2040 он гэхэд түгжрэлийг 40, утааг 68 хувь бууруулна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.Тогтоолын төслийн үзэл баримтлалыг Барилга хот байгуулалтын сайд Ж.Батсуурь танилцуулав. Тус төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотыг амьдрахад ээлтэй, хүн төвтэй ухаалаг хот болгон хөгжүүлэхээр тусгаж, үндсэн гурван заалт дөрвөн дэд заалттайгаар боловсруулжээ. Улаанбаатар хотын түгжрэлийг 2040 он гэхэд 40, утааг 68 хувиар бууруулахаар тусгасан байна. ТББХ-оос ажлын хэсэг байгуулах бөгөөд гишүүд нийслэлээс сонгогдсон болон хот төлөвлөлтийн мэргэжлийн гишүүдийг ажлын хэсэгт оруулах санал гаргасан юм. Мөн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц мэргэжлийн хүн учраас ажлын хэсгийг ахлан ажиллах санал гаргасан юм.Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан.УИХ-ын гишүүн Ө.Шижир: 2002 оны ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт 29 хувь гэж байна. Үүний шалтгаан нь нийслэлийн тухайн үеийн газрын алба болон ерөнхий архитекторт эрх мэдлээ давуулан хэрэгжүүлснээс болсон гэж байна. Тухайн үед Улаанбаатар хотын газрын албаны дарга болон ерөнхий архитекторт хариуцлага тооцсон уу. Улаанбаатар хот гомдол өгсөн үү?Өнөөдөр Улаанбаатар хотод бүтэн биеийн тамирын талбайтай сургууль үлдээгүй. Бүгд барилга болсон, зарагдсан. 84 дүгээр сургуулийн үүдэнд тулгаад хоёр ч барилга барьчихсан. Улаанбаат хотыг томоос том тосгон болгочихсон.Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Өмнөх үеийн удирдлагууд хууль хяналтын байгууллагад хандаж байсан, үгүйг би сайн мэдэхгүй байна. Би Нийслэлийн газрын албаны дарга бөгөөд ерөнхий архитектораар ажиллаж байсан Цэлмэгтэй холбоотой гомдлыг хуулийн байгууллагад гаргасан. Эрүүгийн хэрэг үүсгээд шалгах ажиллагаа явагдаж байгаа гэсэн мэдээлэлтэй байна.Өмнөх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт үнэлгээ өгөхөд 29.6 хувьтай гэсэн дүн гарсан. Ерөнхий төлөвлөгөө хэрэгжээгүй шалтгаан нь суурьшлын тэлэлтийн бүсийн хүрээ хязгаараа тогтоож чадаагүй, авто замын сүлжээний хүртээмжгүй байдал гэж үзсэн. Мөн албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлэн газар олгосон гэж үзсэн.1984 оноос хойш Улаанбаатар хотод нэг ч ширхэг дулааны цахилгаан станц баригдаагүй, 41 жил болж байна.