С.Халиунаа: Адуу импортолдог бизнес эрхлэгчид Засгийн газрыг лоббидож, шийдвэрээ гаргууллаа

0

Засгийн газраас хаврын морин уралдааныг зохион байгуулах, эсэх шийдвэрийг орон нутгийн удирдлагууд өөрсдөө шийддэг болох тухай өчигдөр (2025.01.29) мэдэгдсэн. Хүний эрх хамгаалагчид, хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд, олон ээж аав, сэтгүүлчид энэхүү гэнэтийн шийдвэрийг хүчтэй эсэргүүцсээр байна.    

Өмгөөлөгч С.Халиунаа энэ талаар байр сууриа илэрхийлэв.
-Өнгөрсөн бямба гарагт (2025.01.25) Сүхбаатарын талбайд морьтой иргэд жагссан. Тэд өндөр зохион байгуулалттайгаар, цагдаагийн хамгаалалт дор жагсав. Урлагийн тоглолттой, бэл бэнчин илт “үнэртсэн” жагсаал боллоо.

Сүхбаатарын талбайд жагсахын тулд нийслэлийн гурван дүүргээс зөвшөөрөл авдаг. Үүнийг авах амаргүй. Харин морьтой жагсагчид зөвшөөрлөө шуурхай авсан. Замын хөдөлгөөн хааж байгаад жагсав. Иймд хуульчид Засгийн газраас гаргах шийдвэрийг ер нь таамагласан. Харамсалтай нь тэд эмзэг бүлгийн иргэдийн дуу хоолойг огт сонссонгүй.

Өвөл хаврын морины уралдаантай холбоотойгоор хоёр том бүлгийн ашиг сонирхол бий. Уяачдыг ерөнхийд нь эрлийз адуу уядаг, монгол морио уядаг гэж хоёр хувааж болно. Энэ удаад импортын адуу оруулдаг бүлгийнхэн гүйцэтгэх засгийнханд нөлөөлчих вүү гэж би хувьдаа дүгнэж байна. Адуу уях нь бизнес болсон. Өөхөн дунд чулуу хавчуулна гэдэг шиг тэд нийт уяачдын дунд чимээгүй нуугдаж, лоббигоо хийж, Засгийн газраар шийдвэр гаргууллаа.

Сүхбаатарын талбайд морьтой иргэд жагсахдаа өндөр зохион байгуулалттайгаар, цагдаагийн хамгаалалт дор, урлагийн тоглолттой жагсав. Бэл бэнчин  “үнэртсэн” жагсаал боллоо.

Тэд яагаад орон нутагт уралдах хүсэлтэй байна вэ?

Уяачид орон нутгийн удирдлага буюу ИТХ-д төлөөлөгч болцгоосон, хүнээ оруулчихсан. Тэд аймаг, сумын Засаг дарга нараас ч илүү эрх мэдэлтэй болсон тул ийм шийдвэр гаргууллаа.     Тэд жилийн өмнөөс л бэлтгэлээ хангаж, сая хүүхдүүдийн өвлийн амралт эхлэхэд л сунгаандаа гарцгаасан. Гуравдугаар сарын эхээр эхний уралдаанаа хийхээр бэлтгэж байна.

Хуульчид үүнийг зүгээр хараад суухгүй. Бид нэгдэж, Захиргааны хэргийн шүүх, Үндсэн хуулийн цэцэд хандана. Цэцэд өмнө нь улс төрчдийн шахааны гишүүд ажилладаг байсан бол одоо мэргэжлийн, маш сайн хуульчид ажиллах болсон тул бид Үндсэн хуулийн цэцэд ихээхэн найдлага тавьж байна. Тэд улс төрчдийн дур зоргоороо аашилж байгааг зогсооно гэж найдаж байна. 



Өвөл, хаврын морин уралдаантай холбоотой хуулийн маргаан өмнө нь олон удаа  гарсан талаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал танилцуулсан. Тэр үед эрэгтэй хуульчид энэ маргаанд татагдан орох нь бага, ээж болоод ч тэр үү эмэгтэй хуульч, өмгөөлөгчид сайн дураараа, үнэ төлбөргүй өмгөөлөл үзүүлсээр ирсэн.

Харин энэ удаад Засгийн газар Дээд шүүхийн тогтоолыг үгүйсгэсэн шийдвэр гаргасанд бүх хуульч эгдүүцэн хүлээж авлаа. Төрийн өндөрлөг хуульчид руу дайрсныг ч бид эмзэг хүлээн авсан. Хууль дээдлэх ёсны төлөө бид хатуу бат зогсоно.

Засгийн газар Дээд шүүхийн тогтоолыг үгүйсгэсэн шийдвэр гаргасанд бүх хуульч эгдүүцэн хүлээж авлаа.

Өнөөдрийг хүртэл уралдаанч хүүхдийн эрхийг хэрхэн зөрчсөн талаарх ам дамжсан яриа их гарлаа. Уралдаанч хүүхдүүдэд кока кола уулгадаг, хоол унд бага өгдөг, хүнд хүчир ажил хийлгэдэг гэх мэт. Өмгөөлөгчид энэ бүхнийг нотлох баримт болгон баримтжуулж чадаагүй нь бидний сул тал.

Учир нь уралдаанч хүүхдүүдийн ээж аав ахуйгаараа, санхүүгээрээ уяачаас хараат болчихсон тул чөлөөтэй ярьдаггүй. Сум, баг жижиг тул нутгийн хүнтэйгээ ам зөрөөд яах вэ гэдэг. Хүүхдүүд яаж эрхийг нь зөрчиж байгааг мэдэхгүй, мэдсэн ч хэнд хандахаа мэддэггүй. Уг нь энэ судалгааг өмгөөлөгч эсвэл ТББ-ууд биш төр хийх ёстой юм. Төр хүүхдээ хамгаалах үүрэгтэй шүү дээ.   
 
Өнгөрсөн бямба гарагийн жагсаалаас хойш хот хөдөөгийн соёл хэрхэн мөргөлдөж байгааг та бүхэн цахим сүлжээн дэх иргэдийн байр сууринаас харлаа. Малчид ажил ихтэй хүмүүс, удахгүй мал төллөх гэж байна. Тэд бие нь өвдөөд, нэлээд хүндэрсэн үед л хот руу ирж, эмнэлгийн бараа хардаг хүмүүс шүү дээ. Тэд ирж жагсахгүй. Иймээс би зохион байгуулалттай жагсаал гэж хэллээ.  

Би 2014 онд Хүүхдийн төлөө газар ажиллаж байхаасаа хурдан морины уралдаан, унаач хүүхдийн нөхцөл байдлыг мэддэг болсон. Шүүхийн шийдвэрийг зөрчинө гэдэг байж болохгүй үйлдэл. Жагсаал зохион байгуулагчид бол импортын азарганы бизнес эрхлэгчид байсан. Нэг ёсны бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс гэх юм уу даа.

Гэтэл жирийн малчин монгол морио уядаг хүмүүс бол хаврын хахир цагт малаа яаж онд оруулъя гэж л бодож суугаа шүү дээ. Хотод ирээд морь уралдуулъя гэж жагсаад байхгүй. Захиргааны нөхцөлөөр тогтоосон зүйлийг өөрчлүүлээд өөрсдийгөө дэмжсэн шийдвэр гаргуулна гэдэг бол цаана нь маш том лобби байгаа нь л цухалзаж байна.

Өв соёл гэдэг малгайн дор импортын азарганы бизнес эрхлэгчдийн эрх ашиг яваад байна. Жагсаал зохион байгуулсан хүмүүс бол импортын азарганы бизнес эрхлэгчид. Тэдний амьдралын хэв маяг нь малчин биш, бизнесийн зарчмаар ажиллаж буй худалдаа эрхлэгчид. Нөгөө талд монгол малынхаа удмыг авч яваа, малаа зүсэлж таньдаг, нутгийнхаа малын удмыг хөгжүүлдэг малчид бий. Үүнийг ялгаж салгах хэрэгтэй.

Одоогийн байдлаар бичгээр шийдвэр гараагүй учраас хуульчид хөдөлж болохгүй байна. Асуудлыг түдгэлзүүлэх шийдвэр Цэц дээр биш зөвхөн захиргааны хэргийн шүүх дээр л гардаг.          

Эх сурвалж : gogo.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *