Уур амьсгалын өөрчлөлт хүнсийг үнэд оруулж байна

0
  • Эхлээд өөрийн улсаа бичихэд 2024 онд манай улсын хөдөө аж ахуйн салбар 28.7 хувиар агшсан. Гол шалтгаан нь 2023-2024 оны өвөл хүндхэн болж, маш олон айл өрх зудад малаа алдсан.
  • Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан манайд мах,сүү, гурилын үнэ өссөн бол олон улсад кофе, байцай, цагаан будаа үнэд орж, олдоц нь багасчээ.
  • Японд сүүлийн 10 жилд анх удаа улсын нөөцөөсөө 210 мянган тн цагаан будаа гарагж худалдаалах болжээ.

Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн аль өнцөг буланд амьдарч байгаа эсвэл чинээлэг үү, ядарсан уу гэдгийг үл хамааран сүүдрээ тусгаж, сөрөг үр дагавар үзүүлж байна. Энд хэдэн баримт дурдъя. 

Эхлээд өөрийн улсаа бичихэд 2024 онд манай улсын хөдөө аж ахуйн салбар 28.7 хувиар агшсан. Гол шалтгаан нь 2023-2024 оны өвөл хүндхэн болж, маш олон айл өрх зудад малаа алдсан. Хэрвээ та мартаагүй бол нийт нутаг дэвсгэрийн 80 хувь нь зудтай өвөлжиж, малчдад туслах аян орон даяар өрнөж байсан. Үүний сөрөг үр дагавар өнөөдөр ч үргэлжилж, үхрийн мах кг нь 24 мянган төгрөг болж, энэ салбарт ажиллах хүчний оролцоо 27 мянгаар буурсан.  Одоо хүнсний барааны  өсөлтөд мах, гурил, сүү тэргүүлэх үүрэгтэй байна. Энэ бол манай оронд уур амьсгалын өөрчлөлт яаж нөлөөлж байгаагийн хамгийн сүүлийн жишээ. 

Тэгвэл Африкийн орнуудад  хүн амынх нь амьжиргааных нь гол эх үүсвэр болсон арабика кофены үрийн талбай ганд өртөж, ургац алдсан. Ганцхан Африкт биш Бразилд, Вьетнамд яг ийм үйл явдал болж өнгөрсөн.  

Үүнээс шалтгаалан арилжаагаар нэг тонн арабика сортын үр 9521 ам.долларт хүрч, ханш нь түүхэн дээд түвшинд хүрсэн.  Хөрөнгө оруулагчдын дунд эрэлт өсдөг тавдугаар сард нийлүүлэгдэх тус сортын кофены фьючерс үнэ 6.9 хувиар өсөж, нэг тонн нь 9348 ам.долларт хүрсэн байна. Ингээд шинжээчид Арабика кофены 2025-2026 оны ургац 11 хувиар буурна гэж “StoneX”-ийн тооцоололд багтжээ. Үүний шалтгаан дахиад л дэлхийн дулаарал юм. Одоо таван сараас таны худалдан авах аяга кофены үнэ ойролцоогоор хаанаас авснаас шалтгаалан 5-8 хувийн илүү мөнгө төлнө. 

Дараагийн жишээ:

Солонгост байцай үнэд орж, өмнө нь хэнд ч анзаарагддаггүй байсан энэ ногооны эрэлт маш их өссөн. Үүнээс шалтгаалан, хоолны газрууд байцайны хачраа хоолны захиалгаас хасах эсвэл, үнээ нэмэх, хэмжээгээ багасгах арга хэмжээ авч эхэлсэн. Бүр кимчиний үнэ өсөж, хүнсний бүлгийн инфляцад байцайны үнийн өсөлт анх удаа нөлөөлсөн. Үүний шалтгаан бас дахиад л ган болж, ус их шаарддаг энэ ногооны ургац алдсантай холбоотой.

Одоо танилцуулах баримт Японд цагаан будаа ховордож, эрэлт нь үнийг өсгөж орхижээ.

Япончуудын хооллолтыг цагаан будаагүй төсөөлөх аргагүй. Гэтэл цагаан будаа лангуунаас гэрлийн хурдаар зарагдаж, эсвэл үнэ нь өсөж, ховордож эхэлжээ. Засгийн газар нь арга барахдаа улсын нөөцөөсөө ихээхэн хэмжээний цагаан будааг худалдаанд гаргахаар шийдвэрлэжээ.

Нийтдээ 210 мянган тонн нөөцийн будаа зах зээлд гаргах гэж байна.

Будааг тендер зарласны дараа гуравдугаар сарын дундуур бөөний худалдаачдад хүлээлгэн өгнө. Ингээд гуравдугаар сарын сүүл үеэс дөрөвдүгээр сарын эхэн үеийг хүртэл дэлгүүрүүдийн лангуун дээр гарах төлөвтэй байна. Эхний ээлжид 150 мянган тонныг худалдаанд гаргах юм.

2023 оны зун хэт халж, ургац муудсан. Мөн гадаадын жуулчдын тоо огцом нэмэгдсэн нь рестораны будааны хэрэглээг өмнөхөөс өсгөж орхисон байна. 

Энэ бүх баримтаас үзэхэд дэлхийн бүх улсад уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж, эдийн засгийг өөрчилж байна. Ялангуяа ХАА-н салбарт яагаад хүмүүс ажиллахаас халгаж, хот суурин газар руу шилжээд байгаа нь ган гачиг, зуд болж таарсан. Тосгон, манайд бол хөдөө залуусгүй болж, хотын дэд бүтэц энэ механик өсөлтийг дааж чадалгүй, нийгмийн бусад салбар нь ч дагаад хямардаг үзэгдэл ганц Монголд гэлгүй дэлхийн ихэнх улсад гарч л байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *