Г.Лувсанжамц: Хархорум хотын захирагчийг “хаан” болгох хуулийн төсөл орж ирлээ
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих хуулийн төслийн талаар ярилцлаа.
-Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд хэд хэдэн ноцтой гэж хэлж болмоор заалт орж ирсэн байна лээ. Тухайлбал Хархорум хотын захирагч нь хэт их эрх мэдэлтэй байхаар заасан байгаа юм. Үүнийг та хуучны социалист тогтолцоо гэж нэлээд шүүмжиллээ. Хэрэв энэ төсөл өөрчлөлтгүй батлагдвал сөрөг үр дагавар нь юу байна гэж харж байна?
-Манай улс сүүлийн 10 жил шинэ хот бараг 3, 4-ыг барьчихлаа. Ер нь бол цаасан дээр маш их юм хийгээд тэрэндээ маш их мөнгө зараад байгаа. Гэвч ерөөсөө бодитой хэрэгжиж чаддаггүй. Хэрэгжихгүй байгаагийн гол шалтгаан нь төр нь өөр дээрээ бүх эрх мэдлийг аваад байдгийнх. Улаанбаатар хот ч гэсэн яагаад амжилтгүй зураг төлөвлөлттэй хүнд ээлтэй хот болж чадаагүй гэдэг чинь бүгд дарга төвтэй, захирагч төвтэй. Ерөөсөө иргэн төвтэй, аж ахуйн нэгж төвтэй биш байгаад байгаагийнх. Ядаж хоолны газар ажиллуулъя гэхэд л зөвшөөрөл авч байна. Үйлдвэр барина, барилга барина гэвэл зураг төслөө батлуулна. ТЭЗҮ-гээ батлуулна. Бүх юм аа батлуулж байж л ажил явдаг. Төлөвлөгөө нь дээр суурилсан биш. Даргын гарын үсэг, зөвшөөрөл дээр суурилсан хуучны социалист тогтолцооноосоо салж чадахгүй. Тэрэндээ одоо байгаа удирдлагууд нь амташчихсан. Тэрнээс болоод хувийн хэвшил нь бүтээн байгуулалт хийж чадахгүй гацаанд орчхоод байгаа юм.
Энэ алдаагаа хэрэв Шинэ Хархорум хот дээр дахин давтвал “Их сургуулиудын хотхон, Майдар хот” гэдэг шиг яг адилхан хий дэмий хоосон мөнгө зарсан зүйл болж татвар төлөгчдийн мөнгө салхинд хийсэх гээд байна.
-Хархорум хотын төлөвлөлт нь хэрэгжихгүй байх вий гэдэг дээр санаа зовж байна-
-Хархорумыг бүсийн төв болгон хөгжүүлье гэсэн саналыг та гаргаж байгаа харагдсан. Үр ашиг нь юу байх вэ?
-Мэдээж гаднын хөрөнгө оруулалтыг татах гэж байгаа бол Монгол Улс ямар байр сууриар Шинэ Хархорум хотыг хөгжүүлэх вэ гэдгийг тодорхой болгож өгөх ёстой. Одоо яг хуулийн төслийг нь харахаар ухаалаг хот байна, аялал жуулчлал байна, соёлын өв байна гээд маш олон тийшээ салаалчихсан. Энэ нь өөрөө төлөвлөгөөний тодорхойгүй байдал буюу юунд зорих гэж байгаа нь тодорхойгүй нөхцөлийг харуулж байгаа юм. Хүнээр төлөөлүүлбэл хуульч болмоор байна, инженер больё, эмч ч болмоор байна гэж яриад байгаатай адилхан зүйл л дээ. Тэгэхээр яг энэ юу болох юм бэ гэдгээ тодорхойлж өгөх ёстой буюу миний хувьд бүсийн төвөө эхэлж зарлаад хангайн бүсээс сонгогдсон гишүүд оршин суугчид нь бүгдээрээ Хархорумыг бид бүсийн төв болгон хөгжүүлье гэдэг дээр санал нэгдэх юм бол төсөл нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаад, хөрөнгө оруулалт нь орж ирж, эдийн засаг үүсээд хүн амын төвлөрөл бий болох боломжтой. Тэгэхгүй хэтэрхий бөөрөнхий байдлаар хуулийн төсөл боловсруулаад, батлаад явбал энэ хотын төлөвлөлт нь хэрэгжихгүй байх вий гэдэг дээр санаа зовж байна.
-Нийтдээ 500 мянган хүн амтай хот байна гэж төлөвлөөд байгаа. Гэхдээ хуулийн төсөл нь өөрөө газар авахаас эхлээд амьдрах, үйл ажиллагаа явуулахад Засаг даргаасаа хамааралтай байхаар ААН-үүд очихгүй байх эрсдэл харагдаж байна?
-Шинэ хот Хархоримын хуулийн төслийг хүн болгон нарийн хараасай гэж хүсэж байна. Энэ дээр аюултай долоо, найман заалт байгаа. Тухайлбал, газар эзэмших, ашиглах эрхийг нь хотын захирагч олгоно, зураг төслийг нь батлахыг нь хотын захирагч батална, барилгажуулалтын төслийг нь хотын захирагч батална, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжүүлэхэд, төслийг нь сонгон шалгаруулах журмыг нь хотын захирагч нь батална, барилга барих загвар зураг орж ирэхээр хотын захирагч нь батална. Шинэ хотод хувийн хэвшил төсөл хэрэгжүүлэх гээд оюуны өвч дээр тулгуурласан, инноваци шингэсэн, шинэ технологи нэвтрүүлсэн төслүүдийг хэрэгжүүлэхэд тэр оюуны өмчийн эзэмших эрх нь хотын захирагчид очно гэж бий.
Миний харж байгаагаар ийм байдлаар хэзээ ч гадаадын байтугай дотоодын хүмүүс ч тэнд хөрөнгө оруулах боломжгүй. Яагаад болохгүй гэж хэлээд байгаа вэ гэхээр дээрх бүгд авлигалын үндэс суурь болно. Очоод л зөвшөөрөл авна. Байшингийнхаа зургийг зурлаа зөвшөөрөл авна. Бизнес хийе гэхээр дахиад л зөвшөөрөл авна. Оюуны өмчтэй болгох гэхээр эрхийг нь хотын захирагч нь авчихна. Энгийнээр бодоход боломжгүй гэдэг нь харагдаж байгаа биз. Яг нөгөө социалист үеийн даргын гарын үсэг, даргын зөвшөөрөл. Энийгээ л больё гэж хэлээд байгаа юм.
-Мэргэжлийн хүний хувьд би урилгыг хүлээн авч, ажлын хэсэгт орно-
-Инженер хүний хувьд Хархорум хотын төлөвлөлт, барилгажуулалтыг хэрхэн харж байгаа вэ. Та ер нь ажлын хэсэгт саналаа оруулж үзсэн үү?
-Өмнө нь би ажлын хэсэгтэй нь хоёр гурван удаа уулзаж хэлсэн. “Та нар олон улсын хэмжээнд сэтгээч ээ. 50 гаруй улс нийслэлээ нүүлгэнэ гэж яриад 45, 46 нь амжилтгүй болсон. Дандаа л дарга дээр эрх мэдэл нь төвлөрдөг. Дандаа л даргын гарын үсгээр бүх зүйл нь шийдэгдэнэ гэсэн байсан. Барилга дээр бас нэг өөр аюултай заалт байгаад байгаа юм. Хөрөнгө оруулалтын тогтворжуулалтын гэрээ гэж байгаа. Хувийн хэвшилтэйгээ цуг хийнэ гээд. Энэ гэрээг хийхдээ жишээлбэл 5-10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт байх юм бол хувийн хэвшил хоёр жилийн дотор хөрөнгө оруулалтаа хийж дуусгахгүй бол тогтворжуулалтын гэрээг цуцална гэж заасан байна. 5-10 тэрбум төгрөг гэдэг бол жишээлээд яривал Улаанбаатар хотод байгаа нэг орцтой, 12 давхар орон сууцны барилга ойролцоогоор 10-12 тэрбум төгрөг болдог. Тэгтэл нэг байшин барихын тулд тэр хүн хоёр жилийн дотор хөрөнгө оруулалтаа хийнэ гэж байгаа юм. Энгийнээр бодоход амжихгүй шүү дээ. 12 давхар байшинг барихад төслийн эхлүүлэхээс эхлээд дор хаяж гурван жил болно. Ийм байдлаар хөрөнгө оруулагчдаа хуулийнхаа түвшнээр үргээчхэж байгаа байхгүй юу. Ийм юм битгий хийгээч гэсэн байр суурьтай байгаа.
-Таныг ЗГХЭГ-ийн дарга Н.Учрал ажлын хэсэгт урьсан. Та орох уу. Орвол ямар чиглэл барьж ажиллаж вэ?
-Миний хувьд мэргэжлийн салбарын төлөөлөл болж олон улсын туршлага үнэлэгдсэн болов уу гэж харж байгаа болохоор ажлын хэсэгт орж ажиллаач гэдэг урилгыг мэдээж хүлээж авна. Ороод ажиллахдаа яг сая хэлсэн дарга төвтэй, зөвшөөрөл төвтэй тогтолцооноос салъя. Аж ахуйн нэгж төвтэй, иргэн төвтэй, оршин суугч төвтэй тогтолцоонд шилжих ёстой. Хэтэрхий бөөрөнхий байдалтай цаас үйлдвэрлэх гэж байгаа юм шиг дүр зурагтай байгаад байгаа учир үнэхээр тэр хотыг байгуулах гээд байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг тодорхой болгох үүднээс зүйл заалтыг нь өөрчлөх зарчмын зөрүүтэй саналуудаа тусгаад явъя гэж бодож байгаа.
-Хархорумын газрыг авахын тулд хүмүүс хойгуур, урдуур яриад эхэлчихсэн гэсэн шуум бий. Тэгэхээр энэ төсөл Хөшигтийн хөндийн жишээ болох юм биш биз дээ. Гэр бүл бүхий л газрыг нь эзэшчихсэн шиг нөхцөл байдал бий болов вий гэсэн болгоомжлол бас байна л даа?
-Хөшигтийн хөндийн тухайд Шинэ Зуунмод гэдэг хуулийн төсөл батлагдсан. Энэ болохоор Улаанбаатар хотын дагуул хот болж байгаа тул одоо Улаанбаатарт хэрэгжиж байгаа зүйлсийг тэр чигт нь хэрэгжүүлээд явах болохоор харьцангуй зөвшөөрлийн тогтолцоо нь эвтэйхэн болоод бага багаар иргэн, ААН, оршин суугч төв рүүгээ шилжээд байгаа юм байна лээ. Хүмүүс газар хөөцөлдөж байгаа гэх асуудлыг би бас сонссон.
Гэхдээ анхнаасаа шинээр барих гэж байгаа төсөл нь хотын захирагч нь бүх эрх мэдлийг авна гээд бараг л хаан суух гэж байгаа юм шиг харагдаад байгаа. Уг нь ажлын хэсэг үүнийг нь илүү хумьж өгөөд хотын зөвлөл төвтэй болгох хэрэгтэй.
Өргөн барьсан төсөл дээр хотын зөвлөл байна гэж байгаа юм. Энэ зөвлөл нь 11 гишүүнтэйгээр байгуулагдана. Тэгсэн хэр нь худалдаа аж үйлдвэрийн танхимаас ганцхан төлөөлөл байна гэж байгаа. Миний хувьд энэ бүрэлдэхүүнд илүү нь худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн гишүүд байх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Үнэхээр хувийн хэвшлүүдээ дуудаад хотоо хамт байгуулъя гэж байгаа бол ганц төлөөлөл суулгачхаж болохгүй. Тэгэхээр зөвлөл төвтэй. Тэр зөвлөл дотор нь ялангуяа хувийн хэвшлийн төлөөлөл, төрийн бус байгууллагуудын төлөөлөл орж ирээд, мэргэжлийн холбоонуудаас хүмүүс байгаад захирагчаас тусдаа, даргаасаа салъя гэсэн төвтэй болбол хоорондоо зөвшилцөөд хувийн хэвшил ч гэсэн өөрсдөдөө боломжтой хөрөнгө оруулалтын орчны журмыг батлахад оролцоод явмаар байгаа юм. Шинэ Зуунмод хотын хувьд эдгээрийг хийгээд явж байгаа гэж ойлгож байгаа. Угаасаа аж ахуйн нэгж ирэхгүй бол төр хот барина гэдэг худлаа. Боломжгүй.
-ТЭЦ-3-ын өргөтгөлийг манай монгол инженерүүд ч хийх боломжтой-
-Дулааны III цахилгаан станцыг өргөтгөх Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээ шуурхай орж ирээд дэмжүүлчихсэн. Төсөл дээр та болон хэдэн залуу гишүүд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж дугарлаа. Энэ үйл явцыг дээр УИХ-ыг залуу гишүүний хувьд ямар байр суурьтай байна?
-Эдийн засгийн байнгын хороон дээр би ДЦС-3-ын төслийг дэмжсэн. Яагаад гэвэл Эдийн засгийн байнгын хороо эрчим хүчний дэд бүтцийн хомсдолтой байгаа учир энэ төслийг хэлэлцье гэсэн. Төсвийн байнгын хороон дээр үнэ өртгийн хувьд дэмжигдээгүй унасан санал байсан. Аюулгүй байдлын байнгын хороо хаалттай хуралдсан болохоор ямар дүгнэлт гаргасныг нь мэдэхгүй байна. Миний хувьд дэд бүтэц бол хэрэгтэй. Гэхдээ Төсвийн байнгын хороо энүүгээр бүтэхгүй гэж байгаа бол дэмжихгүй гээд эсрэг санал өгсөн. Өндөр өртгөөр, ийм хатуу валютаар еврогоор зээлийн гэрээ хийе гэж орж ирсэн. Эрчим хүчний сайдын хувьд зураг төслөө 20 сая еврогоор гаргачих юм бол бид цаашид хэлэлцээд үнийг нь буулгах талаар ярилцана гэж байгаа. Гэхдээ манай үндэсний инженерүүд өөрсдөө 600-800 сая евро буюу бараг тал үнээр нь хийх боломжтой. Бидэнд зураг нь хэрэгтэй байна гэж байгаа. Тиймээс үндэсний инженерүүдээ дэмжих үүднээс Эдийн засгийн байнгын хороон дээр дэмжсэн. Гэхдээ нэгэнт том зургаар нь хараад Төсвийн байнгын хороо дэмжихгүй гэвэл би ч гэсэн адилхан эсрэг санал өгнө гэсэн байр суурьтай байсан.
Үйл ажиллагааны дараалал нь бас асуудалтай санагдсан. Эхлээд захиргааны барилга аа нураагаад 50 мвт бариад, тэгээд хуучин 48 мвт-ын станцаа нураагаад 250 мвт барина гэж байгаа.
Үнэхээр бидэнд тулгамдаад байгаа юм бол 20 сая еврогоор зураг төсөл хийхийн оронд өөрсдөө захиргааны барилгаа нураагаад 50 мвт-аар л өргөтгөе л доо одоохондоо. Энэ ойролцоогоор 30-40 сая евро болох юм байна лээ. Яагаад заавал ийм том 1.5 тэрбум еврогийн төслийн хүлээгээд байж байх ёстой юм. 50 мвт-ыг бол манай үндэсний инженерүүд барих боломжтой шүү дээ. Тэрийгээ л хийе гэсэн байр суурьтай байна.
Эх сурвалж: Eguur.mn