Б.Баасандорж: Өмнөх парламентаас дахин сонгогдоогүй 30 орчим гишүүн тэтгэмж авах хүсэлт гаргасан

0

Сүүлийн үед УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, дахин сонгогдоогүй гишүүд хүсэлт гаргавал 12 хүртэлх сарын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог заалттай холбоотой мэдээлэл гарч байгаа билээ. Уг асуудалтай холбоотой хуулийн зохицуулалтын талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.Тэрээр “Анхны Улсын их хурал 1992 онд байгуулагдаж, тухайн үед УИХ-ын тухай хуулийг баталсан. Энэ хуульд УИХ-ын гишүүний эрх зүйн байдал, нийгмийн баталгаатай холбоотой заалт орсон. “Хэрвээ Улсын их хурлын гишүүн дахин сонгогдоогүй, эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн бол өмнө эрхэлсэн ажил албан тушаалд нь эргүүлэн тавина. Өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тавих боломжгүй бол түүнтэй дүйцэхүйц ажил албан тушаалд тавина” гэдэг заалтыг 1992-1996 онд хэрэгжсэн.1997 онд Монгол Улсын Их хурлын тухай хоёр дахь хууль батлагдсан. Энэ хууль дээр дээрх заалт бага зэрэг өөрчлөгдсөн. “Хэрвээ дахин сонгогдоогүй бол өмнө эрхэлж байсан албан тушаалд нь буцаан томилно, эсвэл 6 хүртэл сарын цалинтай нь тэнцэх хэмжээний заалтыг нэг удаа олгоно” гэж заасан. Энэ заалт нь 2006 он хүртэл УИХ-ын гишүүн Эрх зүйн байдлын тухай хууль байдлаар хэрэгжсэн. 2007 онд УИХ-ын тухай хуулийг 3 дахь удаагаа өөрчилж, батлагдсан. Уг өөрчлөлтөөр “Тухайн гишүүн дахин сонгогдоогүй, эсхүл эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн бол тухайн гишүүнд нэг удаагийн тэтгэмж буй 12 сар хүртэл цалинтай нь тэмцэх тэтгэмж олгоно гэж заасан. Мөн өмнө эрхэлж байсан ажил албанд эргүүлэн тавина” гэж заасан заалт нь 14 жил хэрэгжээд 2020 онд хууль дахин шинэчлэгдэхэд өмнөх заалт хэвээрээ үлдсэн.Өнөөдрийн УИХ-ын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг өмнөх парламент шинэчилж, өөрчилсөн. 2024 оны тавдугаар сарын 24-нд баталсан УИХ-ын тухай хуулиар зохицуулж байгаа. Энэ хуулийн 41.9 дэх хэсэгт “Хэрвээ тухайн гишүүн дахин сонгогдоогүй өмнө эрхэлж байсан албан тушаалд нь тавина гэдгийг хасаад хэрвээ тухайн УИХ-ын гишүүн дахин сонгогдоогүй 12 хүртэл сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өгнө” гэж заасан байгаа. Тэгэхээр гишүүний тэтгэмжтэй холбоотой энэ заалт нь гэнэт л 2024 онд гарч ирсэн заалт биш гэдгийг дээрх хуулиудыг дурдан танилцуулж, мэдээлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм шүү.Одоогоор 1992 оноос хойш хэдэн гишүүн тэтгэмж авсан талаар нарийн тооцоо алга байна. 2020-2024 оны парламентын 76 гишүүнээс 38 нь дахин сонгогдсон. Үлдсэн 38 нь дахин сонгогдоогүй бөгөөд эднээс 30 орчим нь тэтгэмж авах хүсэлт гаргаж, олгоод явж байгаа. Тэтгэмжийг сар сараар нь олгоно. Өөрсдийнх нь хүсэлтийг үндэслэн УИХ-ын тухай хуулийн 49.1 хэсгийн заалтыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй” гэлээ.Яагаад дахин сонгогдоогүй гишүүнд тэтгэмж өгөх ёстой вэ гэдэг үндэслэлийг УИХ дараах байдлаар тайлбарлалаа.УИХ-ын гишүүд эрх эдлэхээс гадна маш олон үүрэг хүлээж байгаа. Яагаад гэвэл иргэдийг төлөөлж 4 жил Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж, бодлого тодорхойлж байгаа юм. Хувь хүн бус, ард түмний төлөөлөл гэдэг талаас нь асуудлыг харж, эдийн засгийн хараат бус байдлыг хангах зорилгоор оруулсан заалт юм. Нийгмийн олон салбарын төлөөлөл хууль тогтоох дээд байгууллагад  сонгогддог. Эмч, хууль, багш зэрэг мэргэжилтэй хүмүүс 4 жил УИХ-ын гишүүнээр ажиллахаар сонгогдож байна. Эдгээр хүмүүс дахин сонгогдоогүй бол ажил албан тушаал, магадгүй дахин төрийн албанд дахин орох хүртэл хугацаан дахь хараат бус байдлыг бодолцон тэтгэмжийн асуудлыг суулгадаг. Уг зохицуулалтыг сонгодог парламентын засаглалтай гаднын олон улс орон өргөн ашигладаг. Монгол Улс улс орнуудын жишгийг судалж дээрх зохицуулалтыг оруулсан гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *