Гадаад худалдаа ашигтай гарч төгрөг чангарах нөхцөл бүрдлээ
Өнгөрсөн оны төгсгөлд эдийн засаг 4.8 хувиар өсөж, цар тахлын өмнөх үеийн түвшинд буцаж хүрснээр 2023 онтой золгосон. Энэ үр дүнг залгаад нэгдүгээр улиралд голлох үзүүлэлтүүд эерэг гарч эхэллээ. Гаднаас орж ирэх орлогын хувьд 2023 оны эхний гурван сарын гүйцэтгэлээр Монгол Улсын экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 96 хувь (1.8 тэрбум ам.доллар)-аар өсөж 3.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнд чулуун нүүрсний экспортын биет хэмжээ 13.8 сая тоннд хүрч өмнөх оныхоос 5.5 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Тэгвэл 2023 оны эхний гурван сарын байдлаар манай улсын импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 14.7 хувь (249 сая ам.доллар)-иар нэмэгдэж, 1.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Импортын бүтээгдэхүүнийг төрлөөр нь ангилан харвал хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн 38 хувиар, нефтийн бүтээгдэхүүн 28 хувиар тус тус өссөн бол хэрэглээний бүтээгдэхүүн зургаан хувиар, аж үйлдвэрийн орц долоон хувиар тус тус буурчээ.
Ингэснээр оны эхний улирлын гүйцэтгэлээр гадаад худалдааны тэнцэл 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарах нөхцөл бүрдсэн байна. Үүний нөлөөгөөр гадаад валютын албан нөөц нэмэгдэж, энэ сарын 7-ны өдрийн байдлаар 3.6 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны эцсээс 6.1 хувиар, өнгөрсөн оны хамгийн доод түвшнээс 33.8 хувиар нэмэгдсэн дүнд хүрлээ. Ийнхүү гадаад валютын албан нөөц болон гадаад худалдааны нөхцөлд гарсан эерэг өөрчлөлтүүдийн нөлөөгөөр төгрөгийн ам.доллартой харьцах ханш чангарч эхэллээ. Тодруулбал, ам.долларын ханш тогтмол өссөөр энэ оны гуравдугаар сарын 17-нд 3,527.05 төгрөгт хүрсэн бол үүнээс хойш буурч энэ сарын 10-ны өдрийн байдлаар 1 ам доллар 3,507.04 төгрөгт хүрээд байгаа юм.