Монголчуудын өр 431 сая доллараар нэмэгдэнэ

0

Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болох мөрөөдөл, зорилт тавьж тус үйлдвэрийн шавийг 2017 онд тавьснаас хойш даруй найман жилийн нүүртэй золгож байна. Шав тавих үед 2024 онд ашиглалтад оруулах тооцоололтой байсан ч цар тахлын улмаас ашиглалтад орох хугацаа хэд хэдэн удаа хойшилсон. Тухайлбал, 2026 он гэсэн тооцоолол гаргасан ч дахин нэг жилээр хойшилж 2027 он гэсэн хугацаан дээр тогтоод буй. Гэсэн хэдий ч энэ хугацаа дахин хойшлохгүй гэсэн баталгаа байхгүй ч энэ хугацаанд амжиж ашиглалтад оруулахын тулд хаа хаанаа хичээл зүтгэл гаргах болсон.

Угтаа Монгол Улс Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй нэг тэрбум 236 сая ам.долларыг жилийн 1.75 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай зээлж газрын тосны үйлдвэр барьж эхэлсэн.

Зээлийн эргэн төлөлтийг санхүүжилт хийснээс хойш долоон жилийн дараа буюу энэ оноос төлж эхэлнэ гэсэн нөхцөлтэй байгуулсан байдаг. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд одоогийн байдлаар нийт 992.2 сая ам.долларын гэрээ гэрээ байгуулагдаад байгаа бөгөөд гэрээний санхүүжилт 256.9 сая ам.долларын гүйцэтгэлтэй байгаа гэдгийг Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг мэдэгдсэн.Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл үндсэн дөрвөн үе шаттай. Бүтээн байгуулалтыг дэд бүтцийн дараалал, барилга байгууламжийн төвөгшил болон инженерчлэлийн ажилд зарцуулах хугацаа зэргийг харгалзан дөрвөн хэсэгт хуваан явуулж байгаа юм. Үйлдвэрийн угтах байр, эмнэлэг, хоолны газар, оффис сургалтын төв, агуулах, лаборатори, цэвэр усны систем, гал унтраах анги, засварын цех зэрэг технологийн бус барилга байгууламжийг барих ЕРС1 ажлын явц 99 хувьтай, энгийн болон вакум нэрлэгийн байгууламж, хий ялгах байгууламж, завсрын болон бэлэнбүтээгдэхүүний сав, шингэрүүлсэн шатамхай хий хадгалах сав, бүтээгдэхүүний ачих буулгах байгууламж, шугам хоолойн тулгуурууд зэрэг анхдагч процессын болон дагалдах байгууламжуудын барилгын ЕРС2 ажил 17 хувьтай үргэлжьилж байгаа аж. Харин Үйлдвэрийн цахилгаан станцыг барьж байгуулах ЕРС3 ажил 14 хувьтай яваа бол гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжуудын ЕРС4 ажил 8 хувьтай үргэлжилж байгаа.ЕРС4 багц ажлын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад хамгийн бага буюу 648 сая ам.долларын үнийн саналыг ЕРС2, ЕРС3 ажлын гүйцэтгэгч “Megha Engineering and Infrastructure Limited” компани ирүүлсэн.

Энэ үнээр гэрээ байгуулахад төслийн нийт хөрөнгө оруулалт Зээлийн ерөнхий болон нэмэлт хэлэлцээрээр тооцоолсон дүнгээс 34 орчим хувиар өсөж 1.656,8 сая ам.доллар болох тооцоо гарсан.

Хөрөнгө оруулалтын хэмжээ ийнхүү 431 сая ам.доллараар нэмэгдэхэд дэлхийн зах зээлийн хямралт байдал, үнийн өсөлт, төслийн үр ашгийг дээшлүүлэх шаардлага зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн гэж тайлбарласан.

Нэгэнт БНЭУ-ын Засгийн газраас зээл авч хэрэгжүүлж буй төсөл учраас санхүүжилтийн нэмэгдсэн дүнг тус улсын Засгийн газарт танилцуулж, харилцан зөвшилцөлд хүрэх нь чухал байсан. Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багц ажлын нэмэлт санхүүжилт,  зөвшилцөх саналыг хүргүүлээд байсан. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн EPC-04 багц ажил буюу үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, газрын тос боловсруулах ажлын үнийн дүн 2018 онд боловсруулсан ТЭЗҮ-ээр тооцоолсон зардлаас 30 орчим хувиар өссөн.

Үүнтэй холбоотойгоор төслийн нэмэлт санхүүжилтийг БНЭУ-ын ЭКСИМ банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хүсэлтийг Монгол Улсын Сангийн яамнаас хүргүүлснээр нэмэлт санхүүжилтийг зөвшөөрсөн.

Тиймээс нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх саналыг өчигдөр Засгийн газраас УИХ-д хүргүүлсэн юм. Ямартай ч анхны ТЭЗҮ-гийн өртөг нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилсоор байгаа ч хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэгээр нэрлэгдсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай дуусгахад шаардлагатай нэмэлт санхүүжилттэй холбоотой асуудлыг ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх нь. Хамгийн гол нь хойд хөршөөсөө газрын тос, тосон бүтээгдэхүүний бүрэн хараат Монгол Улсын хувьд дотооддоо газрын тос үйлдвэрлэх нь нэн чухал зорилт боловч зээлээр хэрэгжүүлж байгаа төслийн өртөгийн нэгж бүрийг үр ашигтай зарцуулж, ирээдүйд уг зээлийн төлөлтийг Монгол Улсын татвар төлөгчдийн мөнгөөр төлж барагдуулна гэдгийг тооцож, хаа хаанаа хариуцлагата хандах нь зүйтэй. Төрийн мөнгө уйлдаггүй биш татвар төлөгчдийн төлсөн татвар бүрийн зарцуулалтад хяналт тавьж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэхийн төлөө хариуцлага, хяналтын тогтогцоог сайжруулах нь зүйтэй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *