Аялах дуртай ч биеэ авч явах соёлгүй монголчууд

0

“Өвөл хаачсан бэ? Фукуок явсан” гэж олон нийтийн сүлжээгээр хүмүүс хошигнох нь ихэсчээ.

Учир нь монголчууд хөхөө өвлийн хүйтнээс зугтан, халуун орныг зорих нь сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Хятадын Саня, Бээжин, Жининь, Вьетнамын Фукуок, Хо Ши Мин зэрэг газар монголчуудын хөлд дарагдаж, тэр байтугай монгол хоолны газар хүртэл хилийн чанадад нээгдсэн нь гадаадыг зорих манайхны урсгал хэр байгааг илтгэнэ. Гэвч “Хүн нэрээ, тогос өдөө” гэдэг шиг хүний нутагт нэрээ бод” гэсэн уриа ихээр сонсогдох болов.

Цуглуулсан хэдэн төгрөгөө зуны ахархан өдрүүдэд зарцуулдаг манайхан Улаанбаатарын утаанаас дайжиж, далайн хөвөөнд амрах нь олширсон. Гэвч гадаадад аялж буй монголчуудын бүдүүлэг байдал, соёлын ялгаа нутгийнхны “Дургүй”-г хүргээд байна.

Монголчууд хэзээ аялж сурах вэ?

Нэгэн аяллын компанийн хөтөч монголчуудын төрх, үйл байдлын талаар цахим орчинд бичсэн нь дуулиан болж буй. Юм үзэж, нүд тайлаагүй гэсэн шиг өглөөний цайны буфетыг хоослох, нэг тавган дээр ходоодны хэмжээнээсээ давсан их хоол овоолж авах, түүнийгээ барахгүй ширээн дээр үлдээх, зориулалтын биш дотуур хувцастайгаа усанд санд орох, бие биеэ дуудан чанга ярих, дугаарлан зогсох хүмүүсийн урдуур хэнэггүй дайрах гээд соёлгүй бүдүүлэг үйлдлийн талаар алтан хошуу өргөжээ.

Үүгээр зогсохгүй “Чингисийн Монгол” хэмээн цээжээ дэлдэн зодоон хийх, дуртай хүнээ зандрах ах нар, хүүхдээ рестораны аяганд шээлгэх, живхийг нь хаа хамаагүй хаях ээжүүдийн бүдүүлэг үйлдэл ч гадаадынхны нүдэнд орсон өргөс шиг болсныг тухайн хөтөч анзаарчээ. Ийм үзэгдэлтэй Монголд бишгүй л таарч байлаа.

Мөн олон нийтийн газар бусдын амгалан тайван байдалд халдаж, утсаар чанга ярих, казиногийн ширээний ард найр наадмын дуу дуулалдах, гэртээ тааваараа байгаа юм шиг дураараа загнах, эмх цэгцгүй идэх, онгоц газардаагүй байхад ачаагаа авахаар яаран босох зэргээр “Аялж сураагүй, соёлгүй монголчууд”-ын үйлдлүүдийг дурдвал урт жагсаалт үүснэ. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэйгүй хүнийг дээрээс доош нь цоо ширтэх бүдүүлэг зан нь биднийг муухай харагдуулж байна. Япон, Солонгос зэрэг улсад хүнийг удаан ширтэх, харах нь хориотой байдаг.

Хэдийгээр санхүүгийн боломжтой байлаа ч олны дунд биеэ авч явах соёл, боловсролгүй бол гадаад явах нь бүү хэл гэрээсээ гарах хэрэггүй. Манай улс аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, 1 сая жуулчин хүлээн авах том зорилт тавьсан. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Нэг хонь, нэг жуулчин” аян зарлаж, Дэлхийд алдартай хүмүүсийг эх орондоо урьж авчирсан. Аялал жуулчлалаар орлого олох, эдийн засгийн нөлөөгөө нэмэгдүүлэх гэж байгаа боловч монголчуудын гадаадад аялсан зардал гадаадын жуулчдаас орж ирсэн орлогоос илүү гарчээ. 2024 оны эхний гурван улиралд гадаадын жуулчид манай улсад 489 сая ам.долларын орлого төвлөрүүлсэн бол монголчууд 1.2 тэрбум төгрөгөөр гадагш аялсан байна.  

Нэг хүний буруугаас нийтийн эрх ашиг хөндөгдсөн жишээ бол Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр. Түүний хийсэн үйлдлээс ичмээр. Түүгээр зогсохгүй олон монголчууд БНСУ-д зодоон хийж, зөрчил гарган, эх орныхоо нэрийг газарт унагасан. Балгийг нь бид амсаж буй. Тус улс хилээр нэвтрэх монголчуудын мэдээллийг хянах шалгах тал дээр улам хатуурхан, бусад улсын иргэдээс илүү чанга ханддаг. Соёлгүй хэсэг хүнээс болоод гэмгүй монголчууд онгоцны буудлаас буцаж байна. Нүүр хийх газаргүй болж байна.

Угтаа бүх улс л өөр соёл, заншилтай. Гэвч нийгмийн соёл, Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах нь ухаант хүний үйлдэл. Мэдэхгүй орчинд, танил бус дүр зурагтай таарсан ч хүнд наад захын соёл гэж юм байх хэрэгтэй. Амьдрах гэж хөгөө чирч байна даа гэдэг шиг аялах гэж хөгөө чирэхээ больё, манайхаан! Хэзээ аялж сурах вэ, хэдүүлээ?

Энэхүү бичвэрээрээ гадагшаа аялж буй монголчуудаа буруутгах гэсэнгүй. Ингэлээ гээд бүгдээрээ гэв гэнэт соёлтой болчихгүй. Гадаад явж, галуу шувууны мах идэхийг хүн бүр хүсдэг. Гагцхүү бие биедээ зөв үлгэрлэж, буруугаа хүлээн зөвшөөрч, ичиж нэрэлхсэн ч аажмаар шинэ соёлд суралцах шаардлагатай байна. Юуны тулд “Хүн бол нийгмийн амьтан” гэдэг билээ дээ. Нийгэмдээ, тухайн цаг ахуйдаа дасан зохицож, зөв боловсон аялж сурах юмсан, хэдүүлээ!

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *