“Цемент шохой” ТӨХК-ийн ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь ОГЦРУУЛАХААР БОЛЛОО
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр (2023.04.14) Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа эсэхэд хяналт тавьж, газар дээр нь ажиллан, нөхцөл байдалтай танилцлаа.
Энэ үеэр “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлд компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-өө бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахыг шаардаж, холбогдох хууль, тогтоомжуудыг удаа дараа зөрчсөн баримт, мэдээллийг дэлгэн танилцууллаа.
ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл “Хөтөлийн Цемент, шохойн үйлдвэрийн ажилчидтай уулзалт хийлээ. Хоёр талаас өгсөн мэдээлэл зөрүүтэй байна. Өөрийн биеэр ирж, нягталж, хүмүүстэй нэгбүрчлэн уулзахыг зорилоо. Зарим нэг мэдээлэл ташаа болох нь харагдлаа. Тухайлбал, ямар ч нөөц байхгүй, үйлдвэр бараг аюулын ирмэг дээр байна гэж ярьж байсан бол 1-3 сарын нөөц байна. Үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон мэтээр ярьж байсан бол үйлдвэр хэвийн ажиллаж байх жишээтэй. Энэ бүгдээс харахад, мэдээллийг үнэн бодитой өгөх нь чухал байна” гэдгийг онцоллоо.