Гэр хорооллын түлшинд “Эрдэнэс Тавантолгой” 600 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрх энэ өвлөөс сайжруулсан шахмал түлш хэрэглэхгүй. Тодруулбал, 2025 оны гуравдугаар сарын 1-ээс мидлэнгээр сайжруулсан түлш үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэлийг зогсоох юм байна.Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксын түлш нэвтрүүлэх бөгөөд үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан. Хөх түлш буюу хагас коксын үйлдвэрийг 2-3 жилийн хугацаанд барьдаг. Үйлдвэрийг ашиглалтад оруултал “Эрдэнэс Тавантолгой”-н эрчим хүчний нүүрсийг баяжуулаад, айл өрхүүдэд хэрэглүүлэх юм байна. Өөрөөр хэлбэл, ямар ч барьцалдуулагч оруулахгүй, нүүрсийг угаагаад хэрэглээнд аравдугаар сараас нэвтрүүлнэ. “Эрдэнэс Тавантолгой” Улаанбаатарын гэр хорооллын айл өрхийн түлшийг ирэх хоёр жил хангахын тулд 600 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаар болжээ. Өөрөөр хэлбэл, Тавантолгой түлш компанийн үйл ажиллагааг ирэх хоёр жил “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлэх үүргийг Засгийн газраас өгчээ. Өнгөрсөн хугацаанд Тавантолгой түлш компанид Эрдэнэс Тавантолгой 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл Тавантолгой түлш компани нэмээд 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан юм.Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “2027 нэгдүгээр сарын 1 хүртэл сайжруулсан түлшний үйлдвэрийн санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” шийднэ. Үүнээс хойш хот алдагдалгүй болгож энэ үйлдвэрийг авч явна” гэсэн юм.”Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал “Засгийн газраас 2027 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл Тавантолгой түлш компанийн санхүүжилтийг гаргахыг даалгасан. Тавантолгой түлш компани байгуулагдсан цагаас “Эрдэнэс Тавантолгой” 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Нэмээд ирэх хоёр жилийн санхүүжилтийг гаргахаар хоёр их наяд төгрөг болох байх. Жилд 300 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж тооцвол хоёр жилд 600 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ” гэсэн юм.