Ц.Жаргалсайхан: Залуу хүмүүсийн дунд дэлгэцийн хамааралтай даралт ихсэлт нэмэгдэж байна

Монгол Улсад зүрх судасны өвчлөл тэр дундаа цусны даралт ихсэх өвчлөл нь нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байна. Цусны даралт ихсэх өвчлөлийн талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Зүрх судас судлалын тасгийн их эмч, Монгол Улсын хүний гавьяат эмч, Монгол Улс зөвлөх эмч, АУ-ны магистр, докторант Ц.Жаргалсайхантай ярилцлаа. -Монгол Улсад зүрх судасны тогтолцооны өвчнөөс цусны даралт ихсэх өвчин хамгийн их байдаг. Нас баралтын тэргүүлэх шалтгаан ч гэж ярьдаг. Тантай цусны даралт ихсэх өвчлөлийн талаар түлхүү ярилцъя гэж бодлоо. Монгол Улсын хүн амын дунд энэ өвчлөл хэр их байна вэ?-Артерийн даралт ихсэх өвчин нь дэлхий нийтээрээ маш их тархсан өвчин юм. 2023 онд ДЭМБ-ын судалгаагаар гурван хүн тутмын нэг нь даралт ихсэх өвчлөлтэй байна гэх судалгаа гарсан. Манай орны хувьд ч мөн тийм байна. Ялангуяа буурай хөгжилтэй орнууд болон хөгжиж буй орнуудын хувьд гуравны хоёр хувь нь артерийн даралт ихсэх өвчтэй гэх судалгаа байдаг.-Цусны даралт ихсэх өвчин гэж юуг хэлэх вэ. Энэ өвчин нь хүндэрвэл ямар аюултай вэ?-Артерийн даралт ихсэх гэдэг нь судасны уян хатан чанар унах, судас хатуурах, жижиг хялгасан судаснуудын нарийсалттай холбоотойгоор артерийн даралт ихсэлт үүсдэг. Артерийн даралт ихсэх өвчин нь анхдагч артерийн даралт ихсэх, хоёрдогч артерийн даралт ихсэлт гэж хуваагддаг. Анхдагч артерийн даралт ихсэлт бол нийт даралт ихсэлтийн 90-95 хувийг эзэлдэг. Үлдсэн хувь нь хоёрдогч буюу бөөрний шалтгаанаар эсвэл дэд булчирхай болон өөр бусад шалтгаанаар даралт ихэсдэг.-Ямар шалтгаанаар энэ төрлийн өвчлөл нэмэгдэж байна вэ. Мөн энэ өвчин ямар шинж тэмдгээр түлхүү илэрдэг вэ?-Даралт ихсэх өвчлөлд гол нөлөөлдөг хүчин зүйлүүд гэж бий. Үүнээс засаж болох болон засаж болохгүй хүчин зүйлүүд байгаа. Насжилт нэмэгдэх тусам даралт ихсэх өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг. Мөн удамшил буюу аав, ээж, ах, эгч нь даралт ихсэх удамтай бол даралт ихсэх өвчнөөр өвдөх магадлал өндөр байдаг. Энэ нь засаж болохгүй хүчин зүйлд орно.Засаж болох хүчин зүйлүүд гэвэл сүүлийн үед таргалалт нэмэгдэж, жингийн илүүдэл их болсон. Энэ нь эрсдэлт хүчин зүйлийн нэг болдог. Мөн таргалалтаас гадна давсны хэрэглээ, архи тамхины хэрэглээ, стресс, өөх тосны хэт хэрэглээ зэрэг нь хүчин зүйлсэд орно.
- Хоногт 6 граммаас бага давс хэрэглэх нь зохистой. Харин зохистой хэмжээнээс хэтрүүлж хэрэглэж байгаа нь даралт ихсэхэд болон бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.
- Тамхины нөлөөгөөр хүний биед норэпинефрин гэх гормон ялгарна. Энэ нь бүх судсыг агшаах үйлчилгээ үзүүлдэг. Өдөрт арваас дээш тамхи татдаг хүн байнгын судас агшилттай байж улмаар артерийн даралт ихсэхэд нөлөөлдөг.
- Стрессийн үед хүний биед адреналин гэх даавар ялгардаг. Энэ даавар нь зүрхний цохилтын тоог нэмэгдүүлж, судсыг агшаадаг. Тэгэхээр удаан хугацаанд стресстэй явсан хүмүүс байнгын судас агшилттай явж, даралт ихсэх өвчлөлтэй болно гэсэн үг.
- Жирэмснээс хамгаалах эм бэлдмэлүүдийг эмэгтэйчүүд их хэрэглэдэг. Эдгээр эм нь дааврын эмүүд тул гормоны найрлагатай байдаг. Ийм найрлагатай байна гэдэг нь мөн л артерийн судсыг агшааж нарийсгадаг. Тиймд 35-аас дээш насны эмэгтэйчүүд, жирэмснээс хамгаалах эм хэрэглэдэг мөн жингийн илүүдэлтэй байх юм бол даралт ихсэх өвчлөлөөр өвдөх магадлал илүү байна.
Даралт ихсэх өвчний 49 хувь нь ямар ч шинж тэмдэггүй явагддаг. Даралт ихсэх өвчинд ямар нэгэн өвөрмөц шинж тэмдэг байдаггүй. Тиймээс ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй болохоор хүмүүс өвдсөн эсэхээ ч мэдэхгүй яваад байдаг. Тиймээс даралт ихсэх өвчнийг чимээгүй тахал өвчин гэж нэрлэдэг. Даралт ихсэх өвчний шинж тэмдэг ямар үед илэрдэг гэвэл амьдралын чухал таван эрхтэн болох зүрх, тархи, бөөр, нүд, захын судас гэх эрхтнүүдэд хамгийн их нөлөөлдөг. Энэ таван эрхтэнээр дамжуулж даралт ихсэх шинж тэмдгүүд илэрнэ. -Ихэнх хүмүүс настай хүмүүсийн л даралт ихэсдэг гэж ойлгодог. Залуу хүн даралт ихсэх өвчнөөр өвддөг үү?-Нас ахих тусам судасны хатуурал явагдаж даралт ихэсдэг. Даралт ихсэх өвчлөл нь настай холбоотой хэдий ч залуу хүний даралт ихсэхгүй байна гэсэн үг биш юм. Ялангуяа стресс, ажлын ачаалал ихтэй байх үед болон хэт таргалалттай бол 20 настай байсан ч даралт ихсэх өвчнөөр өвдөх эрсдэлтэй. Сүүлийн үед залуусын компьютер, ухаалаг утасны хэрэглээ ихсэх болсон. Үүнтэй холбоотойгоор дэлгэцийн хамааралтай даралт ихсэлт их болсон. Даралт ихсэх өвчлөл нь заавал настай хүн өвддөг гэсэн үг биш. Хэний ч даралт ихсэж болно.-Даралт ихсэх өвчнийг эрт илрүүлсэн тохиолдолд бүрэн эмчлэгдэх боломжтой юу?-Даралт ихсэлтийг анхан шатанд нь илрүүлсэн тохиолдолд тухайн хүн хамгийн эхэнд амьдралын хэвшлээ зөв болгох хэрэгтэй. Дэлхий нийт ч мөн амьдралын зөв хэвшлийг бий болгох нь артерийн даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, үе шатыг нь багасгах, эмийн эмчилгээний тунг багасгах цаашлаад даралт ихсэх өвчнийг зогсоох ч боломжтой юм. Харин даралт ихсэх өвчин нь хоёр гуравдугаар үе шатандаа орсон, зүрх нь томрол өгсөн тохиолдолд бүрэн эдгэрэх боломжгүй. Учир нь энэ өвчнөөр өвдсөн тохиолдолд даралтын эмээ тогтмол уухгүй л бол даралт хэвийн болно гэж байхгүй. Даралт нь ханиад томуу шиг хэдхэн хоног эмчлээд зүгээр болдог өвчин биш. Ер нь бол насан туршдаа даралтын эм ууж, даралтаа тогтмол хянах шаардлагатай.-Энэ өвчнөөр өвдөхөд нөлөөлж байгаа гадаад хүчин зүйлүүд юу байна вэ?-Даралт ихсэх өвчний гадаад хүчин зүйлд архи тамхины хэрэглээ, стресс зэрэг нь нөлөөлдөг. Түүнээс гадна манай орон өндөрлөг бүсэд оршдог тул харьцангуй даралт ихсэлт илүү байдаг. Өндөр уулын бүсэд оршдог Алтайн нуруу, Хэнтийн нуруу, баруун бүсэд оршдог хүмүүсийн даралт ихсэлт зүүн бүсийн аймгуудтай харьцуулахад илүү өндөр байдаг. Хүмүүс нам дор газар орших далайн орнуудад очоод даралт нь хэвийн байснаа нутагтаа ирээд даралт ихсээд байна гэж ярьдаг. Тэгэхээр газарзүйн байршил энэхүү өвчинд нөлөөлөх талтай байдаг.-Тэгвэл энэ өвчнөөр өвдөхгүйн тулд, иргэд өөрсдийгөө хамгаалах чиглэлд зөвлөгөө өгнө үү? -Тэгэхээр энэ өвчнөөр өвдөхгүй байх хамгийн гол зүйл нь амьдралын зөв хэвшил юм. Үүнд давсны хэрэгцээгээ хязгаарлах хэрэгтэй. Өдөрт 6 граммаас бага давс хэрэглэх, даршилсан бүтээгдэхүүн бага хэрэглэж, идэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ давсны орцыг хянах, натрийн давсыг багасгаж кали агуулсан бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх нь зүйтэй.Мөн өөх тосны хэрэглээгээ хянах ёстой. Малын гаралтай ханасан өөх тосыг багасгах хэрэгтэй юм. Би ханасан өөх тос бараг хэрэглэдэггүй гэдэг мөртлөө масло, маргарин, шоколад, торт зэрэг ханасан өөх тос хэрэглэх нь бий. Эдгээрийг ч мөн багасгах шаардлагатай юм.Мөн та жингийн илүүдэлтэй л бол даралт ихсэх өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр гэсэн үг. Тиймээс аль болох жингээ хэвийн хэмжээнд нь барих хэрэгтэй. Архи тамхины хэрэглээг багасгах нь зүйтэй. Дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй. Өдөрт 30-40 минутыг дасгал хийхэд зарцуулах нь чухал. Суугаа ажилтай болон хөдөлгөөн багатай хүмүүс даралт ихсэх өвчнөөр өвдөх магадлалтай. Мөн стрессээ тайлах аргуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Эдгээр нь эмийн бус эмчилгээнүүддээ ордог. Эмийн бус эмчилгээг даралт ихэссэн ч ихсээгүй ч бүхий л хүмүүс амьдралын зөв хэвшлийг хэрэгжүүлэх хэрэгтэй.-Та сая эмийн бус эмчилгээний талаар тайлбарлаж өгсөн. Тэгвэл эмийн эмчилгээг яаж хийх ёстой вэ?-Артерийн даралт ихэссэн тохиолдолд эхлээд эмийн бус эмчилгээг хийгээд үр дүнд хүрэхгүй тохиолдолд эмийн эмчилгээнд орох ёстой. Эмийн эмчилгээг дөнгөж эхэлж байгаа тохиолдолд эмээ бага тунгаар эхэлж уугаад, тодорхой үр дүнд хүрэхгүй тохиолдолд хоёр эм зэрэг уудаг. Нэг эмийг өндөр тунгаар ууснаас хоёр эмийг бага тунгаар уух нь илүү зохимжтой. Даралтын эмийг сонгохдоо хоногт нэг удаа уудаг буюу 24 цаг үйлчилдэг эмийг сонгож уух нь зөв юм. -Цаг гарган ярилцсан танд баярлалаа.