“Төрийн 12 албан бичгийг хос бичгээр хөтөлнө”

0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш Л.Дашнямтай ярилцлаа.


-Төрийн байгууллага 2025 оноос албан бичгээ үндэсний хос бичгээр хөтөлж эхэлсэн. Хэрэгжилт ямар байна вэ?

-Төрийн байгууллагууд албан бичгээ үндэсний хос бичгээр хөтлөх шийдвэр 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Өнөөдөр би хүртэл хос бичгээр албан бичгээ хөтлөөд л сууж байна. Шийдвэр гарахаас өмнө төрийн албан хаагчдын дунд судалгаа хийсэн.  Судалгаагаар 40 орчим хувь хэрэглэж чадах түвшинд монгол бичгээ эзэмшсэн гэсэн дүгнэлт гарсан. Төрийн албаны шалгалтад үндэсний бичгийг оруулсан байдаг. Зөвхөн төрийн албан хаагчид гэлтгүй нийтээр нь үзэхэд 1990 онтой харьцуулахад монголчуудын тал орчим хувь нь үндэсний бичгийн боловсролтой болсон.

Ялангуяа залуу хүмүүс илүү мэдлэгтэй байна. Өв соёлоо хадгалж хамгаалж үлдэхдээ ч дуртай байгаа.

Нэг хэсэг өөрөө сурах ч дургүй, өрөөлийг сургах ч дургүй хүмүүс бий. Аливаа шинэ зүйл хэрэгжиж эхлэхэд мэдээж түүнийг шүүмжилдэг хэсэг бүлэг хүмүүс бий болдог. Миний харж байгаагаар тэдгээр хүмүүсийн олонхи нь цахим орчинд бий. Хамгийн гол нь бид ажлаа хийдгээрээ хийгээд явна. Үүнийг шүүмжилж байгаа хүмүүс крилл бичгээ сайжруулахдаа анхаарсан нь дээр болов уу. Удахгүй Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс баталсан программ ашиглалтад орно. Энэ нь кириллээс монгол руу, монголоос кирилл рүү бичдэг, алдааг нь засаад өгчихдөг программ юм. Үүнийг үндэсний бичиг сураагүй хүн ч гэсэн ашиглах боломжтой. Яахав хялбар ашиглаж болох учраас залхуу байдлыг өөхшүүлж магадгүй. Гэхдээ үндэсний бичгээ илүү сайн сурах бололцоог нэмэгдүүлнэ. Энэ бичиг өөрөө бидний бас л нэг соёл болох нь ээ гэж ойлгох хэрэгтэй.

-Төрийн бүх албан бичгийг үндэсний хос бичгээр хөтлөх юм уу. Нарийвчилж зааж өгсөн үү ? 

-Бүх албан бичгийг үндэсний хос бичгээр хөтлөхгүй. Үүнд тодорхой стандарт гаргасан байгаа. Тухайлбал, 12 ажлыг үндэсний хос бичгээр хөтлөх юм.

-Үндэсний бичгийг олон янзаар нэрлэдэг. Монголчууд ихэвчлэн “монгол бичиг” гэх нэр томъёо ашигладаг, зөв үү? 

-Анх Уйгараас авсан үедээ бид нар уйгаржин монгол бичиг гэж нэрлэлэг байсан. Түүний дараа бид өөрийн болгож, өөрчлөөд дүрмийг нь монгол хэлдээ нийцүүлчихсэн. Тэр цаг үеэс босоо монгол бичиг гэж нэрлэх болсон. Харин орчин үед үүнийг боловсролын түвшинд эзэмшиж байгаа учраас үндэсний бичиг гэж нэрлэсэн. Энэ гурван нэр өөр цаг үедээ өөр, өөр утгатай юм. Ер нь хос бичигтэй улс байхгүй гэж ярих өрөөсгөл. Эртний бичгээ сэргээсэн улс, үндэстэн олон бий. Англи хэл ч гэсэн үг болгоныг бичдэг шигээ ярьдаггүй шүү дээ.

Яаж ярьдгийг нь мэдэхгүй бичсэнээрээ сурчихаад дараа нь хүнтэй ойлголцоод ярьж болдоггүй. Жишээ нь хэл сурч байгаа хүмүүс дунд байж л байсан. Харин дүрмээрээ буюу ингэж биччихээд ингэж ярьдаг юм гэдгийг сурчихсан хүмүүс бол ашиглаж чадна. Харин энийг мэдэхгүй, сурах гэж хичээгээгүй хүмүүс л шүүмжилдэг. Ажлыг хойш нь татаж байгаа хүмүүс өөрсдөө юу ч хийдэггүй хүмүүс байдаг. Өөрөө юу ч боддоггүй. Тэгээд л нэг том дүгнэлт хийдэг. Тэрнээс чадвартай улсууд чадвараа хязгааргүй хөгжүүлж болно.

-Та Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн даргын ажлыг аваад хоёр жил болж байна. Энэ хугацаанд юун дээр илүү анхаарч ажилласан бэ? 

-Өнгөрсөн хугацаанд бид бид хэлний хуулиа хэрэгжүүлэх, монголчуудыг хос бичигтэй болгох, үндэсний соёлын уламжлалаа хадгалж хамгаалах тал дээр багагүй ажил хийсэн. Хэлний зөвлөл үндсэндээ есөн гишүүнтэй, жилдээ  хоёр удаа хуралдах ёстой байдаг. Гэхдээ бид ажлын нөхцөл шаардлагаас шалтгаалан 4-5 удаа хуралддаг. Хийж байгаа гол ажил гэвэл толь бичиг, нэр томьёоны асуудал хэлний зөвлөл дээр байдаг.

Ялангуяа нийтийн хэлний хэрэглээ ямар байна гэдэг дээр санаа оноогоо ярилцаж, засч залруулах ажил хийдэг.

Сүүлийн үед бол гадаад дахь монголчуудад хандсан олон ажил хийсэн. Тэдгээр иргэдийн эх хэлнийх нь мэдлэг ямар байна гэдэгт анхаарч байх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар дэлхийн 53 оронд 200 гаруй мянган монгол хүн амьдарч байна гэсэн албан бус тоо бий. Тэдгээр хүмүүс ихэвчлэн өөрсдийнхөө суурьшиж байгаа орныхоо хэл соёлыг илүү дээр авч үздэг. Өөрийн эх хэлээсээ холддог. Ялангуяа үр хүүхдүүд нь монгол хэлгүй болдог аюултай. Ер нь хэл хэзээ мөхдөг вэ гэвэл хэрэглэгчгүй болсон цагтаа ядуурч мөхөх тийшээ ханддаг. Гэхдээ монгол хэл харьцангуй ийм аюулаас хол байгаа. Хүнийг 12 нас хүртэл тухайн хэл нь өөрийн хэл болж тогтдог. Эцэг, эхчүүд хүүхдээ аль болох  цэцэрлэгийнх нь наснаас англи хэлтэй болгоно гэж зүтгэдэг. Өөрийнх нь уг хэлний дархлаа бий болоогүй байхад гадаад хэл шахаад байхаар хэлтэй ч юм шиг хэлгүй ч юм шиг саармаг хэлтэй хүмүүс бий болно. Үүнийг ялангуяа ахмад үеийнхэн их анзаарч санаа зовж байна. Энэ улс орон маань бие даан хөгжих ёстой гэж үзэх юм бол монгол хүн юуны өмнө эх хэлээ эрхэмлэж, маш чадварлаг эзэмшсэн байх ёстой.

-Англи хэлийг хоёр дахь хэл болгоно, гуравдугаар ангиас нь эхэлж заана гэх мэт төрийн бодлого шийдвэрүүд бий. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ? 

-Одоо яг хууль дээрээ гуравдугаар ангиас нь гэдэг ч юм уу тусгайлан анги зааж өгөөгүй байгаа. Энэ тухай анх ярьж байхад нь Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс хууль тогтоогч нарт албан бичиг хүргүүлж байсан. Бид гадаад хэлтэй л бол мундаг сайн хүн гэж боддог. Гэвч  практикаас үзсэн ч гэсэн монгол хэлдээ чадварлаг хүмүүс илүү сайн хэлмэрч ялангуяа орчуулахдаа гарамгай болдог. Өнөөдөр унаган англи хэлтэй хүн маш олон боловч хослуулж хэрэглэхээрээ монгол хэлний мэдлэг нь дутагдаад ур чадвараараа үнэлэгдэж чаддаггүй. Тэгэхээр бид хэчнээн эх хэлдээ сайн байна тэр чинээгээрээ олон улсад үнэлэгдсэн сайн мэргэжилтэн болно гэж ойлгох хэрэгтэй.

1990 оны өмнөхтэй харьцуулахад хэл сурах бололцоо, техникийн хувьд ч сайжирсан. Тэгэхээр заавал төрөөс тухайн хэлийг хоёрдугаар хэл болгохгүйгээр зүгээр гадаад хэлний хэм хэмжээнд нь үздэгээрээ үзээд явахад болно гэж бодож байна.

Хүмүүс өөрийгөө хөгжүүлэх асар их боломжтой. Нэг үед жолооч гэдэг бол мэргэжил байсан. Тухайн үед жолооч гэдэг хүн онцгой өндөр чадвартай хүн юм шиг боддог байлаа. Гэтэл одоо бол хүн бүр л жолоо барьдаг. Энгийн л хэрэглээ болсон. Үүнтэй адилхан яваандаа даяарчлагдаж байгаа ертөнцөд олон хэлтэй хүн энгийн л өөрийгөө хөгжүүлсэн хүн болно. Хүнд өөрийн гэсэн хэрэгцээ байгаа нөхцөлд өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэл, боломж үргэлж нээлттэй байдаг. Тиймээс эсрэгээрээ монгол хэлээ илүү сайн эзэмших, сайн сурах тал дээрээ санаа тавих ёстой.

-Бид “монголжсон” гадаад үг их хэрэглэдэг. Ялангуяа залуу үе монгол хэлний үгийн баялаггүй байна гэх ахмадуудын шүүмжлэл их бий?

-Монгол хэл баялаг сайхан үгийн сантай чи сур гээд яаж ч шаардаад эзэн нь өөрөө хүсэхгүй бол яаж ч чадахгүй шүү дээ. Ярьж байгааг нь шүүмжлээд л сууж байна. Харин тэр чинь болохгүй ээ гээд хэлэхэд л тэрийг засаад өөрчлөөд явбал болно. Одоо бүх хүн англи үг хэрэглэдэг болсон. Жишээ нь сэтгэгдэл гэдэг үгийг л коммент гэж хэлдэг. Монголоор хэлэх боломжтой үгийг заавал тэгж хэлдэг. Манай монгол хэлэнд ийм үг байна уу гэж бодох ч үгүй. Зүгээр л тэр мэддэг үгээ хэрэглэдэг. Ингэж хэлбэл гоё. Англиар л нэг юм хэлбэл их гоё сонсогддог гэж боддог. Үгүй шүү дээ. Харин гурван хэлээр хэлж чадаж байвал чи мэдлэгтэй, соёлтой хүн гэж өөрийгөө ойлгох хэрэгтэй. Гэхдээ нөгөө талаас үүнд хэд хэдэн шалтгаан байна гэж хардаг.

Нэгдүгээрт, Монгол Улс залуучуудын орон болчихлоо. Үе солигдчихлоо. Мөн ахмадуудаа хэнд ч хэрэггүй хүн мэт болгоод түлхчихсэн. Амьдралын шаардлагаар гадагшаа явах хөдөлгөөн нь нэмэгдчихсэн.

Өөр соёлыг залуу хүмүүс илүү их шохоорхдог, хуйларч дагадаг. Яах ч аргагүй. Тэгэхээр хамгийн гол нь үүнийг ухаарах,  хэлж ярих хүмүүс нь олшрох хэрэгтэй. Олширно гэхээр нөгөө талдаа харвал ахмадууд цөөрчихсөн. Нөлөөлөл ч их бага байгаа. Хоцрогдчихсон гэж хүн болгон үзэж байгаа. Гэтэл одоо 30 жилийн өмнө 30-тай байсан хүн одоо 63 настай. Тэгэхээр одоо хэдэн жил болоод өөрөө хоцрогдох нь байна шүү дээ. Тэгээд тэр үедээ юу ч сураагүй юу ч мэдээгүй хөгшин хүн болчих гээд байна шүү дээ. Энийгээ хүртэл бодох хэрэгтэй.

үүлийн үед цахим орчинд ёс бус үг хэллэг ашигласан иргэнд шийтгэл ногдуулах боллоо. Энэ нь хэр зөв алхам бэ? 

-Хэлний зөвлөл бусдыг шийтгэх, торгох эрх байхгүй. Гэхдээ бид хэлний хуулийг зөрчсөн тохиолдлуудыг Шүүхийн бодлого хэрэгжүүлэх газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт мэдээлж, зөрчил гарсан байна гэдэг үүднээс ханддаг.

Ер нь би монгол хүн гэсэн бат итгэлтэй, монгол хүн гэдгээрээ бахархдаг, монгол хүн байхын төлөө тэмцдэг хөгждөг хүмүүсийг бий болгочих юм бол бусад нь дараагийн асуудал. Чи монголоороо ярь гэх хэрэггүй. Монгол хүн юм чинь. Тэгэхээр ийм асуудлууд дээр бид монгол биш болоод байна гэдэг давхар дүгнэлт хийх хэрэгтэй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *