ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН ААВ ХҮҮ, АХ ДҮҮС
Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хурал эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Шүүх хурлын даргалагч шүүгчээр Ж.Болдбаатар ажиллаж байгаа бөгөөд уг хэрэгт 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдэн шалгаж буй. Тэгвэл хэрэгт холбогдсон хүмүүс албан тушаалын хамаарал бүхий хүмүүсээс гадна аав хүү, ах дүүс байгаа юм. Иймд уншигч та бүхэнд нэг гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийг хөгжлийн банкны хэрэгт хэрхэн холбогдсон болохыг танилцуулж байна.
Нэг. Ёндонпэрэнлэйн Баатарбилэг, Ёндонпэрэнлэйн Доржсумъяа
Хөгжлийн банкны хэрэгт УИХ-ын гишүүн Ёндонпэрэнлэйн Баатарбилэг яллагдагчаар татагдаад байгаа. Түүнийг “улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах”, гэмт хэрэгт тус тус холбогдуулан шалгаж байгаа. Мөн түүний охин дүү Ёндонпэрэнлэйн Доржсумъяа “гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй.
- Тухайлбал, Ё.Баатарбилэг нь 1975 онд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн. Түүхч археологич мэргэжилтэй тэрбээр Архангай аймгаас хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Түүнийг хөгжлийн банкны хэрэгт “улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах”, гэмт хэрэгт тус тус холбогдуулан шалгаж байгаа юм.
- Харин түүний охин дүү Ё.Доржсумъяа нь 1979 онд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төржээ. Тэрбээр англи хэлний багш мэргэжилтэй. Түүнийг хөгжлийн банкны хэрэгт “гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй.
Хоёр. Гочоосүрэнгийн Байгалмаа, Гочоосүрэнгийн Санжмятав
Хөгжлийн банкны хэрэгт Гочоосүрэнгийн Байгалмаа яллагдагчаар татагдсан. Тэрбээр Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан бөгөөд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүн юм. Мөн энэ хэрэгт түүний дүү Гочоосүрэнгийн Санжмятав яллагдагчаар татагдаж, “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй.
- Тухайлбал, Г.Байгалмаа нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. Хуульч мэргэжилтэй. Түүнийг “хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах”, “мөнгө угаах”, “хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан шалгаж байгаа юм.
- Харин түүний дүү Г.Санжмятав нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. Цахилгааны инженер мэргэжилтэй. Түүнийг “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан шалгаж буй.
Гурав. Бэгзжавын Цэрэндаваа, Цэрэндаваагийн Баатарбилэг
Хөгжлийн банкны хэргийн 84 яллагдагчийн хоёр нь аав хүү хоёр байгаа. Энэ бол “НВЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэг, түүний аав Б.Цэрэндаваа нар юм. Хүү Ц.Баатарбилэг нь “НВЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бол аав Б.Цэрэндаваа нь тус компанид зөвлөхөөр ажилладаг аж. Тэднийг хөгжлийн банкны хэрэгт “гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх”, “хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан шалгагдаж байгаа юм.
- Тухайлбал, Б.Цэрэндаваа нь 1952 онд Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн. Мал зүйч мэргэжилтэй. “гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
- Харин түүний хүү Ц.Баатарбилэг нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Электроникийн инженер мэргэжилтэй. “НВЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Түүнийг “хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан шалгаж буй.