ТАНИЛЦ: Евроазийн чөлөөт худалдааны хэлэлцээрээр 375 нэр төрлийн барааг харилцан татваргүй, квотгүй нийлүүлнэ
Эдийн засаг, хөгжлийн яамнаас Ервазийн эдийн засгийн холбоотой худалдааны хэлэлцээр хийвэл ямар бараа бүтээгдэхүүн экспортлох, импортлох талаар дараах мэдээллийг өглөө.
Эдийн засаг, хөгжлийн яам, “Ервазийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны хэлэлцээрээр 375 нэр төрлийн барааг харилцан татваргүй, квотгүй оруулах хэлэлцээр байгуулж байгаа. Монголын талаас Евразийн эдийн засгийн холбооны таван улс руу нийлүүлэх гурван гол төрлийн бараа бүтээгдэхүүн байна гээд томьёолж болно. Евразийн эдийн засгийн холбооны тэрбум орчим долларын мах махан бүтээгдэхүүний зах зээл рүү Монголоос 29 нэр төрлийн мах махан бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй экспортлох боломж бүрдэнэ. Долоон тэрбум орчим долларын зах зээлд 60 нэр төрлийн арьс ширэн бүтээгдэхүүнийг татваргүй нийлүүлэх боломжтой болно. Мөн 204 төрлийн ноос ноолууран бүтээгдэхүүнийг таван улсын зах зээл рүү гаалийн татваргүй нийлүүлэх боломж бүрдэнэ.
Энэ нь жилдээ ноос ноолууран бүтээгдэхүүний 7.5 тэрбум ам.долларын эрэлттэй зах зээлийн боломжийг дотоодын хөдөө аж ахуй болон мал аж ахуйн бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүддээ нээж өгч байгаа. Үүнээс гадна ХАА-н гаралтай сүү, цагаан идээ, малын гаралтай өлөн, гэдэс дотор, өөх тос, чацаргана, төмс гэх мэт “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрт туссан нийт 633 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг 15-50 хувийн гаалийн татваргүйгээр гаргах боломж бүрдүүлж байгаа.
Харин Евразийн эдийн засгийн холбооны орнуудаас 511 бараа бүтээгдэхүүн орж ирнэ. Үүнээс хүнсний төрлийн 89 төрлийн бараа бүтээгдэхүүн байна. Энэ 89 бараа бүтээгдэхүүнийг одоо ч гэсэн Монгол Улс их, бага хэмжээгээр импортоор авч байгаа. Түүнчлэн, эрдэс химийн 47, аж үйлдвэрийн зориулалттай 181 бараа бүтээгдэхүүн орж байна. Үлдсэн нь бусад төрлийн бараа бүтээгдэхүүнүүд орж байгаа. Эдгээр бараа бүтээгдэхүүнүүд Монголын талын 5 хувийн гаалийн татвараас чөлөөлөгдөнө” гэв.