Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо

0

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.04.14/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг сонсов.

Энэ талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 153 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн өмчийн хорооны даргын 2009 оны  11 дүгээр сарын 23-ны өдрийн 333 дугаар тушаалаар Ажлын хэсэг байгуулагдсаныг дурдаад тус Ажлын хэсгээс “Кью Эс Си” ХХК-ийг “үйлдвэр болон ил уурхайд зэрэг хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэн гаргах бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, мөн тус үйлдвэрийн эзэмшлийн төмрийн хүдрийн ордуудаас болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хувьцаанаас ямар нэг хувь эзэмшихгүй, үндэсний компани” гэсэн үндэслэлээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг концессын гэрээгээр хувьчлах сонгон шалгаруулалтад санал болгосон байдгийг онцлов.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концессын гэрээг байгуулах эрхийг Эдийн засгийн хөгжлийн сайдад олгож, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг концессын гэрээний хугацаанд “Кью Эс Си” ХХК-д шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хороонд үүрэг болгосны дагуу Төрийн өмчийн хорооны 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 155 дугаар тогтоолоор “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью Эс Си” ХХК-д шилжүүлсэн байна гэв. 

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Концессын гэрээ цуцлах тухай” 148 дугаар тогтоол болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью Эс Си” ХХК-аас буцаан шилжүүлэн авах тухай” 123 дугаар тогтоолоор “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн концессыг хүчингүйд тооцож төрийн өмчид буцаан авах шийдвэр гаргасан гэв.

Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн 2014-2021 оны үйл ажиллагаанд Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газраас хамтарсан хяналт шалгалт хийсэн бөгөөд хяналт шалгалтаар “Кью Эс Си” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д хөрөнгийн удирдлагын эрхийг хэрэгжүүлэхдээ концессын гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй, олон зөрчил гаргаж, нийт 1,233,781,640,000.00 төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон. Дээрх хяналт шалгалтын дүнтэй холбогдуулан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-тай холбоотой нийт найман хэрэг шүүхийн байгууллагад хянагдаж байгааг Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан мэдээлэлдээ дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, О.Цогтгэрэл, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, С.Одонтуяа, Х.Ганхуяг нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүд Дарханы төмөрлөгийн үйлдвэр цаашид бизнесийн зарчмаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой эсэхийг тодруулахын зэрэгцээ уурхайн сул зогсолтын улмаас ажилчид нь цалин, орлогогүй болсон талаарх иргэдийн гомдлыг уламжилж байлаа. Мөн Засгийн газраас төр бизнесийн үйл ажиллагаа явуулах хүрээ хязгаарыг хумих, хувийн хэвшлээ дэмжих бодлого баримталж буй эсэх талаар илүүтэй  лавлаж байв.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав хариултдаа, Тус үйлдвэр 2022 оны 04 дүгээр сард төрд шилжсэнийг дурдаад одоогийн байдлаар 1524 ажилтан ажиллаж байгаа бөгөөд цалинг нь 38 хувиар нэмээд байна. Дундаж цалин ойролцоогоор 2 сая гаруй төгрөг байгаа. Нэг удаа ч цалин, орлого тасраагүй, улмаар хоёрдугаар сарын сүүлээр 13 дахь цалин өгсөн гэв. Мөн тэрбээр “Сул зогсолтод 280 хүн байна. Өмнө нь оргил үед 564 хүний сул зогсолт гарч байсан. Өнгөрсөн жилийн байдлаар есөн сар хүртэл сард 3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол аравдугаар сард би ажлаа авснаас хойш оны эцэст 1.5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Оны эхний улиралд хамгийн багадаа долоон тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна” хэмээн хариулав.

Харин Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хариултдаа, төр бизнесийн үйл ажиллагаанаас богино хугацаанд татгалзах нь Засгийн газраас баримталж буй гол бодлого гэдгийг тэмдэглэв. Мөн  тэрбээр “Өнөөдөр төрийн өмчит хязгаарлагдмал болон хувьцаат компани, газар зэрэг нийт 119  байгаагийн 107 нь нийслэлд, 22 нь дүүргүүдэд байна. Засгийн газар энэ онд эдгээр төрийн өмчит болон орон нутгийн өмчит газруудыг үйл ажиллагааных нь чиглэлээр нэгтгэж, цөөлөх бодлого баримтална. Түүнчлэн зайлшгүй төрд байх шаардлагагүй компаниудыг татан буулгах ажлыг богино хугацаанд зохион байгуулахаар төлөвлөсөн. Бидний тооцоолсноор 30-40 хувиар тоог нь цөөрүүлэх, улмаар компанийн засаглалыг сайжруулах, төлөөлөн удирдах зөвлөлийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгодог болох зэрэг ажлуудыг эрчимтэй явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Монголын төр жилдээ 12 орчим их наяд төгрөгийн худалдан авалт хийж байгаагийн 7 орчим нь төрийн өмчит компаниудын үйлдвэрлэлтэй шууд холбогдож байгаа учраас үүнийг хувийн хэвшилд шилжүүлэх ажил байна” хэмээн хариулж байв.  

Хуралдааны төгсгөлд асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Дарханы төмөрлөгийн үйлдвэр 1990 онд Японы ард түмний хөрөнгөөр байгуулагдаж, 1994 онд ашиглалтад орж байсныг дурдаад өнөөдөр 100.0 мянган тонны цувималын үйлдвэрийн 25-хан хувийг ашиглаж байгаа атлаа асар их хүдэр олборлоод байна. 1650 хүний орон тоотой уг үйлдвэрийн 280 хүн нь сул зогсож байгаа зэрэг тулгамдсан асуудал их байна. Тиймээс “Монгол ган цогцолбор-I” хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай гэж байлаа. Мөн ойрын хугацаанд 3 сая тонн хүдрийн баяжмалыг тээвэрлэх, цахилгаан хангамж, хаягдал төмрийн менежментийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг дурдаад цаашлаад уг үйлдвэрийг олон нийтийн болгох, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх замаар ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд үйлдвэрийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүсийг анхаарч ажиллахыг хүслээ.

Үүгээр хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *