Судалгаа: Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх нь хөдөлмөр эрхлэлтийг бууруулдаг

0

“Санхүүгийн хүртээмж хөгжил санаачилга” ТББ-ын судалгааны баг цалин болон халамжийн бодлого иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж буй нөлөөллийн судалгааг хийжээ.Судалгааны үр дүнгээр, Монгол Улсын ажиллах хүчний оролцооны түвшин 1992-2022 оны хооронд 76 хувиас 58.7 хувь болж буурчээ. Ажиллах хүчинд эмэгтэйчүүд болон залуучуудын оролцооны түвшин буурч байгаа нь голчлон нөлөөлж байна. Ажиллах хүчнээс гадуурх хүн амын өсөлтийн түвшин буурсан нь нөлөөлж байна гэжээ. Үүнд тэтгэвэрт гарах, суралцдаг болон жирэмсэн эсвэл хүүхдээ харж буй гэсэн шалтгаанууд нийт ажиллах хүчнээс гадуурх хүн амын 78 хувийг эзэлж байгаа юм. Регрессийн шинжилгээний үр дүнд хүүхдийн мөнгөн тэтгэмж нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулж байгааг тодорхойлсон. Мөн хөдөлмөр эрхлэлт болон оролцооны түвшинд нийгмийн халамжийн тэтгэмж авах, цалин бага байгаа зэрэг нь сөргөөр нөлөөлдөг болохыг нотолсон. Ажиллах хүчний оролцооны түвшин буурах нь хувь хүний худалдан авах чадвар буурах, эдийн засгийн өсөлтийг сулруулах зэрэг сөрөг нөлөөнүүдтэй учир оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодлого, зохицуулалтын арга хэмжээ авах шаардлагатай байгааг дурджээ.Монгол Улсын ажилгүйдлийн түвшин дэлхийн дунджаас өндөр байнаМонгол Улсын ажилгүйдлийн түвшин 2022 онд 6.7 хувь байгаа нь дэлхийн дунджаас 0.9 хувиар, өндөр орлоготой орнуудаас 2.2 хувь өндөр байна. Хүйсээр нь харвал, эрэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байна. Харин эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин бусад улс оронтой ойролцоо байгаа юм. Монгол Улсын ажилгүй байгаа 6 хүн тутмын нэг нь 15-24 насны залуус байна. Нийт ажилгүй байгаа залуучуудын тэн хагас нь мэргэжлийн нийцгүй байдлаас шалтгаалан ажил эрхэлж чадахгүй, түүнчлэн нийт ажилгүй иргэдийн 29 хувь нь ажил хайгаад олдоогүй буюу ажлын байрны хангалтгүй байдлаас болж ажил эрхэлж чадахгүй байна гэсэн байна.Цаашлаад, ажилгүйдлийн голлох шалтгаануудыг харвал:

  • Нийт ажилгүй иргэдийн 29 хувь нь ажил хайгаад олдоогүй буюу ажлын байрны хангалтгүй байдлаас болж ажил эрхэлж чадахгүй байна гэсэн байна.
  • Ажилгүйдлийн голлох шалтгаануудад ажил олдоогүй, дадлага туршлага байхгүй эсвэл мэргэжилд тохирох ажил олдохгүй байгаа нь зонхилж байгаа юм. Энэ нь ажлын байрны хангалтгүй байдал болон нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалан зарим ажил мэргэжлийн илүүдэл өндөр буюу бүтцийн ажилгүйдэлтэй байгааг илэрхийлж байна.
  • Монгол Улсын газар зүй, цаг агаарын онцлогтой холбоотойгоор улирлын чанартай үүсэж буй ажилгүйдэл нь нийт ажилгүйдлийн 9 хувийг эзэлж байна.
  • Жирэмсэн эсвэл хүүхдээ асарч байгаатай холбоотойгоор ажилгүй байгаа иргэд 7 хувийг эзэлж байна.
  • Цалин хангалттай бус байгаа нь ажилгүйдлийн нийт шалтгааны 4 хувийг эзэлж байна. Нэрлэсэн цалин өндөр байх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж байсан. Ажилгүйдэл нь хувь хүний худалдан авах чадвар болон сэтгэл зүйд муугаар нөлөөлөхөөс гадна эдийн засгийн өсөлтийг удаашруулж байдаг. Дэлхийн дундаж ажилгүйдлийн түвшин 5.8 хувь бол Монголд 1-2 хувиар өндөр байна.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж (ХМТ)-ийг нэмэгдүүлэх нь хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлдөгХүүхдийн мөнгөн тэтгэмж нэмэгдсэнээр нийт хүн амын хөдөлмөр эрхлэлтийг 4.83 хувиар, эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг 5.4 хувиар, мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг 4.29 хувиар тус тус бууруулах нөлөөтэй байна. Мөн ХМТ-ийг нэмэгдүүлэх нь бага орлоготой өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулах нөлөөлөл илүү өндөр байна. Түүврийн хөдөлмөр эрхлэлтийн байдлаас үзэхэд 2019 онд түүвэрт багтсан 28,093 хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшин 55.62 хувь байсан бол 2021 оны 26,215 хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшин 52.76 хувь болон буурсан нь 2020 онд ХМТ-ийг 3 дахин өсгөсөнтэй холбоотой байх магадлалтай юм.Халамж нэмэгдэх нь хөдөлмөр эрхлэлтийг бууруулдагХаламж авдаг иргэдийн хувьд халамж авдаггүй иргэдтэй харьцуулахад хөдөлмөр эрхлэлт 12.13 хувиар бага байх магадлалтай байна. Эрэгтэйчүүдийн хувьд халамж авдаг байх нь хөдөлмөр эрхлэх магадлалыг 15.54 хувиар бууруулж байгаа нь эмэгтэйчүүдээс харьцангуй өндөр байна. Энэ нь 2022 оны байдлаар эрэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин өндөр байгааг халамжтай холбож тайлбарлах боломжтой юм. Мөн Монгол Улсын хувьд иргэдэд олгож буй халамжийн хэмжээ өндөр байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Халамжийг энэ хэвээр нэмэгдүүлэх нь эрэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг бууруулах эрсдэлтэй байж болох юм. Өндөр орлоготой өрхийн гишүүдийн хувьд 3.98 хувиар хөдөлмөр эрхлэлтийг бууруулж байгаа бол бага орлоготой өрхүүдийн хувьд халамж авах нь хөдөлмөр эрхлэлтийг 15.64 хувиар бууруулах магадлалтай нь эрэгтэйчүүдийн үзүүлэлттэй ойролцоо байгаа юм. Иймд халамжийн хэмжээг нэмэгдүүлэх нь бага орлоготой иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг багасгаснаар, ядуурлын түвшнийг бууруулж, дундаж давхаргыг нэмэгдүүлэхэд саад учруулах сөрөг нөлөөтэй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *