Б.Бат-Эрдэнэ: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1.2 сая мод тарьж ургуулахад хамгийн багадаа ₮10 тэрбум шаардлагатай
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн өнөөгийн байдлын талаарх мэдээлэл сонсов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Тэрбум мод” хөтөлбөртэй уялдуулаад жимсний мод тарих бодлогыг хэрэгжүүлж байгаа эсэх талаар асуулаа.
Түүний асуултад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Жимс жимсгэний мод тариалалттай холбоотой ажлыг 2022 оноос эхлүүлсэн. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 500 өрх жимс жимсгэний модыг ургуулах ажлыг хийж байна. Уг ажил дутуу байгаа. Нийслэл дүүргийн зүгээс дэмжлэг үзүүлэх шаардлагатай.
Цэцэрлэгт хүрээнд 973 га газраас 185 га газар төлөвлөлтөд орсон. Үлдсэн 700 гаруй га газар төлөвлөлтөд ороогүй байгаа. Цэцэрлэгт хүрээлэнд 1.2 сая модыг тарьж ургуулахад хамгийн багадаа 10 гаруй тэрбум төгрөг шаардлагатай.
130 орчим сая модыг суурин газарт тарьж ургуулсан байх ёстой гэдэг тооцоолол гарсан. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн тарьж ургуулахаар амлалт авсан 100 сая модны 10 саяыг нь Эрдэнэт хотын суурьшлын бүсэд тарих чиглэлийг өгсөн. “Тэрбум мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ аль болох мод тайрахгүй, шилжүүлэхгүй байх асуудлыг хөндөж байгаа.
Тодорхой бүсэд мод тайрахыг бүрэн хориглохоор судалгааны ажил явагдаж байна. Өнөөдрийн байдлаар 120 орчим аж ахуйн нэгжид самар бэлтгэх зөвшөөрөл олгосон. Тухайн зөвшөөрлийг эргэж хянах чиглэл өгөөд байна. 18 ААН-ийн зөвшөөрлийг хүчингүй болгосон.
Цаашид хуш модны тухайд бэлтгэлийн ажил хийдэг ААН-ийн зөвшөөрлийг цуцална. Боловсруулаад экспортолж буй үйлдвэрүүдэд зөвхөн зөвшөөрөл олгоно. Цаашид үйлдвэрийн шинж чанартай үйл ажиллагаа, нэмүү өртгийг дэмжинэ” гэдгийг хэллээ.