Т.Бадамжунайг мөнгө угаах, хахууль өгсөн хэргээр яллагдагчаар татан шалгаж байна
Нийслэлийн прокурорын газраас хянасан зарим хэргийн шийдвэр, явцын талаар мэдээлэл өглөө.
-УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны дэд дарга С.Батдөлийн гэрээс болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөг илэрсэн. ЭЦА-ны Эдийн засагтай тэмцэх газар шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Шалгалтын явцад авлига албан тушаалын байдлаа ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учраас тус хэрэгт АТГ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Ингээд хамтарсан баг шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөрдөн шалгах ажиллагаа дуусах дөхөж байгаа.
-Гацуурт ХК-ийн ерөнхий захирал Л.Чинбаттай холбоотой хэрэг ЭЦА-ны Эдийн засагтай тэмцэх газарт шалгагдсан. Нийслэлийн прокурорын газарт хянагдаж хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан. Тогтоолыг оролцогчид хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрх нь нээлттэй.
-Т.Бадамжунай гэх хүний хэрэгт АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль өгөх гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдуулан яллагдагчаар татаж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шалгалтын ажиллагаа явагдаж байна.
-Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэрэг Тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Гадны тагнуулын албатай хамтран ажилласан гэдэг хэрэгт холбогдуулж эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссан. Тагнуулын байгууллагаас шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт ирүүлсэн. Прокурор хянаж үзээд шүүхэд шилжүүлсэн байгаа. Шүүх гэм буруугийн хуралдаан зарлахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл гэм буруугийн шүүх хуралдаанаас тус хүнийг буруутай үгүйг тогтоох юм байна.