Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт үндэслэн Засгийн газар шинэ Хархорум хотыг Орхоны хөндийд байгуулах зорилт тавин, ажил эхлүүлээд байна. УИХ-д Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн нь энэ өдрүүдэд хэлэлцэгдэж буй.
Хот байгуулна гэдэг төлөвлөлтөөс гадна хөрөнгө мөнгө, хугацаа их шаардах том ажил. Гэвч Дархан-Улаанбаатар хотыг холбосон 220 км зам барихад долоон жилийг зарцуулдаг, нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар найм дахь жилдээ “зодоглож” буй улсын хувьд 500 мянган хүн амтай шинэ хот байгуулахад 500 жил шаардахыг ч байг гэх газаргүй тухай яриа үүссэн нь оргүй үг биш. Хэдий асуудал ихтэй ч өсөн нэмэгдэж буй хүн амын тэлэлтийг задлах зорилгоор шинэ хот байгуулах зорилтоосоо ухрахгүй зүтгэж байна.
Урьдчилсан ТЭЗҮ-ээр 500 мянган хүн амьдран суух боломжтой Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум ам. доллар шаардах тооцоо гарчээ.
Иймээс Засгийн газар хот байгуулахад шаардагдах санхүүжилтийн 70 хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийднэ, үлдсэн 30 хувийг улсын төсөв, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “босгоно” гэж төлөвлөсөн.
Төр үндсэндээ дэд бүтцийг барина.
Одоогоор хот байгуулахад шаардагдах Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сум, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрийг хамарсан 189,363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Орхоны хөндий нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн газар юм. Тодруулж хэлбэл, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв, Монгол Улсын тусгай хамгаалалтын зэрэглэлд бүртгэгдсэн Орхоны хөндийд Эрдэнэ зуу хийд, Шанхын баруун хүрээний Пунцагдаржаалин сүм, Төвхөн хийд, Шанхын баруун хүрээний хийдийн буурь зэрэг түүхэн дурсгалт барилга, архетиктур, үл хөдлөх дурсгалууд оршдог. Хот байгуулахад хосгүй үнэт дурсгалууд эвдэрч балрах, тоногдох эрсдэлтэй тул уг газрыг хөндөхгүйгээр зэргэлдээх нутаг дэвсгэрийг хамарсан 189,363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авчээ.
Шинэ Хархорум хотын төлөвлөлтийг боловсруулахдаа Монгол Улсын засаг, захиргаа, соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын харилцаа, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв байхаар тусгасан. Ингэхдээ аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлсэн хот байгуулахыг зорьж байна.Орхоны хөндий дэх түүхэн дурсгалт газруудыг үзэх зорилгоор жил бүр 40 мянга орчим жуулчин ирдэг. Хотыг шинээр төлөвлөж, мөн түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварласнаар жуулчдын тоо өснө гэж тооцож байна.
Мөн шинэ нийслэлд Ерөнхийлөгчийн ордон, Хархорум хотын захиргаа, олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамдыг байршуулахаар төлөвлөсөн.
Ингэхдээ Ерөнхийлөгчийн ордныг 60 га талбайд байгуулах бөгөөд эзэнт гүрнийг төлөөлсөн дөрвөн хүндэтгэлийн танхим бүхий гурван давхар барилга барих. Ордныг Өндөр толгой гэх газарт байгуулахаар төлөвлөсөн юм.
Олон улсын зэрэглэлийн нисэх буудлыг шинэ Хархорум хотын төвөөс 50 км-ийн дотор байгуулна. Мөнх хааны үед Хархорум хотын суу алдар дэлхий даяар түгэн мандсан түүхтэй тул нисэх буудлыг “Мөнх хаан” гэж нэрлэнэ. Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудал зургаан гарцтай бол “Мөнх хаан” нисэх буудал нь 18 гарцтай байна.
Хархорум хотын замын байгууламжийн 70 хувийг явган болон дугуйгаар зорчих, нийтийн тээвэрт, 30 хувийг автомашины хөдөлгөөнд зориулна гэж тооцож байна.
Хархорум хотын бүтээн байгуулалтыг дэмжих чиглэлээр Засгийн газар дараах улс орнуудтай хамтран ажиллахаар төлөвлөжээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “Турк улстай Орхоны хөндийн түүх археологийн олдворыг сэргээх төсөл дээр хамтарч ажиллах саналаа илэрхийлээд ажиллаж байна. Ерөнхий сайдын Арабын нэгдсэн Эмират улсад хийсэн айлчлалын үеэр Хархорум хот дээр эрчим хүч, инженерийн дэд бүтцийн чиглэлээр ажиллах саналаа илэрхийлсэн. Австрали улстай цэвэр усны шугам хоолой, ногоон байгууламж, сэргээгдэх эрчим хүчний төслийг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Болгарь улстай орон сууцны төсөл дээр хамтарч ажиллаж байна. БНХАУ-тай хотын ногоон байгууламж, сэргээгдэх эрчим хүчний төсөл хамтарч хэрэгжүүлнэ. ОХУ-тай барилгын материалын үйлдвэрлэл, дэд бүтцийн төсөл дээр хамтарч ажиллана. БНСУ-тай Койка олон улсын байгууллагаар дамжуулан Шинэ Хархорум хотын түүх археологийн олдворыг олон нийтэд танилцуулах дээр хамтарч ажиллая гэдэг саналаа илэрхийлсэн. Хархорум хотыг байгуулах ажил олон улсын хөрөнгө оруулалт татах том төсөл болно” гэж тайлбарлаж буй.
Мөн архитектор Н.Нацагдорж “Орхоны хөндий Улаанбаатар хотын дараа орох өндөр нягтралтай тул эдийн засгийн өгөөж өндөр. Хот байгуулахад 230 мянган ажлын байр шинээр бий болно” гэж үзэж байна.
Одоогоор дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ, эрчим хүчний ТЭЗҮ боловсруулах аж ахуй нэгж тендерт шалгарснаар энэ ажил хийгдэж буй. Энэ онд улсын төсөвт суулгасан хөрөнгө оруулалтаар Хархорум хотын дэд бүтцийн зураг, ус зайлуулах системийн замын ажлын зургууд хийх аж.
Гэвч УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц нарын анхааруулснаар бол дэлхийн 50 гаруй орон нийслэлээ нүүлгэнэ гээд ажил эхлүүлсэн ч ердөө хоёр гуравхан нь амжилттай болжээ.
Монгол Улсын хувьд ч 2009 оноос эхлэн төрийн өмчийн их сургуулиудаа Улаанбаатар хотоос гаргаж, төвлөрлийг сааруулах арга хэмжээ авна гэж төрийн шийдвэр гарч байсан ч өдгөөг хүртэл хэрэгжсэн нь үгүй. Мөн Майдар хот байгуулах ажил ч цаасан дээр амилснаас цааш хэтрээгүй. Иймээс шинэ Хархорум хот байгуулах ажил цаасан дээр л амилсан хот болж үлдэх вий гэдэг анхааруулга ч давхар дагаж байна.