Б.Пунсалмаа: ₮1,5 их наядын өртэй “Тавантолгой түлш” ХХК-ийг татан буулгаж, хувийн хэвшил оруулах хэрэгтэй

0

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаатай утааны сонсгол, “Тавантолгой түлш” ХХК тойрсон асуудлаар ярилцлаа.

-Утааны сонсголыг ямар ч байсан хоёрдугаар сард хийхээр боллоо. Утаа багасч, мартагдсан байх үед хийх нь гэдэг шүүмжлэл ч гараад байна?

Утааны сонсгол хоёрдугаар сарын 03-04-ний хооронд зохион байгуулагдахаар болсон. Агаарын бохирдол, сайжруулсан шахмал түлшний асуудлыг парламентын түвшинд нэлээн сайн авч хэлэлцэж байгаа. Жишээ нь, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 21 хүний бүрэлдэхүүнтэй утааны эсрэг ажлын хэсэг байгуулсан. Сонсгол зохион байгуулахаар болж байна.

Манай Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг “Тавантолгой түлш” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Түлшнээс яагаад олон хүмүүс хордоод байгаа вэ, орц найрлагын хяналт хэрхэн явагддаг, яагаад алдагдалтай ажиллаад байгаа юм гэхчлэн асуудлуудыг харах шаардлага үүссэн. Өнөөдрийн байдлаар 1.5 их наяд төгрөгийн алдагдалд орчихсон. Жилд 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдал үйлдвэрлэж байгаа юм.

Тиймээс сонсголыг олон нийт анхааралтай сонсоосой, үзээсэй, оролцоосой. Иргэдийн эрх хаана хөндөгдөв, хэрхэн зөрчигдөв, ямар эрх ашгийн зөрчил гарав гэхчлэн саналаа хэлэх хэрэгтэй.

Сонсголоор ямар үр дүн, шийдэл гарна гэсэн хүлээлт байна вэ?

-Сайжруулсан шахмал түлшийг 2018 оноос хэрэглээнд нэвтрүүлсэн. Өмнө нь түүхий нүүрс хэрэглэж байх үед агаар тоосжилт ихтэй байсан. Одоо тоосжилтийг дарах зорилгоор органик болон органик бус нэгдлүүдийг хольж барьцалдуулагч холиод байгаа. Сайжруулсан гэгдэж байгаа ч иргэдийн нүдэнд үзэгдэхгүйгээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд байна.

2018 оноос өмнө есөн жилийн дунджаар гурван хүн угаартаж нас барж байсан юм билээ. Гэтэл 2018 оноос хойш энэ тоо жил бүр өссөөр 40, 60, 80 сүүлдээ 100 руу дөхсөн. Жилд 100 орчимн хүний амь нас эрсдэх аюул байгаа юм.

Нөгөө талаар төрийн өмчит компани хэлбэрээр ажилласаар төсөвт ачаалал учруулах болсон. “Тавантолгой түлш” компанийг маш хурдацтай сайжруулах шаардлагатай.

Танай ажлын хэсэг “Тавантолгой түлш” компанид очиж ажилласан гэж ярилцлагынхаа эхэнд дурдсан. Нүдээр очиж үзэхэд ямархуу дүр зураг харагдав?

-Асар их нүүрс бужигнасан үйлдвэр ажиллаж байна. 21-р зууны хувьд үнэхээр учир дутагдалтай. Хоцрогдсон тоног төхөөрөмжөөр, хуучны технологиор үйлдвэрлэл явуулж байгаа дүр зурагтай. Тэнд ажиллаж байгаа 1000 орчин хүний уушги, эрүүл мэнд гэдэг аймшигтай эрсдэл дунд байна. Бид нэн түрүүнд ярих ч шаардлага үүсчихэж. Хөдөлгөөн хийх бүрт нүүрс бургиж байдаг юм билээ. Нүүрсээ битүү канвераар, хоолойгоор дамжуулах ёстой ч, тийм зүйл алга.

-Сайжруулсан шахмал түлшнээс ухарч, түүхий нүүрс түлнэ гэдэг хэцүү. Нэгэнт алхам хийгээд урагшлачихсан л бол сайжруулмаар байна.

-Ухрахгүй гээд энэ бохир үйлдвэрлэл болоод төрийн өмчит хэлбэртэй нь зууралдаад зүтгүүлээд байх нь учир дутагдалтай болчихож, тийм үү?

-Яг тийм. Маш яаралтай хувьчлах хэрэгтэй. Хоёроос гурван хувийн хэвшилтэй өрсөлддөг боллоо гэхэд чанар, стандарт нь сайжирна. Төрийн өмчит гээд хувьчилж болддоггүй юм бол маш яаралтай ISO стандарт нэвтрүүлэх шаардлагатай гэж бодож байна. Улаанбаатарт ойрын хугацаанд 2000мвт цахилгаан нэмэгдүүлж, айлуудаа хангаж чадахгүйгээc хойш түлшнийхээ чанарыг сайжруулъя. Дор хаяж 5-10 жил хэрэглэх болов уу даа.

Нэг шуудай түлшийг 20800 төгрөгөөр үйлдвэрлэж, 3750 төгрөгөөр борлуулж байгаа нь өнөөдөр асуудлуудын нэг болчхоод байна шүү дээ?

-Түлшийг үйлдвэрлэж байгаа өртгөөс нь хоёроос гурав дахин хямд үнээр иргэдэд нийлүүлж байгаа юм билээ. Улсаас татаас авах хэлбэрээр зах зээлийн бус үнээр иргэдэд үйлчилж байна. Зах зээлийн бус үнээр худалдаж авъя гэж хэн ч гуйгаагүй. Нийслэлчүүд худалдаж авсаар ирсэн. Төлбөрийн чадваргүй айл өрхүүдэд тухайлан хөнгөлөлт, чөлөөлөлт олгох ёстой болохоос биш хавтгайруулан татаас өгөөд байж болохгүй.

Гол нь чанар. Хүнийг хордуулдаггүй байлгахад анхаармаар байна. Хувийн хэвшил орж ирээд өрсөлдөх бололцоог нь төр олгох ёстой.

-Хоолой аргаж, нүд хорсох нь хэвийн үзэгдэл болсон. Өглөө босоод тэдэн хүн угаартлаа, нас барлаа гэдэг эмгэнэлтэй тоо сонссоор дөжрөх нь ээ. Юу ч хийцгээхгүй байгаа нь харамсалтай санагдаж байна?

Хувийн хэвшилтэй өрсөлдөх чөлөөт өрсөлдөөнийг бий болгох шаардлагатай. Чанар муутай, хортой байна гэж бодож байвал өөр зүйл түлж үзэхийг хичээ.

Нөхөн олговрыг нь хариуцах тусдаа агент байгуулах шаардлагатай. Одоогоос долоо найман жилийн өмнө Агаарын чанарын алба гэж байсан. Харамсалтай нь татан буулгасан. Энэ алба дүүрэг бүрд агаар дахь хүхэр, хүнд элемент, азотыг хэмждэг байсан. Одоо энэ албыг эргүүлэн сэргээх шаардлагатай. Цаашлаад хэрэглэгчид нүүрсээ түлэхээс өмнө чанарыг нь шалгуулдаг боломжийг иргэддээ олгодог баймаар байна.

Борлуулж буй цэг бүрд чанар, стандарт, орц найрлагыгшалгадаг байвал зүгээр.

-Судалгаан дээр хэр ажиллав. Сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл таарсан л байх. Ажлын хэсгийнхэн шинжээч, судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдийн үгийг хэр сайн сонсож байна вэ?

Тавантолгой түлш” гэдэг компанийн өөрийнх нь үйл ажиллагаа сэтгэл эмзэглүүлэм байсан. Тэнд хүний хөдөлмөр, аюулгүй байдал алдагдсан. Анхаарах ёстой гэж бодсон. 

Ийм аймшигтай бужигнасан орчинд чанар, стандарт шалгаад баталгаажуулах боломжгүй. Өдөрт 3.5 сая тонн үйлдвэрлэдэг. Тиймээс үйлдвэрлэлийн шат дараалал бүрт хяналт тавьдаг байх шаардлагатай. Энэ миний дахин дахин яриад буй ISO. 

Чанар муу байгаа нь яалт ч үгүй хяналт шалгалтгүй байгааг илтгэж байгаа байх л даа?

-Яг тийм. Хүхэр, хүнд метал маш аюултай. Тархинд очиж нөлөөлөл үзүүлдэг. Сэргэлэн цовоо байдалд хүртэл нөлөөлж дүйнгэ болгодог. Элэгний өвчлөлий шинэ төрлийн мутаци хүртэл бий болчихсон гэж эмч нар хэлээд байна. 

“Ковид”-ийн үед сайн ажиллаж байсан шиг үндэсний хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй. Алгуурлах, тайвшрах асуудал байхгүй. Цаана нь хүний амь нас, эрүүл мэнд, монгол хүний үнэ цэнийн тухай яригдаж байна.

-Өнгөрсөн хугацаанд утаанд зарцуулсан төсөв гэдэг аймшигтай том тоо бий. Их наядаар яригдаж байгаа нь харамсалтай байна?

Төрийн өмчит компани учраас тэр. Хувийн хэвшилтэй адилхан татвар төлж, ижилхэн ажлын байр бий болгодог. Харамсалтай нь төрийн өмчит компани ашиг хийхийг нэг их зорьдоггүй. Ашигтай ажиллавал магтах систем байхгүй, алдагдалтай ажиллавал шийтгэх тогтолцоо байхгүй. Ашиг хийхийг зорьдоггүй компани алдагдалтай ажилладаг. 

Тиймээс “Тавантолгой түлш” компани өнөөдөр 1,5 их наяд төгрөгийн зардал үүсгэчхээд сууж байгаа юм. Бага дүн биш. Хувьчлах хэрэгтэй гээд яриад байгаа шалтгаан энэ. 

2000 мвт-ын цахилгаан станц байхад айл бүрийг тогоор хангах боломж бүрдэнэ. 400мвт цахилгаан станцын өртөг 300-400 мвт-ынхыг 2-3 их наядаар барина. Гэтэл 1,5 богино хугацаанд утаагүй болно гэсэн зорилгоор их мөнгө идчихсэн. Хамгийн хортой нь энэ. Иймд маш яаралтай зогсоож, хувийн хэвшил оруулж ирэх хэрэгтэй.

Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *