НӨАТ-ыг таван хувь болгож, хоёр хувийг буцаан олгоно

0

Засгийн газар УИХ-ын хаврын чуулганд Татварын багц хуулийн шинэчлэлийг өргөн барьхаар бэлтгэж буйг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн.Татварын багц хуулийн шинэчлэлийн цөм нь НӨАТ байх юм байна. Манай татварын байгууллагын сүүлийн 10 гаруй жил хөгжүүлж ирсэн И баримтын систем боловсронгуй болсон бөгөөд энэ боломжууд дээрээ суурилаад НӨАТ-ын шинэчлэл хийхээр Засгийн газар судалгаа хийж байгаа аж. Манай улс НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлээд 10 орчим жил болсон бөгөөд далд эдийн засгийг ил болгосон, хамгийн сайн хэрэгжсэн хуулиудын нэг болж чадсан юм.Одоогоор дэлхийн 166 улс НӨАТ авч байгаа бөгөөд Европын улсуудад дунджаар хамгийн их буюу 19.9 хувь, Өмнөд Америк, Африкийн орнуудад 14 орчим хувь байдаг. Манай улсын тухайд найман хувь (хоёр хувийг буцааж олгодог учир) байгаа нь дэлхийн дунджаас (15.5) бараг хоёр дахин бага гэсэн үг юм. Манай улс НӨАТ-ын тухай хуулийг 2016 онд батлан хэрэгжүүлснээс хойш улсын төсвийн бүрдүүлэлтэд гүйцэтгэх үүрэг үлэмж өссөн. 2016 онд НӨАТ-аар 558.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг байсан бол 2018 онд 900 тэрбум, 2021 онд нэг 3.7 их наяд төгрөг болж огцом нэмэгдсэн байдаг.Хуулийн өөрчлөлтөөр НӨАТ-ыг таван хувь болгож, хоёр хувийн буцаан олголт өгөх юм байна. 2025 оны төсөвт НӨАТ-ын орлогыг найман их наяд төгрөг байна гэж баталсан. Тэгвэл хувь хэмжээг 5 хувь болгон бууруулснаар 4 их наяд төгрөгөөр төсвийн орлого буурахаар байгаа. Тиймээс татварын хувь хэмжээг бууруулсан ч бааз сууриа нэмэгдүүлэх боломжтой гэж салбар яам үзэж байгаа аж. Тухайлбал, эрүүл мэндийн салбар болон захууд НӨАТ төлдөггүй. Тиймээс гоо сайхны хагалгаа, шүдний инплант зэрэг үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгүүдийг НӨАТ төлөгч болговол татварын бааз суурь тэлэх боломжтой аж. Өнөөдрийн байдлаар манай улсад 180 мянган ААН бий. Түүнээс 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байна. Мөн 250 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч хүмүүс байгаагаас 50 мянга нь НӨАТ төлдөг. НӨАТ-ын татварыг таван хувь болгосноор татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүд нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж.Мөн манай НӨАТ-ын буцаан олголтын дийлэнх хувийг орлого өндөртэй иргэд авдаг байна. Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 59 хувийг хэрэглээ өндөртэй буюу иргэдийн 12 хувь бүрдүүлдэг байна. НӨАТ-ыг 5 хувь болгосноор нийт иргэдийн 12 хувь буюу хэрэглээ өндөртэй, чинээлэг иргэдэд 2.4 их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр байгаа аж. Тиймээс Татварын багц хуулийн шинэчлэлээр орлого багатай, иргэн аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого барина гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *