Европын Холбооны төв, Европын хөдөлгөгч хүч Чех, Польш улс ба Монгол Улсын харилцааны шинэ үе шат – 1

0

Бүгд Найрамдах Чех Улс болон Бүгд Найрамдах Польш Улсад ерөнхийлөгч У. Хүрэлсүх
өнгөрсөн сард төрийн айлчлал хийсэн билээ.
Уг айлчлалын ач холбогдлын талаар Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн профессор,
шинжлэх ухааны доктор, Хүндэт дипломат Д. Уламбаярын бичсэн өгүүллийг хүргэж байна.

Өнгөрсөн 2023-2024 онд Европын Холбооны гол манлайлагч хоёр гүрний нэг БНФУ-ын
Еренхийлөгч Эммануэл Макрон 2023 оны тавдугаар сард Монгол Улсад анх удаа төрийн тэргүүний хувиар төрийн айлчлал хийж энэ үеэр гаргасан Хамтарсан Тунхаглалд: “Монгол Улс
Франц Улсыг чухал гуравдагч хөрш гэж үздэг бол Франц Улс Монгол Улсыг Онцгой түнш гэж
тодорхойлдог” гэж онцлон тэмдэглэсэн бол 2024 оны хоёрдугаар сард ХБНГУ-ын Ерөнхийлөгч
Франк-Вальтер Штайнмайер Монгол Улсад төрийн айлчлал хийж, энэ үеэр гарын үсэг зурсан
Хамтарсан Тунхаглалд: “Нийтлэг үнэт зүйлд суурилсан хоёр талын харилцааг “Стратегийн
түншлэл”-ийн түвшинд хүргэж, шат ахиулахаар шийдвэрлэсэн” билээ.
Харин XVII жарны “Элдэв эрдэмт” хэмээх хөхөгчин модон Могой жилийн эхэнд Монгол Улсын
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ЕХ-ны Төв, Зүүн Европын гол хөдөлгөгч хүч БНЧУ, БНПУ-ын
төрийн тэргүүн нарын урилгаар дурдсан улсуудад Төрийн айлчлал хийж, хоёр талын
харилцааны шинэ үе шатыг эхлүүлэв.
БНЧУ, БНПУ нь ЕХ-ны гишүүн улсууд дотор богино хугацаанд эдийн засгийн өндөр
үзүүлэлтэд хүрч, ажилгүйдлийг эрчимтэй бууруулж, нэг хүнд ногдох ДНБ-ийг 53-56
мянган ам.долларт хүргэж чаджээ. Нөгөөтэйгүүр БНЧУ-д 14 мянга гаруй монголчууд
хууль ёсны дагуу ажиллаж, сурч, амьдарч байгаа нь ЕХ-ны улсууд дотор хамгийн
өндөр үзүүлэлт болж байна.
2025 оны гуравдугаар сарын 10-нд Чехийн Ерөнхийлөгчийн ордны Прагын шилтгээний Шилэн
танхимд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Чехийн Гадаад хэргийн сайд Ян
Липавский нарын гарын үсэг зурсан Монгол Улс, БНЧУ-ын хооронд Иж бүрэн түншлэлийн тухай
Хамтарсан Тунхаглалд: Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа
тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан:

Хоёр улсын Засгийн газар, ард түмний уламжлалт найрсаг харилцаанд тулгуурлан;
Харилцан хүндлэл, итгэлцлийг бэхжүүлэх, түүнчлэн олон талт хамтын ажиллагааг үр нөлөөтэй
хөгжүүлэх, олон улсын энх тайван, тогтвортой байдал, ардчилалын үнэт зүйлс, хүний эрх, эрх
чөлөө, хууль дээдлэх, сайн засаглал, дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг ахиулах, НҮБ-
ын Дүрэм болон олон улсын эрх зүйн зарчмууд, тэр дундаа улс гүрний бүрэн эрхт байдал, нутаг
дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг тууштай дэмжихээ дахин нотолж, Монгол Улс,
Европын Холбоо болон түүний гишүүн улсуудын хооронд байгуулсан Түншлэл, хамтын
ажиллагааны суурь хэлэлцээрийг баримтлан;
Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсын “Гуравдагч хөршийн бодлого”-ыг уламжлал ёсоор
дэмжиж ирсэнд үндэслэн;
Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүхийн 2025 оны гуравдугаар сарын
10-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд
Найрамдах Чех Улс хоорондын харилцааг “Иж бүрэн түншлэлийн” түвшинд хүрснийг хамтран
Тунхаглан зарлаж байна” гэж онцлон тэмдэглэв.
Төрийн айлчлалын хүрээнд болсон харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын
үсэг зурах ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Петр Павел нар байлцав.

Улс гүрэн бүгд нэг нь нөгөөтэйгөө айл хөрш болж зэрэгцэн оршдог
Германы геополитикч, профессор Фридрик Ратцелийн “хөршөө сонсдоггүй” гэж хэлсэн нэгэн үг буй. Энэ бол хил залгаа хөршийн тухайд өгүүлсэн хэрэг гэдэг нь нэн тодорхой билээ. Харин сайн хөршийн
харилцааны тухайд бол хил залгаагүй “хөрш”-өө сонгож болох ажгуу
1990-ээд оны эхнээс Монгол Улсын гадаад бодлогод «гуравдагч хөрш», «гуравдагч хөрш»-ийн
бодлогын үзэл санаа буй болж, эдүгээ тухайлсан төрийн бодлого хийгээд онол-практикийн
түвшний судалгааны шинэ чиглэл болов. “Гуравдагч хөрш”-ийн бодлогын утга чанар нь
• нэгд, хөгжингүй,
• хоёрт, ардчилсан орнуудтай түншлэлийг харилцааг бүх салбарт хөгжүүлэх явдал гэж
Үндэсний аюулгүй байдлын баримтлалд тусгасан байдаг ахул Гадаад бодлогын үзэл
баримтлалд “ЕХ-той “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа,
хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх”-ээр заасан.
Монгол Улсын «гуравдагч хөрш»-ийн бодлогын эрхэм зорилго нь тус улсад хүмүүнлэг, иргэний,
ардчилсан нийгэм байгуулах гадаад таатай нөхцөлийг хангах, гадаад харилцаанд нээгдэж буй
асар их боломжийг дээд зэргээр ашиглах үндсэн дээр үндэсний хөгжил дэвшилд тус дөхөм
үзүүлэх, нийт хүн төрөлхтний хамтын үнэт зүйлсээс хуваалцах, олон улсын тавцанд Монгол
Улсын байр суурь, нэр хүндийг бэхжүүлэх явдалд оршино.
Монгол Улсын «гуравдагч хөрш»-ийн бодлого нь цэргийн эвсэл, холбоотны бодлого
биш, хоёр хөршийн эсрэг чиглэсэн бодлого ч биш, мөн зөвхөн энх тайван цагийн
геополитик гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Идэвхтэй, тэнцвэртэй олон хэмжээст
гадаад бодлого бол өөрөө аюулгүй байдал, батлан хамгаалахын том арга хэрэгсэл
болдог. Олон хэмжээст дипломаси гэдэг нь геополитикийн орон зай, цаг хугацаа,
таталцын хүчний орчинд агшиж сунах чадвартай, өөрөөр хэлбэл маневр хийх
чадамжтай ажиллагааг хэлэх ажгуу.

Монгол Улсын «гуравдагч хөрш»-ийн бодлого нь үндэсний аюулгүй байдал, үндэсний язгуур
ашиг сонирхлыг олон улсын эрхзүйн зарчим, хэм хэмжээний хүрээнд улс төр-диноматын
аргаар хангах бодлогын бүрэлдэхүүн хэсэг мөн.
«Гуравдагч хөрш»-ийн бодлогын амжилттай хэрэгжих үндэс нь Монгол Улсын хоёр
хөрштэй харилцах харилцаа ба «гуравдагч хөрш»-ын харилцаа, хамтын ажиллагааны
зохист тэнцвэр хангагдсан байдал эсвэл хангагдахуйц нөхцөл бүрдсэн байдал гэж
хэлж болох юм.
«Түнш», «түншлэл» хэмээх нэр томьёо нь 1990-ээд оны эхнээс олон улсын харилцааны үг
хэллэгт бодлогын шинжтэй, шинэ агуулга, хэлбэртэйгээр баттай орж ирсон билээ. Өнөөдөр
«стратегийн түншлэл», «иж бүрэн стратегийн түншлэл», «энхийн төлөө түншлэл», «сайн
хөршийн түншлэл», «иж бүрэн түншлэл», «өргөтгөсөн түншлэл», «өргөтгөсөн иж бүрэн
түншлэл», «түншлэл, хамтын ажиллагаа», «хөгжлийн түншлэл», «оюун санааны түншлэл»,
«өргөн хүрээтэй түншлэл», «олон талтай хамтын ажиллагааны түншлэл», «тэгш эрхтэй
түншлэл» зэрэг нэр томьёо олон улсын харилцааны баримт бичгүүд, эрдэмтэн судлаачдын
бүтээлд өргөн дэлгэр тусгагдаж, мөн улс төрийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид сайхь нэр
томьёог нарийн ширийн шигтгээ оруулан үйл явцын өрнөлттэй уялдуулан тайлбарласаар байна.

Идэвхтэй, тэнцвэртэй олон хэмжээст гадаад бодлого бол өөрөө
аюулгүй байдал, батлан хамгаалахын том арга хэрэгсэл болдог

Түншлэлийн харилцаа нь хамтын ажиллагааны ямар нэг хатуу тогтсон үзэл сурталд
тулгуурладаггүй, харин НҮБ-ын Дүрэм, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм
хэмжээг удирдлага болгож, тэгш эрхтэй, харилцан ашигтай, хөгжлийн нийтлэг эрх ашиг,
сонирхлыг тэргүүн зэрэгт тавих, улс бүрийн ялгаатай соёл иргэншил, амьдралын хэв жаягийг
ойлгож, харилцан хүндэтгэх, зөвшлийн үндсэн дээр шийдвэр гаргана гэж үйл ажиллагаандаа
баримтлах зарчмаа гол төлөв тодорхойлж байна. Түншлэлийн харилцаанд “холбоотны буюу
эвслийн” эрх ашгийг тэргүүн зэрэгт тавих буюу харгалзах, «ах дүүгийн» харилцааны ах нь
сургах, дүү нь сонсох агуулга тусгагдаггүй бөгөөд үүгээрээ түншлэгч талуудын тэгш эрх
хангагдаж буй гэж үзэж болно. Мөн өргөн хамтран ажиллах утга санаа шингэсэн байдаг нь
хамтын хариуцлага хүлээдэг. Тэгэхлээр түншлэл нь улс гүрнүүдийн хэвийн, найрсаг
харилцаанаас агуулга, хэлбэрээрээ өргөн юм. Даяаршлын одоо үед түншлэлийн эдийн засгийн
утга, агуулга нь улам өргөжин тэлсээр байна.
Нөгөө талд БНЧУ нь Монгол Улсын олон арван жилийн уламжлалт, найрсаг харилцаатай улс юм.
Бүр 1971 онд Чехословак улсын тусламжаар 600 ортой, Улсын нэгдсэн 1-р төв эмнэлгийг
ашиглалтад оруулсан нь Монгол Улсад хамгийн орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр
хангагдсан эмнэлэг болсон байдаг.
Социализмын үеэс л Чехословак улс нь арьс шир боловсруулах, гутлын үйлдвэрлэлээр Итали,
Австритай өрсөлдөж байсан юм. Монгол Улсын арьс шир боловсруулах салбарт Чех улсын
оруулсан хувь нэмэр Чехословак улсын үеэс эхлэлтэй бөгөөд 1960 онд Монгол Улсад Шевроны
үйлдвэр барьж, хүлээлгэж өгчээ. 1980 онд Арьс ширний үйлдвэр, 1981 онд 3,50р ажилтантай
гутлын шинэ үйлдвэрийг барьж ашиглалтад оруулснаар 1984 он гэхэд аддидас загварын гурван
эмжээрт цагаан өнгийн пүүз, үйсэн ултай эмэгтэйчүүдийн зуны, хавар, намрын түрийтэй (хром)
гоёлын гутлыг анх удаа үйдвэрлэн гаргаж эхэлсэн нь тухайн үедээ цоо шинэ зүйл байсныг
миний үеийнхэн сайн санаж байгаа болов уу.

1970-аад оноос Чехословакийн Кароса SM-11, 1980-аад оны эхнээс Кароса В-731 загварын хотын тээврийн автобус нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд гарч эхэлсэн нь тухай үедээ
дэвшилтэд үйлчилгээ болсон билээ.
1968 онд “Эрдэнэтийн Овоо”-ны зас молибдены нөөцийг Чехословакийн геологийн шинжилгээний анги анх илруулэн тогтоосон түүхтэй. Тиймээс Төрийн айлчлалын үеэр чехийн
геологич 100 нас шүргэж буй М.Краутерт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэтгэл
үзүүлсэн нь утга учиртай билээ. Тухайн үед социалист чиг баримтлалаар замнаж байсан Чилид
1973 оны есдүгээр сард цэргийн эргэлт гарснаар 3ХУ зэс, молибдены гол түүхий эдийн эх
сурвалжаасаа бүрэн хагацсан явдал “Эрдэнэтийн овоо”-д 3ХУ анхаарлаа онцгой хандуулах
шаардлагатай болж, тийнхүү БНМАУ-ын геополитик, гео-эдийн засгийн ач холбогдол үлэмж
нэмэгдэж ирсэн байдаг.
Дээр тэмдэглэсэн Иж бүрэн түншлэлийн Хамтарсан Тунхаглалд: “Хувийн хэвшлийг идэвхтэй
татан оролцуулах замаар геологи, геологи хайгуул, зураглал, байгалийн баялгийн хайгуул,
олборлолт, боловсруулалт зэрэг уул уурхайн салбарын хамтын ажиллагааг дэмжинэ” гэж заасан.
Монгол, Чехийн хамтын ажиллагааны хөгжлийн ирээдүйтэй чиглэл уул уурхай яах аргагүй мөн.
Төв аймгийн Баянцагаан суманд “Монгол-Чех металл” ХХК-ийн Жоншны баяжмалын үйлдвэр
2023 оны есдүгээр сарын хууч дээр ашиглалтад орсон билээ. Дурдсан үйлдвэр нь аймгийн
ДНБ-д боловсруулах салбарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болж, 200-
гаад ажлын байр буй болгон орон нутгийн хөгжилд чухал нөлөө үзүүлж байна. Сайхь жоншны
баяжмалын үйлдвэр нь байгаль орчны бохирдлыг багасгах зорилгоор өмнөх жилүүдийн үйл
ажиллагаанаас хаягдсан бага агуулгатай хүдрийг шинээр оборлосон хүдэртэй хольж баяжуулан
өндөр агуулгатай баяжмал үйлдвэрлэж байгаа ажээ. Үйлдвэрт баяжмал болон хаягдлыг
усгүйжүүлэх дэвшилтэт технологи нэвтрүүлж, усны эргэлтийг түргэсгэснээр эргүүлэн ашиглах
усны хэмжээг нэмэгдүүлж, цэвэр усны хэрэглээг багасгаж байна.

БНЧУ-ын “Ураниум Индастри” ХК Монгол Улсад ураны хайгуул, ашиглалтын салбарт
өөрийн охин компани болох “Гурвансайхан” ХХК-аар дамжуулан 2015 оноос хойш
хөрөнгө оруулалт хийн Дундговь аймгийн “Гурван сайхан”-д ажиллахаар төлөвлөж
байна. Төрийн өмчийн хорооны 2009 оны 204 дугаартай тогтоолоор “Гурвансайхан”
ХХК-ийн Монголын талын 15 хувийг төрийн өмчит “Мон-Атом” ХХК өнөөг хүртэл
эзэмшиж байгаа юм. Дундговь аймагт хайгуулын ажил хийж буй тус компанийн
урьдчилсан таамаг нөөц Дорноговь аймгийн “Зөөвч овоо”-ноос хоёр дахин бага хэдий
боловч Чехийн хувьд хангалттай нөөц гэж үзэж байгаа ажээ.
БНЧУ-ын эрчим хүчний бүтэц нь нүүрс 37.4 TWh буюу 44 хувь, цөмийн эрчим хүч 31.0 TWh буюу
37 хувь, байгалийн хий 4.3 TWh буюу 5 хувь, био түлш 5.5 TWh буюу 6 хувь, ус 3.1 TWh буюу 4 хувь, нар 2.6 TWh буюу 3 хувь, салхи 0.6 TWh буюу 1 хувь ажээ. Өөрөөр хэлбэл БНЧУ нийт
эрчим хүчнийхээ гуравны нэг хувийг цөмийн эрчим хүчнээс гарган авдаг бөгөөд цөмийн зургаан
реактортой. Анхны арилжааны цөмийн эрчим хүчний реактор нь 1985 онд ажиллаж эхэлжээ. Чех
улс 2040 он гэхэд цөмийн эрчим хүчний эзлэх хувийг 68 хувьд хүргэх бодлого баримталж
байгаа ажээ. Тиймээс Орос, Украйны дайнаас үүдэлтэй ЕХ-ны эрчим хүчний хямралыг нэн
хохирол багатай даван туулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Прагад хийсэн төрийн айлчлалыг чимсэн
нэгэн чухал үйл явдал бол “Тахийн дипломат ажиллагаа” байсан гэж хэлж болно. Төрийн айлчлалын албан ёсны хөтөлбөрийн дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын Амьтны
хүрээлэнд зочилж, тэнд тус хүрээлэнгийн захирал Мирослав Бобектай уулзаж, амьтны
хүрээлэнтэй танилцах цаг дор өнгөрсөн хоёрдугаар сарын хууч дээр төрөөд удаагүй байсан
Тахийн бяцхан унаганд “Дагина” хэмээх нэр хайрласан явдал Чехийн хэвлэл мэдээллийн
анхаарлыг ихэд татсан явдал байлаа.

XIX сүүлч, ХХ зууны эхээр Монголын нутгаас 90 орчим тахийг Европ руу зөөвөрлөж, амьтны
хүрээлэнгүүдээ тараан байршуулжээ. 1931 онд Прагийн Амьтны хүрээлэн байгуулагдсаны
дараахнаас тэдгээр тахиас нижгээдийг шилжүүлэн авсан байх бөгөөд 1933 онд анхны унага нь
мэндэлж байжээ. Харин Франц, Нидерланд, Герман, Чех зэрэг улсуудын санаачилгаар Европ
дахь амьтны хүрээлэнгүүдэд буй тахийг 1992 оноос эхлэн Монгол Улсад эргэн нутагшуулах
төслийн ажлыг хэрэгжүүлж эхэлсэн байх бөгөөд энэ хүрээнд прага хотын Амьтны хүрээлэнгээс
1998 онд 3, 2001 онд 1 тахийг олон улсын байгууллагын санхүүжилтээр эх нутагт нь авчирчээ.
Улмаар Чех улсын Байгаль орчны яам, Прагын амьтны хүрээлэн, Зэвсэгт хүчний
жанжин штабын дэмжлэгтэйгээр цэргийн тээврийн онгоцоор 2011-2019 оны хооронд
есөн удаагийн тээвэрлэлтээр 30 тахийг Хомын тал буюу Завхан аймгийн Дөрвөлжин
сум, ЮНЕСКО-д бүртгэлтэй Говийн их дархан цаазат газрын “Б” бус буюу Говь-Алтай
аймгийн Бугат сумын нутагт нутагшуулсан нь эдүгээ Тахийн талд 300 орчим, Хомын
талд 160 гаруй толгой болтлоо өсжээ. Тээвэрлэлтийн асуудлыг шийдэх тухайн үед
Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар Чехийн өнөөгийн ерөнхийлөгч генерал Петр
Павел ажиллаж байжээ.
Монгол орны уур амьсгал, ус ургамал, идэш тэжээл, бэлчээрийн нөхцөл байдлыг судалж,
шинжилсний үндсэн дээр Нөмрөгийн дархан цаазат газрын Сүмийн хоолой буюу Дорнод
аймгийн Халх гол сумын орчимд тахийн сүргийг сэлгэн нутагшуулахаар тогтож, 2024 оны
гуравдугаар сард БОАЖЯ, Прага хотын Амьтны хүрээлэнгийн хооронд Хамтын ажиллагааны
Санамж бичиг байгуулжээ.
Прага хотын амьтны хүрээлэнгээс тахийн сүргийг урт хугацаанд тогтвортой хамгаалж, тоо
толгойг өсгөх үйлст дэмжлэг үзүүлж, Монгол Улсын Тусгай хамгаалалттай газрын байгаль
хамгаалагчдыг машин, мотоциклоор хангах, худаг ус гаргах, орон нутгийн эмнэлгийг шинэчлэх
ажлыг зохион байгуулахад нийт нэг тэрбум гаруй төгрөгийн тусламж үзүүлжээ.

Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобекийн Монгол эх оронд нь тахийг
нутагшуулах их ажил үйлст оруулсан хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж, 2022 оны аравдугаар
сард Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх зарлиг гаргаж, түүнийг “Алтангадас” одонгоор
шагнажээ.

Мөн Нидерландын талаас Хустайн нуруунд нутагшуулсан тахийн тоо толгой ч 300 орчим болж өсжээ

Дээрх арга хэмжээ, хүчин чармайлтын үр дүнд тахь нь “Улаан ном”-д устсан амьтны жагсаалтаас
гарч, ховордож буй амьтны төрөл, зүйл оржээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн
энэ хүнд үед биологийн олон төрөл зүйлийг хамгаалах явдал НҮБ, түүний гишүүн улсуудын
үүрэг билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гадаадад хийж буй төрийн айлчлалын салшгүй
бүрэлдэхүүн хэсэг нь зөөлөн хүчинд суурилсан соёлын дипломат ажиллагаа байдаг. Монгол Улс,
БНЧ хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор Чехийн Үндэсний музейд “Чингис хаан олон
улсын үзэсгэлэнгийн нээлт ёслол төгөлдөр эхэлсэн. Зургаадугаар сарын сүүл хүртэл толилуулах
тус үзэсгэлэнд “Чингис хаан” үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сор болсон
700 гаруй үзмэр, эд өлгийн зүйлийг дэлгэсэн юм.
Олон улсын үзэсгэлэн нь өнөөгийн дэлхийн шинэ дэг журмыг анхлан журамлагч Их эзэн Богд
Чингис хааны Евразийн өргөн уудам орон зайд тогтоосон “Монголын их амар амгалан”-гийн үзүүлсэн нөлөө, түүний утга чанарын түүхэн үнэнийг олон нийтэд танин мэдүүлэх, монголчуудын
нүүдлийн соёл иргэншил өв уламжлалын онцлогийг сурталлан таниулах зорилготой байдаг.
“Монголын их амар амгалан” хэмээх ойлголт нь XIII-XIV зууныг дамнан өртөөлсөн бүх цаг үеийн
Монголын эзэнт гүрний буюу нэг засаг төрийн ивээл дор Евразийн өргөн уудам геополитикийн
орон зайн хаана ч тогтвортой байдал, амар амгалан төлөвшин тогтож, бүхнийг хуулийн засаглал
дор хэрэгжүүлж, соёлын солилцоо, чөлөөт худалдаа айх аюулгүй нээлттэй явагдаж, шашны эрх
чөлөө цогцолж, мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, дарь, цаас, хэвлэх үйлдвэр, газар
тариалан, цаасан мөнгө гаргах, түүнлэн хөлөг онгоц бүтээх зэвсгийн технологид шинэчлэл
гарсан, эдийн засгийн хөгжил, дэвшлийн алтан үеийг хамруулдаг. “Чингис хаан” олон улсын
үзэсгэлэн нь Прага хотноо албан ёсоор анх удаа зохион байгуулагдаж байгаа бие даасан
соёлын өвийн үзэсгэлэн бөгөөд хоёр улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны нэгэн
шинэ үе эхэлж байгааг Чехийн тал онцлон тэмдэглэж байв. Нээлтийн үеэр 60 гаруй үзмэрээс
бүрдсэн Үлэг гүрвэлийн үзэсгэлэнг Прага хотноо 2027 онд хамтран зохион байгуулахаар
тохиролцов.

Соёлын дипломат ажиллагааны чухал хэсэг нь 1600 оны үед баригдсан уран барилгын хосгүй
дурсгал ерөнхийлөгчийн ордны Прагын шилтгээний Испани танхим, БНЧУ-ын филармони
“Рудольфинум”-д тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, соёлын элч Монгол Улсын Филармонийн
Морин хуур Найрал хөгжим үндэсний болон дэлхийн сонгодгуудын сор болсон бүтээлийн
дээжээс бүрдсэн “Монголын сайхан орон” тоглолтоо чехийн үзэгчид болон Европ тивд амьдран
суугаа монголчууддаа толилуулсан нь сэтгэл догдлуулсан үйл явдал байлаа. Хорвоогийн бүх хөг
аялгууг хоёрхон чавхдасаар уянгалуулж чадах нүүдэлчдийн соёлын өвийн сонгогдог хөгжмийн
зэмсэг Морин хуураас өөр үгүй билээ.
Төрийн айлчлалын агуулгыг баяжуулсан чухал үйл явдал нь мэдээж эдийн засгийн дипломат
ажиллагаа байдаг. Чехийн ГХЯ-ны төв байранд хоёр улсын ерөнхийлөгч нар оролцсон Монгол-
Чехийн бизнес форумд 20 орчим салбарын 150 гаруй аж ахуйн нэгжийн нийт 200 гаруй төлөөлөл оролцож, энэ үеэр монголын 10 гаруй компани шинэ бизнес, хөрөнгө оруулалтын түнш олж,
хамтран ажиллахаар болж, нийт 6.3 сая еврогийн үнийн дүнтэй бизнесийн гэрээ байгуулж,
Монгол-Чехийн Худалдаа-аж үйлдвэрийн танхимууд Хамтран ажиллах Санамж бичигт гарын
үсэг зурав.
Монгол-Чехийн хамтын ажиллагааны чухал амжилт нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын
салбарын хамтын ажиллагааны үр дүн юм. БНЧУ 2004 онд ЕХ-нд элсэж, эдийн засгийн өсөлт,
ДНБ нь нэмэгдэж эхэлснээр гадаадаас ажиллах хүч авах шаардлага нэмэгджээ. Тухайн үед
Чехийн ЭСЯ-наас виз шуурхай олгогдож байсан учир тус улсад хөдөлмөр эрхлэх монгол
иргэдийн тоо 2006-2008 онд огцом өсөж, 2.8 мянгаас 4.5 мянга, улмаар 8.5 мянгад хүрсэн байна.
“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, БНЧУ хоорондын хэлэлцээр”-т 2019 оны тавдугаар
сард гарын үсэг зурж, УИХ 2020 оны дөрөвдүгээр сард. Чехийн парламент тав-зургаадугаар сард соёрхон баталж, улмаар дурдсан хэлэлцээр 2023 оны гуравдугаар сарын 1-нээс хүчин
төгөлдөр үйлчилж эхэлжээ. Чехийн Ерөнхийлөгч Петр Паул хэвлэлийн бага хуралд үг хэлэхдээ,
Мэргэшсэн хүмүүсийг ажиллуулах нь манай хоёр улсад хэрэгтэй. Манай зарим салбарт
дутагдаж байгаа ажилчдын орон зайг монголчууд нөхөж байна. Ажил хөдөлмөр эрхлэх монгол
иргэдийн квотыг нэмэгдүүлснээр ажилчдын тоо 80 хувиар өссөн тухай мэдэгдсэн нь харилцан нөхсөн хамтын ажиллагааны нэг илрэл болов.

Үргэлжлэл бий…..

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *