаанд юу хийх ёстой вэ гэдгээ нарийн зөвлөмжөө хотын даргад хүргүүлсэн. Төсөв батлагдахаар аймаг орон нутаг руугаа орно. Аймгийн төвүүдэд агаарын бохирдол нэмэгдэж байна. Агаарын харуулын төхөөрөмжүүдийг байрлуулахаар төсөвт оруулж ирсэн.
Байгаль орчинтой холбоотой асуудалд байгаль орчны үнэлгээг хийлгүүлж байж, албан ёсны хариулт өгөх боломжтой.
Манай яамнаас түлшинд шинжилгээ хийсэн. Шинжилгээний дүнгээр хэвийн гэж гараад байгаа. Аль процесс дээрээ алдаа гараад байгааг шалгаж үзсэн. Энэ талаарх мэдээллийг яамны албан ёсны сайтад гаргасан байгаа.
Өмнөговь аймгийн туршлагыг судалж үзсэн. Монгол инженерийн загвараар давхар шаталттай зуухыг айлууддаа орон нутгийн сангийн хөгжлийн мөнгөөр өгсөн юм билээ. Огт утаа гаргадаггүй зуух байсан.
Богино хугацаандаа утаа гардаггүй зуухыг ашиглахаас өөр аргагүй юм. Би өөрөө тэр зуухыг туршиж үзсэн. Эхний ээлжид 10-15 зуухыг туршилтаар аймгуудад өгч байна. Утаагүй болох бүх л аргыг туршиж үзэж байна. Гэхдээ үүнд жоохон хугацаа хэрэгтэй гэв.