А.Амарбуян: Хүү минь аутизмтай ч сонсох онцгой чадвартай мөн гэр бүлийнхэн бид тууштай дэмжсэний үр дүнд сайн дэвшлүүд гарч байгаа

0

Өнөөдөр манай нийгэмд, бидний дунд сэтгэхүйн ялгаатай хүмүүс амьдарч байдгийн нэг тод төлөөлөл болсон Б.Ерөөлт хүүг мэдэхгүй хүн бараг үгүй биз. Тэрбээр “Боловсрол” суваг телевизийн “Аяыг таа” нэвтрүүлэгт амжилттай оролцож, түүнийг бид хөгжмийн гоц авъяастан болохыг мэдэж авсан. Мөн жилийн өмнө Хөгжим бүжгийн консерватурт Б.Ерөөлт төгөлдөр хуурын анхны бие даасан тоглолтоо толилуулсан билээ.

Тэгвэл энэ бүхний ард чимээгүй хөдөлмөрлөж, хүүхдээ дэмжиж, өдөр бүр төгөлдөр хуурын хичээлд нь хүргэж, нийгэмд биеэ даан оролцох чадвартай болтол нь уйгагүй зааж, тусалж, чиглүүлж ирсэн ээжийг бид энэ удаа онцолж байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FIsee.mn%2Fvideos%2F501112426275296%2F&show_text=false&width=476&t=0

-Юуны өмнө та уншигчдад өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?  

-Намайг А.Амарбуян гэдэг. Би “Аутизмын холбоо”-ны тэргүүний үүрэг гүйцэтгэж, сайн дураар ажилладаг. Аутизмтай хүүгийн ээж байна.

-Та хүүхдээ аутизмтай гэдгийг анх яаж олж мэдсэн бэ. Тухайн үед хүүхдэд нь ямар шинж тэмдгүүд илэрч байв?

-Бид хүүгээ дөрвөн настайд нь анх аутизмтай юм байна гэж ойлгож авч байсан. Түүнээс өмнө ямар ялгаатай байдал ажиглагдаж байсан бэ гэвэл олны газар ч юм уу, Цагаан сараар айлаар очиход их хямардаг уйлдаг, дассан зохицсон орчиндоо байх дуртай, давтагдмал нэг юмаа өрж тоглох ч юм уу, үсэг тоонд маш их дурладаг, өнгө янз бүрийн дүрсийг гадаадаар, англи хэлээр их сайн сурдаг, маш урт шүлгийг цээжилчихдэг ч юм уу, хөгжмийн сонсгол бас их сайн гэх мэт онцгой чадварууд байгаад байсан. Нэг талаар их онцгой, нөгөө талаар их бэрхшээлүүд байсан.

-Нийгэмд, олон нийтийн дунд аутизмын талаар янз бүрийн зөрүүтэй ойлголт байдаг. Аутизмтай хүнд яг ямар асуудал байдаг юм бэ?

-Аутизмын үндсэн шинжүүд бол ялангуяа 2-4 насанд их тод илэрдэг. Нэгдүгээрт, хэл ярианы хоцрогдол байж болно. Хэл яриа байгаа мөртлөө тэр нь зөвхөн юм нэрлэдэг эсвэл цээжилсэн үгээ хэлдэг ч юм уу тийм байдаг. “Ээжээ та хаашаа яваад ирсэн юм бэ?”, “Энэ юу вэ?”, “Тэрийг хар даа?” гэх мэт иймэрхүү харилцааны үг байхгүй, зүгээр л “тэр тэр” гээд нэрлээд байдаг маш сайн мэдлэгтэй юм шиг мөртлөө харилцаанд ашиглаж чаддаггүй. Хоёр дахь бэрхшээл нь цэцэрлэгийн үйл ажиллагаанд жигдэрч орж чадахгүй, унтах цагт нь унтахгүй, идэх цагт нь идэхгүй, багш хичээл зааж байх үед хүүхдүүд тойргоороо сууж байхад ганцаараа тусдаа явж байдаг гэх мэт нийгэмшлийн бэрхшээлүүд байдаг. Гурав дахь нь давтагдмал үйлдэл, баригдмал сэтгэлгээ, хязгаарлагдмал сонирхол их илэрдэг.

-Сүүлийн жилүүдэд аутизмтай хүүхдүүд эрс нэмэгдэх хандлагатай байна. Ийм хүүхэдтэй эцэг эхчүүдэд урам зориг өгөх зорилгоор бид таньтай ярилцаж байгаа. Тэгэхээр та хүүхэдтэйгээ хэрхэн ажилласан туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Манай хүүгийн хувьд дөрвөн настайд нь аутизмтай гэж мэдээд Ватиканы сүмийн дэргэд байдаг “Солонго” төвд 2006 онд очсон. Одоо ч байгаа. Энэ төв оюуны бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдүүдтэй ажилладаг юм. Тус төвд нэг жил явах хугацаандаа Оюунтуяа багштай ажилласан. Оюунтуяа багш өмнө нь нэг аутизмтай хүүхэдтэй ажиллаж байсан туршлагатай байсан болохоор бид түүнийг түшиглээд “Солонго” төвд очсон юм. Тэр үед аутизмтай хүүхэдтэй ажиллаж байсан багш битгий хэл, аутизмтай хүүхэд ч цөөхөн байсан. Тэгээд багш бид хоёр ABBA терапи засал, зан үйлийг төлөвшүүлэх, дүн шинжилгээ хийх тухай ном уншаад, тэр номноосоо санаанууд авч, Оюунтуяа багшид орчуулж өгөөд “Энийг хийлгэж үзвэл яасан юм” гээд туршаад явсан. Алдсан ч юм бий, оносон ч юм бий. Тэндээс сурсан хөөрхөн аргууд ч байдаг. Нэг жил яваад нилээн олон чадварууд сургасан. Дараа нь Сингапурын багш алсаас удирдаад эцэг эх хүүхэдтэйгээ харилцах харилцаан дээр өөрчлөлт оруулснаар хүүхдийн харилцааг өөрчлөх, баригдмал туйлширмал байдлыг аль болох задалж, тархины үйл ажиллагаа, сэтгэлгээг уян хатан болгох, наанатай, цаанатай гэдгийг ойлгуулах тал дээр ажилласан. Аутизмтай хүмүүс бүх юмыг хар цагаанаар эсвэл 0 юм уу 100 хувь гэж хүлээж авдаг. Үүнийг нь аль болох өөрчлөх гэж хичээсэн. Бүх юм харьцангуй байдаг шүү гэдгийг ойлгуулдаг арга байдаг. Тэр аргыг Сингапур багшийн удирдлага дор хэдэн жил хийх гэж оролдож үзсэн.

-Аутизм өвчин биш эмгэг. Тийм болохоор эдгэдэггүй. Аутизмын шинж тэмдэгээ гээнэ гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг юм билээ?

-Миний хувьд аутизмын шинж тэмдэгээ гээх гэдэг үгэнд ч гэсэн эмзэг байдаг. Манай хүүхдийн хувьд бол өнөөдөр аутизмтай хэвээрээ байгаа. Аутизм нь гээгдсэн ч юм уу, аутизмгүй болчихсон гэдэг сэтгэгдэл хүмүүст төрдөг юм шиг санагдсан. Яагаад гэвэл тэр хүнд бас чадварууд байгаа. Хүн ямар төрсөн тиймээрээ байдаг шиг манай хүү өөрийн гэсэн онцлог, өвөрмөц зан чанаруудтайгаа байж л байгаа. Өөрийн гэсэн нэг зүйлийг хүчтэй сонирхох, нэг сонирхсноо хэсэгтээ сонирхдог ч юм уу, аутизмаа дагасан тууштай чанарууд бас байдаг. Нэг зорилго тавьсан бол тэр лүү гээ явдаг. Төлөвлөсөн төлөвлөгөөнд нь саад болоход бусад хүнийг бодвол удаан хүлээж авдаг, хямардаг ч юм уу. Хүлээж авахад хүнд байдаг, тийм онцлогууд нь бол байж л байгаа. Гэхдээ чадварууд бол нилээн суусан. Жижиг сажиг байдал дээр уян хатан зан чанар тодорхой хэмжээнд суусан.

-Анзаараад байхад аутизмтай хүүхдийн эцэг эхчүүдэд хий хоосон найдлага төрүүлдэг, хүний зовлонг бизнес болгосон хүмүүс их болсон юм шиг санагддаг. Янз бүрийн бариачид очих, Турк руу явж үүдэл эсийн эмчилгээнд явах гэх мэт янз бүрийн арга байдаг юм билээ. Энэ бүхэн дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Хүүхэдтэйгээ ажиллая гэж байгаа ээж аавуудад хандаж хэлэхэд, нэгдүгээрт нотолгоонд суурилсан тийм аргууд руу хүүхдээ аваачих хэрэгтэй. Энд тэндхийн чадах чадахгүй нь ойлгомжгүй, үнэхээр үр дүн гарсан судалгааны ямар ч үр дүнгүй ийм газар руу явсны хэрэггүй. Хоёрдугаарт, сонгосон газраа очихдоо тууштай явах хэрэгтэй. Жишээлбэл, манай хүүхэд төгөлдөр хуурт явж байсан. Манай хүүхэд тууштай явсных нь үр дүн байсан гэж би боддог. Зөвхөн аутизмтай гэхгүй, ер нь ямар ч хүүхдэд тууштай байх их чухал. Эцэг, эх бас тууштай байх хэрэгтэй болдог. Хүүхдээ байнга зөөх, гэрт нь давтуулах хоёр бол амжилтынх нь маш чухал хэсэг. Энэ хэсэг ээж ааваас шалтгаалдаг. Таслуулаад, өнөөдөр больчихоё гээд залхуураад эсвэл гэрийн даалгаврыг нь хийлгэхгүй, дараагийн хичээл дээр яг хэвээрээ хүрээд ирвэл хүүхэд сурсан зүйлээ мартаад бараг ухраад ирдэг. Ингээд байхаар ахиц гардаггүй. Энэ бол их чухал байдаг. Ангид багшийн зааж байгаа ABBA терапи ч юм уу, ямар ч терапи хийлгэж байсан гэртээ ирээд ээж, аавтайгаа багшийн хийж байгаа ажлыг үргэлжлүүлж давтахгүй бол үр дүн муу байдаг. Тэгэхээр эцэг эхийн хувьд бол тууштай байх их чухал. Гэхдээ зөв юман дээр тууштай байх, буруу зүйл рүү туйлширч явахгүй байх нь чухал гэж бодож байна.

-Ер нь эцэг эхээс маш их хичээл зүтгэл, тууштай, тэвчээртэй байдал шаарддаг юм шиг санагдсан. Та хүүхэддээ төгөлдөр хуур тоглох чадварыг суулгаж өгөхийн тулд хэр их хугацаа зарцуулсан бэ?

-Дадал зуршлыг суулгаж өгөх эхний жилүүд маш чухал байдаг. Мэдээж айл бүрийн боломж хэцүү. Тэгэхээр бид бас азтай гэж хэлж болно. Надад хүүхдээ зөөх боломж байлаа. Зөөхөөс гадна хүүхэд өөрөө бие даах чадвар суугаад эхлэхээр миний оролцоо багасаад эхэлсэн. Одоо бол өөрөө бие даагаад гадуур явна. Нийтийн тээврээр үйлчлүүлнэ. Такси барина. Банкинд орчихно. Худалдаа наймаа тооцоогоо хийчихнэ. Гэхдээ онцлогтой хэвээрээ байгааг санаж л байх хэрэгтэй. Тэгэхээр бие даах чадвар суулгах бүрэн боломжтой байгаа байхгүй юу. Бие дааж сурах чадвар гэдгийг би их сүүлд сонссон. Тэр чадвар яг манай хүүхдэд байдаггүй юм байна шүү дээ. Заавал хажууд нь хүн байвал юм сураад байгаа юм байна гэж бодсон. Аажимдаа гэхдээ тэр чадвар суудаг юм билээ. Хийх тусам, өөрөө чаддаг болох тусам, бие дааж сураад эхлэхээр эцэг эхийн оролцоо багасна. Эхэн үед эцэг эхийн тууштай байдал их чухал юм билээ.

-Таны хүү Б.Ерөөлт жилийн өмнө төгөлдөр хуурын бие даасан тоглолтоо хийж, “Аяыг таа” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож байсан. Таны хувьд хүүхдийнхээ энэ авъяас чадварыг хэрхэн олж мэдсэн бэ?

Манай хүү бага байхаасаа нотыг их сайн ялгадаг байсан. Бүр хоёр билүү, ой зургаан сартай байхад нь хүүхдийн тоглоомон хөгжим авч өгсөн. Би өөрөө сонсгол муутай л даа. Сургуульд байхдаа долоон нот гэж байдаг гээд заалгасан  болохоор “Энэ до, энэ ре, энэ ми” гээд бүгдийг нь хэлж өгсөн. Тэгээд л манай хүүхэд долоон нотыг сонсоод л нотуудыг цээжилчихсэн. Миний хувьд бол тэр нотууд хамгийн зүүн талынх нь До, хамгийн баруун талынх нь Си нот шүү дээ. Тэгээд би “Энэ ямар нот вэ” гээд дарахаар “Си”, “Ля” гээд хэлчихдэг байсан. Тэгэхээр нь энэ ямар айхтар сонсголтой юм гээд манай нөхөр бид хоёр гайхаж байсан. Аав нь тэгээд нэг жижигхэн касио хөгжим аваад өгсөн. Тэгээд тэр тоглоомон хөгжмөн дээрээ жижигхэн хөөрхөн аянууд тоглоод байсан. “Marry had a little one” гээд тэрийг хоёр хуруугаараа хөөрхөн дараад тоглоод байсан. Хүүе ээ, энэ чинь ямар сонин юм бэ гээд гайхсан. Тэгээд нэг удаа зурагтаар хүүхдүүд үлээвэр хөгжмөөр ангиараа ая тоглож байсан юм. Гэхдээ яагаад ч юм нэг газраа, нэг сонин сонсогдоод байсан. Тэр үед манай хүү тав, зургаан настай л байсан байх. Тэгсэн чинь юу гэлээ. “Ми” нотоо дарахгүй байна гэл үү. Тийм үг хэлсэн. Бид нар бүр гайхсан. Хаана “Ми” нот байна гээд.

Бас нэг удаа би дүүг нь бүүвэйлэх маягтай, бүүвэйлээд унтуулж байсан юм. Нэг хэмнэлээр “Бүүвэй бүүвэй” гэж байсан. Тэгсэн чинь хүү маань “Таны Ля нот. Та Ля нотоо хачин дуулаад байна” гэсэн. Би хаана Ля нот байгаагаа ч өөрөө мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр манай хүүгийн сонсгол их онцгой байсан.

Тэр чанараараа хөгжим рүү ч орсон. “Аяыг таа” нэвтрүүлэгт ч гэсэн тэр чадвар нь хэрэг болсон. Зарим хүмүүс тэр коммент дээр “Урьдчилаад аяуудыг нь өгчихсөн байсан байлгүй дээ” гээд биччихсэн байсан. Манай хүү үнэхээр тэгж олж сонсдог. Өөрөө тэр нэвтрүүлгийг үзэж байснаа “Би энэ нэвтрүүлэгт орвол 90 хувьд нь таах юм байна. Намайг оруулж болохгүй юм уу” гэсэн. Тэгэхээр нь “Утасдаад асуусан чинь хүүхдийн баярын дугаар болвол та нарт хэлье” гэсэн. Тэгсэн удалгүй “Хүүхдийн баярын дугаар хийхээр боллоо. Хүрээд ир” гэсэн. Очоод шалгаруулалтад ороод дороо шалгарчихсан. Тэгээд нэвтрүүлэгт орсон.

Олон нийтийн дунд аутизмтай хүүхэд гэхээр онцгой чадвартай гэсэн ойлголт байгаад байдаг. Тэр нь эргээд аутизмтай хүүхдийн эцэг эхэд дарамт болдог юм шиг санагддаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Аутизмтай хүмүүсийн 5-10 хувьд ч юм уу онцгой чадвар байх шиг байгаа юм. Нийт хүн ам дотор ч гэсэн онцгой хүмүүс 5-10 хувь л байдаг шүү дээ. Тэгэхээр аутизмтай л бол онцгой авъяастай гэх ойлголт нийгэмд байдаг. Ялангуяа уран сайхны кинонууд ийм ойлголтыг их өдөөдөг. “Good doctor” ч юм уу, Солонгосын олон ангит өмгөөлөгчтэй кино ч юм уу.Онцгой чадвар дээр суурилж кино хийхээр илүү сонирхолтой болох нь мэдээж. Тийм болохоор олон нийтэд тийм ойлголт өгөөд байгаа. Гэхдээ аутизм бол дотроо их олон янз. Тэгэхээр хүүхдээсээ заавал онцгой чадвар олох гэж хичээхээс илүү юунд дуртай юм гэдгийг нь олоод тэрэн дээр нь суурилж хүүхдээ хөгжүүлбэл илүү амархан байдаг.

Хүүхэд чинь өөрөө биеэ даах чадвартай, өөрийн гэсэн дуртай хийх зүйлтэй тийм болох л чухал байгаа юм. Ер нь бидний зорилго тийм шүү дээ. Хүүхэд маань хүнээс хамааралтай байдал нь аль болох бага, биеэ даасан, өөрийн гэсэн хийсэн юмтай байгаасай л гэж боддог шүү дээ. Тэр чиглэл рүүгээ баримжаалаад явбал эцэг эхчүүдэд илүү дарамт багатай байх болов уу. Түүнээс биш онцгой чадвар хайгаад явах юм бол тэр болгон гарахгүй байж болно. Гэхдээ хүүхдэд ямар чадвар байгааг олж харахгүй өнгөрвөл бас харамсалтай. Тэгэхээр хүүхдээ их сайн ажигладаг байх хэрэгтэй. Янз бүрийн юм хийлгэж үзэх, оролдож үзэх хэрэгтэй.    

Эх сурвалж:isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *