Мега төслүүдээ хэрэгжүүлэх амбиц буюу“Орано майнинг”-тай гэрээгээ үзэглэнэ
Өчигдөр Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг олголоо.
Монгол Улс эдийн засгийн өгөөжтэй, томоохон төслийн ард гаралгүй олон жилийн нүүрийг үзэж байна. Ерөөс гадны хөрөнгө оруулалт гэдэг “мангас” гэсэн популистуудын пропогондагаас болж Оюутолгойгоос хойш мега төсөл хэрэгжүүлээгүй удсан. Ийн ухуулж томоохон төслүүдийг гацааж, зогсооход хуруу хушуу нэмэрлэж байсан нь ч өнөөдөр УИХ-д сууж л буй.
Эдийн засгийн холч байдлаа харвал, яг энэ цаг үед хэлэлцээний шатандаа яваа мега төслүүдийг улс төрийн түвшний гэж багадуулан харахааргүй улсын амбиц болчихоод байгаа нь үнэн. Монгол Улс гадны хөрөнгө оруулагчидтай хэрхэн хэлэлцээ, тохироо хийж чаддаг вэ гэдгийг олон улсад харуулах нэг жишиг болж буй нь ч мөн бодит зүйл.
Энэ онд уул уурхайд түшиглэсэн хоёр томоохон төслийг дараалан гараасаа гаргах гэж буй бараг л анхны тохиолдол гэж болно.
Оюутолгойг давсан гэрээг Орано майнинг дээр хийв
Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газар, “Орано майнинг”-тай хамтран хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хоёр талын ажлын хэсэг байгуулсан. “Ер нь Монголд мега төсөл барьж авч эхлүүлнэ гэдэг сайн дураар улс төрийн загалмайд өөрийгөө цовдолж буй явдал” гэсэн ялихгүй айдас дотоодод явуулаад удсан. Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр дээр юун дээр алдав гэдгээ цэгцлэн санаж, шинэчлэн тусгахад болохгүй зүйлгүй.
Монголд урдаа барих хэдхэн том бүтээн байгуулалтын ажлуудын нэг нь яах аргагүй уран байж ирсэн. Газар доор баялагтай. Газар дээр эзэнтэй атлаа ашиглаж мэддэггүй. Энэ байдал дээр нь улс төрчид, популистууд тоглолт хийж явсаар ганц нэг удаагийн бэлэн мөнгө тараалт болгоод дуусгадаг бэлэн зэхээ жишээ бий. Иймээс Монгол Улс уранаа хөдөлгөе гэж олон арван жил ярьснаа ийн ажил хэрэг болгохоор болов. Казахстан улс уранаа хөдөлгөөд өнөөдөр ДНБ-ийх нь хэмжээ манайхаас 3 дахин өндөр болсон.
Энэ онд эцэслэн шийдэгдэх эхний төсөл бол Францын “Орано Майнинг”-тай хийж буй ураны талбар дээр хамтран ажиллах гэрээ юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар холбогдох хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулах асуудал дээр олон талын санал шүүмж авсан ч хурдацтай эцэслэн батлагдаж чадсан. Гэрээнд тусгагдсан АМНАТ-ийн 5 хувийн таазыг өөрчлөх нь Монгол Улсад ашигтай гэдэг үндэслэлээр нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон бөгөөд Оюутолгой гэрээний алдааг давтахгүй гэж хэдэн талаас нь “мөлжсөн”нь энэ.
Өөрөөр хэлбэл Орано-тай байгуулсан гэрээтэйгээ уялдуулж Цөмийн энергийн хууль болон холбогдох хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулсан.
Ингэхдээ гэрээнд уран олборлохдоо ашиг малтмал ашигласаны суурь 5 хувь, тусгай 5 хувь, өсөн нэмэгдэх 5 хувь буюу 15 хувь дээрээ зах зээл дээрх ураны үнийн өсөлтөөс хамаарсан хувь нэмэгдвэл багадаа 19 хувь хүртэлх АМНАТ авна.
Одоогийн зах зээлийн ханшийн өсөлтөөр цаашид үнэ өснө гэдэг зарчмаар харвал, Орано 2028 оноос олборлолт хийж эхэлнэ гэвэл 15-16 хувийн АМНАТ манай улсад төлөх зураглал бий. Жилдээ ойролцоогоор 50 орчим сая ам.долларын татвар төлөөд явна гэсэн үг. Холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны ард УИХ-аар “Орано майнинг”-тай хийх гэрээг мөн оруулж ирж хэлэлцэнэ. Нэг талдаа Засгийн газрын мега төслүүдээ даруйхан явуулъя гэдэг давчуу шаардлага УИХ дээр хянагдаж, илүү нямбай болж буй нь одоогийн улс төрийн тогтолцооны нэг эерүү тал гэж харахаар. 126 гишүүнтэй болсноор популистуудын дуу хоолой сулдаж, жулдаж байгаа нь ч анзаарагдана.
53 удаагийн уулзалтын ард Хятадын эрчим хүч, төмөр замын салбарын акул “Чайна Энержи”-тэй гэрээгээ үзэглэх гэж байна
Монголд хэрэгжиж буй томоохон төслүүдээс одоогийн Засгийн газрын шандасыг үнэхээр сорьж буй нь Хятадын эрчим хүч, төмөр зам, нүүрсний салбарын акул “Чайна Энержи”-тэй хийх хэлцэл юм. УИХ-ын чуулганаар хэлэлцэгдээд дэмжсэн. Одоо гэрээгээ үзэглэнэ.
Үнэндээ улс төрийн ээдрээтэй түүхүүдийг харвал ерөнхийлөгч асан Х.Баттулгын үеэс маргаан дагуулж, Хятадын хөрөнгө оруулагчдын цухлыг эцэст нь хүргэсэн “Гашуунсухайт-Ганцмод”-ны боомтын төмөр зам, төмөр замын холболт, нүүрсний талбарын хэлэлцээ өнөөдөр л нэг ажил хэрэг болох гэж байна.
Улс төрийн үзэл суртал, олон Засгийн газрын нүүр, төрийн залгамж халаагүй шийдвэрээс үнэндээ халширч, монголчуудын туйлбаргүй байдалд залхсан Хятадын төрийн өмчит тус компани монголын талтай 53 удаагийн уулзалт, хэлэлцээ хийсний эцэст ийнхүү хоёр талаасаа хоёр өөр царигаар баригдсан төмөр замаа холбоё, алдагдсан боломжийн асуудлыг сөхөж цаг алдалгүй гэрээний шатандаа оръё гэж буй.
Өмнө нь Хятадын гадаад хэргийн сайд Ван И, БНХАУ-ын Дэд дарга Хань Жөн нарын айлчлалын үеэр ч хил холболтын асуудал яригдаж, Хятадын талаас “Танайх эхлээд Гашуунсухайтын асуудлаа эцэслэ” гэдэг хатуу зарчим ярьсан удаатай.
Улс төрийн үйл явдал энэ тойрогт орсон хэн бүхэнд хамаатаж явдаг учир өмнөх үеийн шийдвэр, популизм, алдаа, оноо цөм өнөөдрийн Засгийн газрын толгой дээр ч унана. Иймд “Чайна Энержи”-гийн итгэлийг олох гэдэг хүндхэн сорилт төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүний урд тулсан.
“Чайна Энержи” –гийн хувьд монголд хоёр улсын төмөр замын хил холболтыг хийх терминал барьж, нүүрсийг чинь олборлож өгье гэдэг хоёр л саналыг голчилсон. Нүүрсний зах зээлийн хамгийн том хэрэглэгчийнх нь хувьд Хятадтай улс төрийн үзэл суртал шингээлгүй, цэвэр бизнесийн зарчмаар хандах нь зүйтэй гэдэг санал ч олон талаас цухалзаж буй.
Юутай ч Монголд энэ онд дэлхийн тодотголтой хоёр ч том компани уран, нүүрс, төмөр замын бүтээн байгуулалт дээр орж ирэх нь. Нэг жилд хоёр мега төсөл үзэглэсэн үйл явдлын гэрч болох амбиц УИХ, Засгийн газарт төдийгүй Монгол Улсад ч бий билээ.