ТӨК хэмээх “дарга нарын вант улс”-ыг эмхлэн байгуулах нь!
Уул уурхайтай нэгэн аймгийн удирдлага “Уул уурхайн компаниас мөнгө авч, аймагтаа орон нутгийн өмчит талхны үйлдвэр бариулна. Тэгэхгүй бол манай аймгийнхны талхны хэрэглээний 30-40%-ийг бусад орон нутгийн талхны цехүүд хангадаг. Гадагшаа өгч байгаа энэ мөнгийг аймагтаа авч үлдэх нь чухал” гэж хэлэхийг сонсоод үнэндээ хоёр чихэндээ итгэж ядсан билээ. Азаар одоо болтол талхны үйлдвэр баригдаагүй. Баригдсан бол ямар ч тооцоо судалгаагүйгээр хувийн хэвшлийнхээ орон зайд халдсан асар том тэнэглэл байх байв.
“ВАНТ УЛС”-УУД ОЛШИРСНЫ ТӨЛӨӨС
“Өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг тоолж чадахаа больчихоод байна” гээд Н.Учрал сайдын давтан давтан хэлээд байгаа нь аргагүй юм. ТӨБЗГ-т төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 122 хуулийн этгээд тайлангаа ирүүлдэг. Харин Шилэн дансанд гэхэд төрийн болон орон нутгийн өмчит 284 хуулийн этгээд санхүү, төсвийн мэдээллээ оруулдаг. Эдгээрийн хэд нь ашигтай ажиллаж, хэд нь төсөвт ямар хэмжээний дарамт үзүүлж байгааг хэн ч яг таг хэлж чадахгүй. 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн нийт цэвэр ашгийн 92%-ийг ердөө тавхан хуулийн этгээд бүрдүүлдэг бол 43% нь алдагдалтай ажилладаг. Харин орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой 275 хуулийн этгээд 87.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан дүн мэдээ байна. Зах замбараагүй олширсон дарга нарын “вант улс”-уудыг татан буулгахыг нь буулгаж, дахин өөрчлөн байгуулахыг нь эмхлэхээс аргагүй. ОУВС-ийн төрийн өмчит компаниудын эрсдэлийг тооцдог шалгуур үзүүлэлтээр 2023 онд аудит хийгдсэн 99 компанийн 43 орчим хувь нь эрсдэлтэй эсвэл өндөр эрсдэлтэй гэж тодорхойлогджээ.
Уг нь хөгжиж буй оронд төрийн өмчит компаниуд зөв жишгээр явбал эдийн засгийн өсөлт бий болгох боломжтой. Ялангуяа, эдийн засгийн аль сектороо илүү дэмжиж, ДНБ-ээ өсгөж, улмаар баялгийн хуваарилалтаа хийх үү гэдэг дээр бодлогоо гаргаж, тоглоомын дүрмээ тогтоогоод төрийн өмчит компани ажиллуулдаг жишээ дэлхийд олон. Газрын тос, харилцаа холбоо, банк санхүүгийн гэх мэт стратегийн олон салбарт үр ашигтай ажиллаад, эдийн засагтаа нэрмээс биш нэмэр болдог корпорациудтай орнууд бий. Манай улсад ч бас сүүлийн 2 жилд уул уурхайн төрийн өмчит компаниудаа нэгтгэн, Үндэсний баялгийн сандаа хуримтлал төвлөрүүлж, экспортын орлогоо тэлэх, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхэд хүчийг нь ашиглаж байна.
Одоо харин энэхүү өөрчлөлт, шинэчлэлээ бусад салбарт хэрэгжүүлэх улс төрийн тохироо бүрдсэн цаг. Төрийн эдийн засаг дахь зохицуулах үүрэг, өмчлөлийн бодлогыг ялгаж салган хэрэгжүүлэх, ТӨК хэмээх “дарга нарын вант улс”-д хувьсгал хийх улс төрийн хүсэл зориг хамтарсан Засгийн газарт хэр зэрэг байгаа нь энэхүү шинэчлэлээс ихээхэн харагдана.
ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ХҮЛЭЭЛТЭД ХҮРЭХ ҮҮ?
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, УИХ-д суудалтай ихэнх намын мөрийн хөтөлбөрт төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлж, засаглал, ил тод байдлыг сайжруулахаар тусгасан. Тэр дагуу Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг боловсруулж, нээлттэй байршуулаад байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр хуулийн төслийг УИХ-ын ирэх хаврын чуулганаар хэлэлцэн батлах товтой бөгөөд түүнээс наана олон нийтийн хэлэлцүүлэг идэвхтэй хийхээр бэлтгэж буй аж. Тун саяхан ЗГХЭГ-аас МҮХАҮТ-тай хамтран 200 гаруй бизнесийн төлөөлөлд хуулийн төслөө танилцуулж, төрийн өмчит компанийн реформын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Бизнесийнхний хувьд төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчим нь уг хуульд хэр зэрэг тусгалаа олсон бэ гэдэгт илүү хүлээлттэй байна. Манай улсын эдийн засаг 70 их наяд төгрөг. Гэтэл төсөв болон төрийн өмчит компаниудын орлого үүний бараг 70 хувьтай дүйж байгаагаас харвал хувийн хэвшил биш төрийн оролцоо дэндүү давамгайлсан эдийн засаг болжээ. Тиймээс “дарга нарын вант улс”-ыг эмхлэн байгуулах нь нэг талаас эдийн засгийн бүтцээ эрүүл болгох шийдэл юм. Энэхүү өөрчлөлтийг хийх арга замуудыг хуульд тодорхой тусгажээ.
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БАЙГУУЛАХ ШАЛГУУРУУД
Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх хамгийн эхний шалгуур бол хэн дуртай дарга нь дур мэдэж компани, үйлдвэрийг газар буюу “вант улс” байгуулахыг хориглосон. Харин ямар үндэслэлээр төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулж, оршин тогтнох вэ гэдгээ хуульчилна. Юуны өмнө, нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний буюу хувийн хэвшил дангаараа гүйцэтгэх боломжгүй салбарт төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байх боломжтой. Тухайлбал, нийтийн тээвэр, ус хангамжийн гэх мэт олон нийтийг найдвартай, шуурхай, чанартай үйлчилгээгээр хангах зориулалттай салбарт Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллага компани байгуулж болно. Үүнээс өөр зориулалтаар (талхны үйлдвэр гэх мэт) орон нутгийн удирдлага дур мэдэж компани байгуулахыг хатуу хоригложээ.
Харин Засгийн газар үндэсний эдийн засгийн ашиг сонирхлыг хангах зорилгоор стратегийн ач холбогдолтой салбарт өмчлөлийн бодлогоо хэрэгжүүлж болно. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр уул уурхайн төрийн өмчит компаниудыг “Эрдэнэс монгол”, уул уурхайн бус буюу автозам, эрчим хүч, банк санхүүгийн салбарын компаниудыг “Эрчэс Монгол” нэгдэл хэмээх төрийн өмчийн корпораци болгон эмхлэн байгуулахаар болсон. Эдгээр компани Үндэсний баялгийн сан, улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүрэгтэй. Ногдол ашгийн урт хугацааны бодлоготой байх ёстой аж. Үйл ажиллагааг нь хөрөнгийн менежемент буюу Сингапурын “Темасек холдинг”-ийн загвараар явуулна. Ингэж нэгтгэхийн ач холбогдол нь компани дахь алба хэлтэс, ажилчдын чиг үүргийн давхардлыг арилгаж, shared service буюу дундын үйлчилгээг нэвтрүүлснээр зардал болон шат дамжлага багасаж, бүтээмж нэмэгдэх юм.
Дээрхээс гадна, зайлшгүй монополь үйл ажиллагаа явуулах, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах үйл ажиллагааг хангах зорилгоор төрийн өмчит компани байгуулж болно. Бусад тохиолдолд ТӨК-тай байхыг хязгаарласан байна. Аль ч тохиолдолд компанийг тодорхой хугацаатай, нарийн тооцоолол, үндэслэлтэй байгуулах, 3 жил дарааллан алдагдалтай ажилласан бол татан буулгах зохицуулалтыг тусгасан. Мөн төрийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэдэг ойлголт байхгүй болж, эдгээр үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх нөхцлийг бүрдүүлснээр зах зээл дэх төрийн оролцоог бууруулна гэж үзэж байгаа юм.
БҮТЭЭМЖ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАСАГЛАЛЫН ШИЙДЭЛ
Засаглалын хувьд төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд УИХ, Засгийн газар, ТӨБЗГ, харъяа яам, ТУЗ, гүйцэтгэх удирдлагуудын оролцооны зааг ялгааг нэг бүрчлэн тусгажээ. УИХ гэхэд гол бодлогын баримт бичгээ баталж, Засгийн газар тэрхүү бодлогыг хэрэгжүүлэх хувьцаа эзэмшигчийн хувиар оролцоно. Харин ТУЗ болон гүйцэтгэх удирдлагыг сонгох, томилох шалгуурыг тодорхой хуульчилж өгснөөр улс төрөөс хараат байдлыг бууруулж, засаглалыг сайжруулах шинэчлэлүүдийг хийнэ. ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь тухайн салбар чиглэлээр ажилласан туршлагаас гадна эдийн засаг, авлигын, өмчлөх эрхийн, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт оролцоогүй байх, улс төрийн намын удирдах болон улс төрийн албан тушаал хашдаггүй, өмнө нь ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, тусгай зөвшөөрөл цуцлагдсан нь өөрөөс шалтгаалаагүй нь нотлогдсон байх гэх мэт улс төрийн болон бизнесийн эрсдэлтэй түүхгүй байх шалгуур тавьсан байна.
Одоогийн практикаар бол төрийн өмчит компанийн ТУЗ-д тухайн харъяа яамны газрын дарга, орон нутгийн удирдлагууд байдаг бөгөөд шинэчилсэн хуулиар албан тушаалын энэхүү томилгоог бүрэн халж байгаа аж. Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “ТӨК-иудад улс төрийн хамаарал одоог хүртэл байгаа тул хэзээ ч бүтээмжтэй ажиллаж чадахгүй байна. Тиймээс улс төрөөс ангид байх шаардлага шалгуураа тодорхой тавих хэрэгтэйг гэдэг зөвлөмжийг олон улсын байгууллагууд өгч, хувийн хэвшил, төрийн өмчит компаниудын аль аль нь хэлдэг. Үүнтэй дүйцүүлэн төрийн өмчит компанийн бизнесийн үйл ажиллагаа, удирдлагын томилгоонд төр хөндлөнгөөс оролцохгүй байх, төсвийн шинжтэй зардлыг санхүүжүүлэхийг үүрэгдэх зэргээр бизнес төлөвлөгөөнд тусгагдаагүй ажлуудыг хийлгэхээс сэргийлэх зохицуулалтууд чухал” гэлээ.
Тоо баримтаас харахад “хуулийн этгээдийн зардал өндөр, эзэмшиж байгаа хөрөнгө, санхүүгийн эх үүсвэртэй харьцуулахад ашигт ажиллагаа, өгөөжийн түвшин бага, санхүүгийн сахилга бат сул, үр ашиггүй, ихээхэн хэмжээний алдагдалтай ажиллаж, ĸомпанийн үйл ажиллагаа, чиг үүрэг, санхүүгийн шийдвэр, худалдан авах ажиллагаа, тайлан мэдээллийн нээлттэй, ил тод байдал хангалтгүй, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын 2024 онд баталсан Төрийн өмчит аж ахуйн нэгжийн компанийн засаглалын зарчим, аргачлалд заасан компани дахь төрийн аудитын хяналтаас гадна хөндлөнгийн аудит хийлгэх ажлыг сайжруулах шаардлагатай” байгааг хуулийн төслийн үзэл баримтлалд онцолжээ. Тиймээс компанийн үйл ажиллгааны болон санхүүгийн тайлагнал, мэдээллийн ил тод байдал, хяналтын тогтолцоог ч мөн хуульчилсан байна.
Төр нэг талаас компанийн засаглалд оролцож болохгүй, нөгөө талаар ард түмний өмч хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгөнд хяналт тавих үүрэгтэй. Төрийн өмчит компанид энэхүү үүргээ биелүүлэх хөшүүрэг нь компанийн аудитын тогтолцоо байх юм. Компанийн цар хүрээнээс хамаарч ТУЗ-ийн дэргэд, компани дотроо, хөндлөнгийн гэсэн гурван түвшинд аудитын хяналттай байх аж. Харин мэдээллийн ил тод байдлын хувьд компанийн худалдан авалт, бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалт, хүний нөөц, цалин урамшуулал, үйл ажиллагааны хэрэгжилт гээд 20 орчим багц мэдээллийг ил тод болгох зохицуулалтыг тусгажээ.
Энэ удаагийн хуулийн шинэчлэл нь төр ба орон нутгийн өмчит нэрийтлээр байгуулагдсан хуулийн этгээдүүдийг нэг статустай болгож, алдагдалтайг нь татан буулгаж, ижил төстэйг нь нэгдсэн удирдлагад оруулж, албан тушаалтнуудын гүйцэтгэлийг үнэлэх шалгууртай болж буйгаараа онцлогтой. Ингэснээр төрийн өмчит 122 компанийг 70 болгож цөөрүүлж, албан тушаалын чиг үүргийн давхардлыг арилгаснаар эхний ээлжинд 26.7 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж үзжээ. Харин цаашдаа компаниудын эзэмшилд олон нийтийн оролцоог хангаж, дарга нарын вант улсыг халахын тулд хөрөнгийн зах зээл дээр гаргах зэрэг ажлыг УИХ-аас баталсан чиглэлийн дагуу төрийн өмчит компанийн реформыг үргэлжлүүлэх юм байна.