Нүүрсний экспорт 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэнэ

0
  • Энэ хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байна.
  • Эдгээр төмөр зам холбогдсоноор экспортын орлого дахин 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, монголчууд бидний олон жил хүлээсэн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10,000 ам.долларт хүрэх зорилт биелнэ.

Өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын  улс төр, эдийн засгийн салбарт болсон онцлох үйл явдлын нэг нь Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын хилийн холболтын төслийг хамтран хэрэгжүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан  үйл явдал байлаа.

Төслийн эхлэл:

Энэ төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, Улсын Их Хурлын зургаа, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст өнөөдөр ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байна.  

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болж байна. Энэ агуулгаараа түүхэн үйл явдал болж байна.

 Энэ төмөр замын ач холбогдол: 

Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын  хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. 

Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олно. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. 

Энэ хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байна. 

Мөн энэхүү гэрээ зурагдсанаар Монгол Улс цэвэр эрчим хүч экспортлох томоохон Мега төслийн судалгааны ажил эхэлж байна. 

Эдгээр төмөр зам холбогдсоноор экспортын орлого дахин

1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, монголчууд бидний олон жил хүлээсэн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10,000 ам.долларт хүрэх зорилт биелнэ.

 17  жил гацсан төмөр замын алдагдсан боломж:

Хоёр улсын Засгийн газар аливаа гуравдагч талыг оролцуулахгүйгээр гэрээ хийх боломж 2004 онд ч байсан. Энэ гэрээ 21 жилийн өмнө хийгдсэн бол Тавантолгойг тойрсон маргаан, царигийн мэтгэлцээн өрнөхгүйгээр Монгол Улс өнөөгийн үнэ цэнээр багадаа 31.5 тэрбум ам.долларын орлого олж, өнөөдрийн тулгамдсан дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байх байлаа. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *